Өмнөд Солонгос Улсын томоохон сүлжээ кинотеатраар түүдэг гал дүрэлзэж буй бичлэгийг толилуулахаар болсон нь интернэт орчинд шуугиан тариад байна.
“COVID-19” цар тахлын улмаас хүмүүс гадуур явж, кинотеатрт очихын оронд гэртээ кино үзэхийг илүүд үздэг болсон өнөө үед үзвэр үйлчилгээний байгууллагууд хүнд хохирол амсаад байгаа билээ. Тэгвэл Өмнөд Солонгос Улсдаа томд тооцогддог “Megabox” сүлжээ кинотеатраар байгальд түүдэг гал дүрэлзэж буй үзэгдлээс өөр ямар ч үйл явдал гарахгүй 31 минутын урттай бичлэгийг толилуулахаар болжээ.
“Түүдэг гал” нэртэй энэхүү үзвэр маргааш буюу тавдугаар сарын 19-нд нээлтээ хийх хэдий ч энэ тухай мэдээлэл гарснаас хойш ердөө гурав хоногийн дотор суудлын захиалга нь дүүрсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Үзвэрийн тасалбарын үнэ 6,000 вон буюу монгол төгрөгөөр 15,000₮ байх аж.
Түүнчлэн тус улсад ямар ч дүрс, чимээгүй телевизийн суваг, юу ч хийхгүй суух тэмцээн, их сургуулийн лекцийн эхний таван минутад далайн давлагааны чимээ сонсох зэрэг хачирхалтай үйл ажиллагаанууд ихээр зохион байгуулагдах болжээ. Ёнсэй Их Сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн профессор Ий Дун-ги "Гал шиг алгуурхан хөдөлдөг ямар нэг зүйлийг удаан ширтэж суух нь бясалгал хийсэн юм шиг мэдрэмж төрүүлж, оюун санааг тайвшруулдаг" гэжээ. Харин нөгөө талаас “худлаа маягласан”, “мөнгөө үрж ядсан орчин үеийнхэн” гэх сэтгэгдэлтэй хүмүүс ч байгаа аж.
Уншигч танд боломж байвал зөвхөн түүдэг гал дүрэлзэж буй бичлэгийг ийм үнээр, ийм орчинд үзэх байсан уу?
Эх сурвалж: Chosun
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх