ЗАХИДАЛ: Үнэндээ намайг ашиглаад байх шиг


ССҮТөв | YOLO.MN
2019-01-23

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Үнэндээ намайг ашиглаад байх шиг

Сайн байна уу? Намайг Тэнүүн гэдэг. 7-р ангийн сурагч. Ойрын үед би ерөөсөө найзтайгаа ойлголцохоо байлаа. Юм л бол намайг дутуу үнэлээд, “Чи чадахгүй, чи ингэхгүй” гэх мэтээр доромжилдог боллоо. Үүнийг ч би нэг их тоодоггүй. Харин амласан амлалтдаа ерөөсөө хүрэхгүй юм. Ямар нэгэн үйл ажиллагаа болоход намайг дууддаггүй. Тэгээд тэнд очсон тухайгаа надад дандаа гайхуулж ярих болсон. Тэгсэн хэрнэ хичээл, шалгалтын үеэр надтай зүү орох зайгүй найзууд болчихно. Амралт эхэлсэнтэй холбогдуулаад ч тэр үү, намайг гарах уу гэж асуухаар чадахгүй, ажилтай, завгүй гэх мэтээр шалтаг тоочно. Гэхдээ тэр үед найз маань өөр нэг хүүхэдтэй гарчихсан л байдаг. Үнэндээ намайг яг ашиглаад байх шиг санагдаад байна. Би яах ёстой вэ? Найзын холбоогоо таслах уу? Эсвэл эвлэрэх үү?

ЗӨВЛӨГӨӨ: Авахыг нь аваад, хаяхыг нь хаядаг байгаарай

 Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Та хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцохоор зүйл болсон уу? Найз чинь чамтай өмнөхөөсөө өөрөөр хандахад нөлөөлсөн үйлдлийг чи хийсэн болов уу гэдэг тал дээр бодож үзсэн үү? Мөн амласан амлалтдаа ердөөсөө хүрэхгүй байна гэсэн байна. Найз нь яг хэдэн удаа, юу гэж амлаад эргээд түүндээ хүрэхгүй байгаа вэ?      

Чөлөөт цагаа хамт өнгөрүүлэхгүй байгаагийн хувьд та хоёрын сонирхол ер нь хэр таардаг вэ? Хамтдаа хийдэг сонирхолтой зүйлс юу, юу байдаг вэ? гэх мэт эдгээр зүйлсийн талаар сайн бодоод, мөн найзыгаа хичээл дээр л зөвхөн намайг ашиглаад байна гэж бодохгүйгээр, харин би найздаа ямар байдлаар илүү тусалж чадах вэ гэж бодоод харилцаад үзээрэй. Сүүлд нь хэлэхэд чиний өөрийн үнэлэмжид бусдын санаа бодол шууд нөлөөлөх биш, тэднээс авахыг нь аваад, хаяхыг нь хаядаг байгаарай гэж зөвлөмөөр байна. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter