Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсаныг тохиолдуулан тус улсын Дебрецений их сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй Ц.Ханбогдтой ярилцлаа.
YOLO: Сайн байна уу? Юун түрүүнд Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, хүссэн сургуульдаа сурч байгаад тань баяр хүргэе. Сургуулиа танилцуулаач.
- Сайн байна уу? Би өөрийгөө Унгар улсын хамгийн гоё сургуульд сурдаг гэж боддог. Миний сурч буй Дебрецений их сургууль нь улсынхаа хоёр дахь том хот болох Дебрецен хотын зүүн хэсэгт байрладаг. Сургалтын чанараараа улсынхаа топ таван сургуулийн нэг болсон, 5,000 гаруй олон улсын оюутантай сургууль. Сургуулийн гадаах орчин нь зүгээр л сүрдмээр. Зүйрлэж хэлбэл АНУ-ын Цагаан ордон шиг бүтэцтэй.
YOLO: Энэ тэтгэлгийг сонгож материалаа илгээх болсон шалтгаанаасаа хуваалцаач.
- Би есдүгээр ангиа төгсдөг жилдээ Япон улс руу явж байсан юм. Хилийн дээс алхсан цагаас эхлээд биеэ дааж, мөнгөө хэрхэн зарцуулах талаар ихийг сурсан. Яг ахлах ангид ордог жилдээ яваад ирсэн болохоор цаашид илүү хичээх хүсэл тэмүүлэлтэй болсон гэх үү дээ. Бас би дунд ангид байхаасаа л ирээдүйд Европт сурна гэж төлөвлөж ирсэн учраас нийгмийн идэвх, хэлний оноо зэрэг шалгууруудад эртнээс бэлдсэн. Ер нь зорилгоо эртхэн тодорхойлоод, түүн рүүгээ алхам алхмаар ойртох нь тохиромжтой санагдсан.
YOLO: Тэтгэлгийн талаар анх хаанаас мэдээлэл авч байсан бэ?
- Унгар улсын Засгийн газрын тэтгэлгийг анх найзаасаа сонсож мэдсэн. Уг тэтгэлэгт сургалтын төлбөр, байрны төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, онгоцны ирж буцах тасалбар зэрэг багтдаг.
YOLO: Тэтгэлэгт материалаа бүрдүүлэх үеийн дурсамжаасаа хуваалцаач.
- Хичээлийн дүн, нийгмийн идэвх, хэлний мэдлэг зэрэг шалгуур дээр хангалттай бол тэтгэлэг авах магадлал нь өндөр санагдсан. Бүх бичиг баримтаа англи хэл рүү баталгаат орчуулга хийлгэх, эмнэлгийн үзлэг шалгалтад орохоос эхлээд тэтгэлэгт материал бүрдүүлэхэд хугацаа их шаарддаг. Хэдийгээр би их олон жилийн турш гадаадад сурна гэж боддог байсан ч юу бүрдүүлдэг талаар ойлголт багатай байсан юм байна лээ. Бүтэн дөрвөн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн стипендийг зүгээр ч нэг олгохгүй. Жил ирэх тусам л хүнд хэцүүг нь ойлгож ирсэн. Шантрах үед ээж минь үргэлж “Миний хүү чадна” гэж хэлдэг байсан. Ер нь энэ тэтгэлгийг хүртэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол гэр бүл минь.
YOLO: Тэтгэлэгт тэнцсэн гэх хариуг сонсоод төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Маш гоё асуулт байна. “Accepted” гэсэн гарчигтай и-мэйл хүлээн авахад үнэхээр их баярласан. “Би авчихлаа гэж үү?”, “Дөрвөн жилийн сургалтын төлбөр, дээрээс нь нэмээд хичээлээ хийсний минь төлөө сар бүр стипенд өгнө гэж үү?” гээд их зүйл бодогддог юм байна лээ.
Миний хувьд дунд ангиасаа эхлэн “Өсвөрийн аврагч эмч”-ээр ажиллах болсон. Үүнээс гадна ахлах ангидаа нэгэн томоохон амжилтыг гаргаж байсан юм. Тухайлбал, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан “Азийн сайд нарын хурал”-д тавхан хүүхэд илтгэл тавих байсан бөгөөд тэдний нэг болж чадсан. Ер нь тэтгэлэгт материалаа өгөх эсэхээс үл хамааран сурагч бүр л нийгмийн идэвхтэй байх хэрэгтэй гэж боддог.
YOLO: “Азийн сайд нарын хурал”-ын талаар уншигчдад маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
- 2018 онд манай улсад гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Азийн сайд нарын бага хурал” зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Ази тивийн бүхий л улсын сайдууд Монголд ганцхан удаа цугларах уулзалт байсан юм. Харин миний хувьд хэдий улсын хэмжээнд биш ч сургууль болон дүүргийнхээ англи хэлний тэмцээн уралдаан, олимпиадад оролцож тэргүүн, дэд байрын эзэн болж байсан тул сургуулиас нэрийг маань дэвшүүлж, цаашлаад англи хэлний яриа болон бичгийн шалгалт өгсний дагуу шалгарсан.
YOLO: Мэдээж Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахад энэ ур чадвар чинь нөлөөлсөн байх? Англи хэлний ур чадвараа хэрхэн хөгжүүлдэг байв?
- Би бага байхаасаа л англи хэл дээр ном уншиж, тоглоом тоглож, кино үздэг байсан. Ах нар маань хоорондоо англиар ярьдаг байсан нь мөн ихээр нөлөөлсөн байх. Ер нь Монголчуудын аливаа хэлийг сурах чадвар өндөр санагддаг. Их оюуны бядтай гэх үү дээ.
Хэдийгээр англи хэлний чадвар маань “давгүй” байсан ч яг түвшин тогтоох IELTS шалгалтад бэлдэхэд академик ур чадвар маань тааруу байсан. Ингээд бүтэн жил бэлдсэний үр дүнд 7.0 оноо авсан. Гэхдээ тэтгэлгийн хувьд зөвхөн хэлний ур чадвараас гадна олон зүйл дээр анхаарах хэрэгтэй. Дүнгийн голч, нийгмийн идэвх, хамгийн гол нь эрүүл бие. Монголд байхдаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт орж, “эрүүл” гэсэн тодорхойлолт авсан ч Унгар улсад ирээд дахиад л үзлэгт орсон. Унгарт эрүүл мэндийн асуудал гарвал тэтгэлэг шууд л цуцлагддаг учраас эрүүл мэнддээ сайн анхаараарай гэж зөвлөе.
YOLO: Ярианаас нь сонсоход нийгмийн идэвх сайтай сурагч байжээ. Ахлах ангийн сурагчдад зориулан “Ахлах ангид суралцах хугацаандаа үүнийг л хийж амжуулаарай” хэмээн зөвлөгөө өгвөл?
- Би гэрээсээ өглөө гараад орой ирдэг сурагч байсан. Хичээлээс гадна сагсан бөмбөг, шатар, теннис гээд бараг л бүгдийг нь туршиж үзсэн. Дуу дуулж ч үзсэн. Гэхдээ багш маань намайг битгий дуулаарай гэсэн л дээ /инээв/. Ахлах ангиа төгсөхөөсөө өмнө ямар нэгэн клубт явж, нийгмийн идэвхтэй байгаарай гэж хэлмээр байна. Мөн хамгийн чухал нь аливаа зүйлсийг хослуулах ур чадвар. Хичээлээ хийх үедээ хийдэг, найз нөхөд болон гэр бүлийнхэндээ цаг гаргадаг, бие махбод болон тархиа хөгжүүлдэг байгаарай гэж хэлье.
YOLO: Одоо ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Унгарт ирээд улс улсын найзуудтай болсон. Тэдэнтэйгээ л цагийг өнгөрөөж байна даа. Унгар улс Шенгений орны нэг болохоор Итали, Франц гээд Шенгений бусад улсаар аялахад зардал нь харьцангуй хямд. Тиймээс амралтаараа цаг зав, аяллын зардал зэргийг тооцоолж байгаад ойр тойрны үзэсгэлэнт хотуудаар аялж байна.
YOLO: Чиний бодлоор Унгарт сурах нь ямар давуу талтай вэ?
- Дээр дурдсанчлан хамгийн том давуу тал нь Шенгений орон. Тэтгэлэг аваад энд ирж чадах л юм бол Европын холбооны улсуудаар хямд зардлаар аялах боломжтой. Мөн боловсролын тал дээр маш их анхаардаг улс. Сургалтын систем сайнаас гадна Засгийн газар нь олон улсын оюутнуудыг дэмжиж, тэтгэлэг олгож байгаа нь их таалагддаг. Монголд байгаа танилууд маань өдөржин хичээл хийдэг гэж сонссон. Энд хичээлээ тэгж их дарамттайгаар хийх шаардлагагүй, уян хатан байдаг.
YOLO: Дебрецений их сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Энэ мэргэжлийн сонгох болсон шалтгаан нь юу вэ?
- Би багаасаа л дипломатч эсвэл эмч болно гээд боддог байлаа. Тэгээд нэгэнт л энэ хоёр мэргэжлийг хослуулах боломжгүй учраас эмч болно гээд шийдчихсэн байсан. Харин ахлах сургуулиа төгсөх жилээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг судлах болсон. Энэ мэргэжил нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг цогц ур чадварыг эзэмшдэг мэргэжил.
YOLO: Мэргэжлээ сонгох, гадаадад суралцах гэж буй уншигчдад маань хандан өгч буй зөвлөгөөгөөр чинь ярилцлагаа төгсгөе гэж бодлоо.
- Мэргэжлээ сонгох тал дээр гэвэл эхлээд өөрийнхөө юунд дуртайгаа олж мэдсэний дараа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Үргэлж л бусадтай ярилцаж зөвлөлдөх хэрэгтэй. Мөн ганцаараа ажиллахаас илүүтэйгээр багаар ажиллах нь үр дүнтэй. Хэрэв энэ ярилцлагыг эцэг эхчүүд уншиж байгаа бол хүүхдээ үргэлж сонсож, урамшуулж, хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай.
Хэдийгээр би Унгар улс руу явахаасаа өмнө өөр улсад очиж үзсэн ч гэр бүлээсээ хол удаан байж үзээгүй юм байна лээ. Тэгээд л тэтгэлэгтээ тэнцчихээд явах гээд бэлтгэлээ хийж байх үед нэг зүйл бодогдсон. “Юу билээ?”, “Би чинь тэнд дөрвөн жил байх билүү?”, “Тэнд очоод амьдрах юм байна шүү дээ” гэж бодоод л шоконд орсон. Тиймээс гадаадад суралцахын хувьд бол ээж ааваасаа хол байж, ганцаараа бүгдийг болгох шаардлагатай тулгарах учраас сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх