Кпопын эргэн тойронд: CHEN-ийг EXO хамтлагаас гарахыг шаарджээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-01-22

Yolo.mn сайтын зүгээс Кпоп хөгжим сонсогч залуустаа зориулан сүүлийн үед Кпоп ертөнцөд өрнөж буй шинэ содон үйл явдлыг багцлан хүргэж байна. 

ШҮТЭН БИШРЭГЧИД НЬ CHEN-ИЙГ EXO ХАМТЛАГААС ГАРАХЫГ ШААРДЖЭЭ

EXO хамтлагийн гишүүн Chen нэгдүгээр сарын 13-нд тун удахгүй хуримаа хийж "аав" болох гэж буйгаа мэдэгдсэн билээ. 

Уг мэдээг сонсоод түүний зарим шүтэн бишрэгчид чин сэтгэлээсээ халуун баярыг хүргэж байсан бол зарим нэг нь энэхүү үйл явдалд бухимдаж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал Өмнөд Солонгос улсын “EXO-L ACE” хэмээх шүтэн бишрэгчдийн клубээс #Chen_out гэх хаштаг уриалгыг эхлүүлж Chen-ийг хамтлагаасаа гарахыг шаардаж буй аж. Тэд EXO хамтлагийн харьяалагддаг "SM" энтэртайнментад хандаж:

- “Бидний зүгээс Chen-ий шийдвэрийг хүлээн авч чадахгүй. Түүнийг EXO хамтлагийн нэрээр үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж үзэж байгаа тул хамтлагаас гаргаж өгнө үү. Бид EXO хамтлагийг гарч ирснээс хойш шүтэн бишрэгчийн хувиар үргэлж энэ хамтлагийн нэр төрийг хамгаалсаар ирсэн. Тиймээс Chen-ийг хамтлагтаа үлдэх эрхгүй гэж бодож байна. Цаашид Chen-ийн оролцсон бүх үйл ажиллагааг бид эсэргүүцэх болно” гэжээ. 

Ийнхүү нэгдүгээр сарын 19-нд "SM" энтэртайнментийн үүдэнд EXO хамтлагийн шүтэн бишрэгчид Chen-ийг хамтлагаасаа гарахыг шаардаж суулт хийсэн байна. 

Ингэхдээ Chen-ий зурагт хуудас болон өөрсдийн цуглуулгуудаа авчирч шалан дээр хаясан байжээ. 

Гэсэн хэдий ч EXO хамтлагийн томоохон шүтэн бишрэгчдийн клубүүд мэдэгдэл хийж Chen-ийг хамтлагтаа үлдэх эрхтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тодруулбал EXO хамтлагийн “EXOglobal” клубээс:

- “Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг барьсан мэдээлэл оруулж байгаа тул бидний дуу хоолойг ч бас цааш дамжуулж өгнө үү. Бид EXO хамтлагийн бүх гишүүдийг дэмжих болно. Chen-ийг EXO хамтлагийн гишүүнээр үлдэж, цаашдын үйл ажиллагаанд оролцох ёстой гэж үзэж байна...” хэмээн мэдэгдэл хийжээ. 

TAEYANG: ‘БИ Ч БАС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ’

Дуучин Taeyang "Esquire" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Big Bang хамтлагийн тухай болон Coachella наадамд оролцох болсон талаараа ярьжээ.

Тэрээр:

- “Би амьдралынхаа тэн хагасыг Taeyang гэдэг нэрээр өнгөрүүлсэн бол үлдсэн хагасыг Big Bang гэх нэрийн дор өнгөрүүлсэн. Хамтлагийнхаа ачаар олон ч сайн, чадварлаг хүмүүстэй учирсан. Хамгийн гол нь шүтэн бишрэгчдээсээ маш их хайр хүндлэлийг хүлээсэн. Тиймээс би ч бас хариуцлага хүлээх ёстой гэсэн үг" гэжээ.

Мөн Big Bang хамтлаг цаашид дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа талаар хэлэхдээ: 

- "Олон нийт биднийг хэр удаан хугацааны турш үзэн ядахыг бид мэдэхгүй. Мэдээж цэргээс халагдсаныхаа дараа юу хийх талаараа бодсон. Тухайн үед Coachella хөгжмийн фестивальд оролцох санал ирэхэд хамтлагийнхан маань бүгдээрээ зөвшөөрч дахин нэг удаа оролдоод үзэхээр шийдсэн" гэжээ. 

BTS ХАМТЛАГИЙН ШИНЭ РЕКОРД

BTS хамтлагийн “Map Of The Soul: 7” цомог 3.4 сая хувь урьдчилсан захиалга хүлээн авсан байна. Өнгөрсөн онд тэдний “Map Of The Soul: Persona” цомог нь 2.6 сая хувь урьдчилсан захиалга авч "Хамгийн олон урьдчилсан захиалга хүлээн авсан Кпоп хамтлаг" хэмээх рекордыг эвдэж байсан бол энэ удаад дахин рекорд эвдсэн байна. 

LISA: “БИ ИЛҮҮ ИХ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙМААР БАЙНА”

Blackpink хамтлагийн гишүүн Lisa ‘Elle Korea’ сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүрийг чимсэн бөгөөд 2020 оны зорилго болоод аз жаргал хэмээх ойлголтын тухай ярьжээ.

- “Би саяхан нэгэн хүндхэн үйл явдлын ард гараад хайртай муураа чангаас чанга тэвэрсэн. Бүхий л стресс тэр дороо алга болж буй мэт санагдсан. "Аз жаргал" гээд нэг их том зүйл хайхаас илүүтэйгээр аз жаргалыг жижиг зүйлээс мэдрэх хэрэгтэй"

Мөн Lisa-гаас “Сэтгэл татам эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?” хэмээн асуухад тэрээр "A Star Is Born" киноны Ally Maine буюу Lady Gaga-гийн дүрийг сонгожээ. 

Ийнхүү 2020 оны зорилгынх нь тухай асуухад:

- “Миний хийхийг хүсэж буй зүйл үү? Онцгой зүйл байхгүй ээ. Зүгээр л илүү их аз жаргалтай баймаар байна” гэжээ.

НЭГДҮГЭЭР САРЫН НЭР ХҮНДИЙН ЖАГСААЛТЫГ BTS ХАМТЛАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Өмнөд Солонгосын "TBRI" судалгааны байгууллагаас сар бүр кпоп хамтлаг, дуучдын нэр хүндийн үзүүлэлтийг харгалзан үзэж 1-100 хүртэл жагсаадаг билээ. Ийнхүү нэгдүгээр сарын нэр хүндийн үзүүлэлтээр BTS хамтлаг тэргүүлсэн бол удаах байранд Red Velvet хамтлаг орсон байна. Харин EXO хамтлаг гуравдугаар байранд бичигджээ. 

Эх сурвалж: Allkpop, Koreaboo

#Кпопын эргэн тойронд #EXO #Big Bang #TaeYang #BTS #Blackpink #Lisa