“Утга зохиолын өнө мөнхөд тавтай морил, Лизбет Саландер!”
-Марио Варгас Лоза, El Pais
Шведийн нэрт сэтгүүлч, нөлөө бүхий феминист Стиг Ларссоны алдарт Милленниум цувралын эхний боть “Луун шивээст охин” монгол уншигчдын гарт очоод арван жил болжээ. Хэвлэл мэдээллийн салбарын буцалсан амьдрал, улс төр, эдийн засгийн ертөнцөд явагддаг далд нууц хуйвалдаан зэрэг үндэсний хэмжээний том сэдвийг ч хамрах энэхүү далайцтай бүтээл дэлхийн хамгийн их уншигдсан номуудын жагсаалтыг одоо ч түүчээлсээр.
Милленниум цувралд гардаг дүрүүд бодит амьдрал дээр байдаг мэт уншигчдын сэтгэлд хадагдах нь аргагүй.
Улс төрийн бодлогын золиос болж, бага наснаасаа сэтгэцийн эмнэлэгт хоригдсон, этгээд гаж хувцасладаг, улсдаа толгой цохих компьютерын хакер Лизбет Саландер. Сар тутмын Милленниум сэтгүүлийн үүсгэн байгуулагч, зуурч авсан сэдвийнхээ араас нойр хоолоо умартан махардаг сэтгүүлч Микаел Бломквист. Тэдний үүсгэсэн хачирхалтай нөхөрлөл гүнзгийрсээр хэний ч төсөөлөмгүй адал явдал руу шунгаж орхидог.
Романы үйл явдал Стиг Ларссоны минималист өгүүлэмжээр шил даран хурдтай өрнөх агаад, өдөр тутам болж буй энгийн л зүйлсийг ар араас нь тоочиж өгүүлсээр яваандаа уншигчийн сэтгэлийг эрхгүй эзэмдэнэ.
Дүрүүдийнхээ дотоод бодрол, сэтгэлзүйн зөрчил, дурсамж дурдатгалыг дэлгэрэнгүй хөврүүлдэг Орхан Памук, эсвэл хөндлөнгийн өгүүлэмж ашиглан дүрүүдийнхээ дотоод хүнийг илчилдэг Харүки Мүраками нараас тэс өөр арга барилыг зохиолч ашиглажээ. Зүгээр л ар араасаа залгасан үйл явдлуудын хүүрнэл, бас дахин хүүрнэл. Энгийн л хүүрнэлүүд сүлэлдсээр нэг мэдэхнээ та Шведийн аюулгүй албаны нууц тасаг дахь егзөр ажилтнуудтай, эсвэл ерөнхий сайд, үндсэн хуулийн хэрэгжилтийн дарга нартай хамт нэг өрөөнд аминд тулсан хэргийг шийдэхээр яриа өрнүүлэн суух вий.
Зохиолч гэхээс илүү сэтгүүлч Карл Стиг-Эрланд Ларссон 1954 оны наймдугаар сарын 15-нд Швед улсад мэндэлжээ. Тэрбээр амьдралынхаа туршид дэлхийн хоёрдугаар дайн болоод нацист бүлгэмүүдийн тухай нөр их судалгаа хийсэн нэгэн бөгөөд мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө хүчтэй үзэл бодлыг өөртөө төлөвшүүлсэн байлаа. Сэтгүүлзүйн салбарт нэрээ тамгалж байсан Ларссон амьдралынхаа сүүл хугацаанд “Expo” сэтгүүлийн эрхлэгчийн алба хашиж, үүнийхээ зэрэгцээ алдарт гурамсан романаа туурвижээ. Түүнийг Милленниум цувралаа 10 боть болгохоор төлөвлөж байсан гэдэг. Дөрөв, тавдугаар ботиудынх нь дуусаагүй бичвэрийг түүний хувийн компьютероос олсон байдаг. Стиг Ларссон гурамсан романыхаа эхийг хэвлэлийн газарт илгээчхээд, зохиолоосоо хүртэх алдар хүндийг үзэж чадалгүй 2004 онд зүрхний шигдээсээр насан өөд болсон юм.
Түүний зохиол 2005 онд Швед улсад хэвлэгдэж, улмаар 2008 онд нэрт орчуулагч Рэг Кийландын орчуулгаар Англи хэлт уншигчдын гар дээр очлоо. Нэгдүгээр боть болох Луун шивээст охин (Швед нэр нь “Mаn som hatar kvinnor” буюу “эмэгтэйчүүдийг үзэн яддаг эрчүүд”) хэвлэлтээс гарсан даруйдаа шуугиан тарьж, хоёр ч номинацын эзэн болж байсан юм.
ЛУУН ШИВЭЭСТ ОХИН
Лизбет Саландер нийгмээс гадуурхагдсан нэгэн. 25 настай, нас бие гүйцсэн эмэгтэй хэдий ч өсвөр насны охин шиг туранхай жижигхэн биетэй. Этгээд гаж рок хувцаслалттайн дээр бие дээрээ олон шивээс хийлгэсний дотор нуруун дээрх луун шивээс нь багтана. Иргэний тодорхойлолт дээр түүнийг оюуны чадавхгүй, сэтгэцийн өвчтэй нэгэн хэмээн тэмдэглэжээ. Гэвч үнэн хэрэгтээ тэрбээр дийлэнх хүмүүсээс илүү өндөр оюун ухааны чадвартай ба сэтгэцийн хувьд ч цоо эрүүл ажээ. Компьютер, мэдээллийн технологийг гарын таван хуруу шигээ мэддэг Лизбет аль ч сүлжээг хакердаж, хэнбэгуайн ч тухай мэдээллийг хүссэн хэмжээндээ олж авч чадна. Уг чадвараа ашиглан, хувийн мөрдлөг хийдэг Милтон Секьюрити компанид гэрээт ажилчин хийгээд хэд гурван жилийн нүүрийг үзэж буй.
Улсаас түүнд томилж өгсөн шинэ асран хамгаалагч нь түүнийг сэтгэцийн гажигтай хэмээн дорд үзээд зогсохгүй бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг оролдоно. Харин Лизбет ийм юманд бууж өгөх нэгэн биш бөгөөд, түүний амьдралыг бүрэн сүйрүүлж чадах төлөвлөгөө боловсруулж, атгандаа оруулж дөнгөнө. Зүрхний шигдээс болсон өмнөх асран хамгаалагч Холгер Палмгрен бүсгүйг ойлгож, итгэдэг байгаагүй бол, түүний төлөө шүүхийн өмнө үг хэлж өмгөөлөөгүй бол Лизбет одоо ч сэтгэцийн эмнэлэгт хоригдож байх учиртай байжээ. Бүсгүйг тийнхүү бодит байдлаас зориуд гажуудуулан, харлуулах ямар шалтгаан байсан байж болох вэ?
Нэгэн удаа Лизбет Саландер өв залгамжилсан “Вангер” корпорацын эзэн, наян насны босгыг аль хэдийнээ давсан Хенрик Вангерийг хагас зуун жил сэтгэлийнх нь мухраас зовоож буй хэргийг мөрдөхөөр сэтгүүлч Микаел Бломквисттэй хамтрахаар болно. Сар тутмын Милленниум сэтгүүлийн үүсгэн байгуулагч, чадварлаг, нэртэй эрэн сурвалжлах сэтгүүлч Микаелын хамт 50 жилийн өмнө ор сураггүй алга болсон Харриет хэмээх охины, илрэх ямар ч боломжгүй гэмээр хэргийн араас мөшгөж, үнэн мөнийг олж чаддаг. Харин эцэст нь хэнд ч сэтгэлээ нээдэггүй, бүрэг дуугүй, шулуун шударга зантай Лизбет Саландер, сэтгүүлч Микаел Бломквистэд сэтгэлтэй болж орхидог нь түүний хувьд үзэн ядмаар зүйл мэт санагдана.
Лизбет эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн хэрэг явдал бүрд зүрхнийхээ мухраас дургүй. Эмэгтэй хүмүүсийг бие махбодын сул доройг далимдуулж дээрэлхэн хүчирхийлэл үйлдсэн эрчүүдийг бүсгүй олж мэдэх л юм бол хариуг нь барихаар ханцуй шамлахаас буцахгүй. Микаел Бломквистийн хамт мөрдөж асан Харриет Вангер ч бага насандаа эцэг, ах хоёрынхоо эцэс төгсгөлгүй бэлгийн дарамт, хүчирхийллээс болж ор мөрөө баллан зугтсаныг мэдээд уушги нь сагсайжээ. Юу түүнийг энэ сэдэвт ийм эмзэг болгож орхисон юм бол?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх