"Ирээдүй рүү буцсан нь" киноны гол дүрийн жүжигчид уулзсан нь олны сэтгэлийг хөдөлгөв


Сондор | YOLO.MN
2022-10-13

80-90-ээд оны үед "Ирээдүй рүү буцсан нь" кино үзэгчдийг байлдан дагуулж байсан. Хэрэв та өдгөө 30-40 настай бол хүүхэд насандаа энэ киног шимтэн үзсэн л байх учиртай. Тус киноны гол дүрийн жүжигчид болох Майкл Ж.Фокс, Кристофер Ллойд нарын уулзалтад киноны шүтэн бишрэгчдийн сэтгэл хөдөлж, сошиал орчинд баярын зурвасууд хөврөв.

Тэд саяхан Нью-Йоркийн комикс шоунд хамтдаа оролцсон бөгөөд тэд уулзахдаа биесээ халуун дулаанаар тэврэхэд хүрэлцэн ирсэн хүмүүс алга ташин баярлаж байв. Майкл Ж.Фокс салгалдаг өвчтэй болсон тул үүнийг нь мэдээгүй хүмүүс цочирдон хүлээж авчээ.

Тэд шүтэн бишрэгчдийнхээ асуултад хариулж, сонирхолтой яриа өрнүүлжээ. Майкл Ж.Фокс санамсаргүй байдлаар цаг хугацаагаар аялсан өсвөр насны Марти Макфлайгийн дүрд тоглохоор төлөвлөж байсан анхны жүжигчин биш байжээ. Энэ дүрд анх Эрик Стольцыг сонгосон байсан ч найруулагч болон бусад хүмүүс Стольцыг дүрд тохирохгүй гэж үзэн хэдэн долоо хоногийн зураг авалтын дараа өөр жүжигчний эрэлд дахин гарсан юм.

Тэд тус кинонд хамтран ажиллахаасаа өмнө бие биеэ мэддэггүй байсан ч Фокстой ажиллах нь гайхамшигтай туршлага байсан гэж Ллойд өнгөрснөө дурсав.

1985 онд нээлтээ хийж, хоёр цувралыг бүтээсэн "Ирээдүй рүү буцсан нь" кино нь түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн киноны нэг болсон юм. Тэднийг дахин уулзсанд киног нь үзэх дуртай хүмүүс болон сошиал хэрэглэгчид баярлаж, талархлын зурвасууд олноор нь бичжээ.

“Хэрвээ та 1985 онд өсвөр насны хүүхэд байсан бол Майкл Ж.Фоксыг танихгүй байна гэж байхгүй” гэж нэгэн хүн жиргэжээ. Мөн  "Марти Макфлай бол кино урлагийн түүхэн дэх хамгийн гайхалтай өсвөр насны хүүхэд. Түүнийг Кристофер Ллойд ингэж тэврэхийг харах нь үнэхээр сайхан байна" гэжээ. Мөн “"Ирээдүй рүү буцсан нь" киноны гайхалтай жүжигчид үргэлж миний зүрх сэтгэлд байдаг, байсаар ч байх болно” гэж өөр хэн нэгэн бичжээ.

"Паркинсоны өвчин буюу Паркинсоны синдром /ярианы хэлэнд Салгалдаг өвчин гэдэг/ нь мэдрэлийн эс алгуур алдагдах өвчин ба булчингийн хөдөлгөөн, тэнцвэржилт, хяналтад нөлөөлдөг төв мэдрэлийн тогтолцооны доройтлын эмгэг юм."

61 настай Фокс 2020 онд Паркинсоны  /салгалдаг/ өвчинтэй холбоотойгоор ой тогтоолтын чадвар нь муудсанаас болж жүжигчний мэргэжлээс зодог тайлж буйгаа зарласан. Мөн тэрээр эмчилгээний аргыг олох судалгааг санхүүжүүлэх зорилгоор Майкл Ж.Фоксын санг байгуулсан. Түүнд энэ өвчин оношлогдоод гуч гаруй жил болж байгаа аж.

Эх сурвалж: Today

#Кино урлаг