ЗАХИДАЛ: Найз минь өдөр бүр уйлдаг болсон гэсэн


ССҮТөв | YOLO.MN
2019-01-07

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найз минь өдөр бүр уйлдаг болсон гэсэн

Сайн байна уу? Би 16 настай эмэгтэй. Би энд ѳѳрийнхѳѳ биш найзынхаа асуудлын талаар бичиж зѳвлѳгѳѳ авахыг хүссэн юм. 
Найз маань надтай нас чацуу л даа. Бид хоёр цэцэрлэгээсээ, бараг 2, 3 настайгаасаа л найзалж эхэлсэн. Цэцэрлэгт нэг анги, сургуульдаа ч мѳн адил, бас хамтдаа сургуулийнхаа бүжгийн хамтлагт бүжиглээд 5 жил болж байна. Миний бүх зүйлийг мэддэг, биеийн минь нѳгѳѳ тал гэж хэлэхэд болно. Найз маань сэтгэл санааны хувьд бага зэрэг тогтворгүй, амархан гомддог ер нь сэтгэл хѳдлѳл ихтэй хүн л дээ. Гэтэл ойрд тэр зан нь улам бүр хүндрээд байх шиг санагдах болсон. Ѳдѳр бүр л уйлдаг болсон гэдгээ ч надад хэлсэн. Ингэх нь ч аргагүй л дээ. Ангийн маань зарим охид түүнд дургүй болохоороо элдвээр ярьдаг. Найз маань их царайлаг, олон хѳвгүүд араас нь гүйдэг болохоор тэгдэг ч байж магадгүй юм. Гэхдээ ѳѳрт нь ямар гэм зэм хүнд хийгээгүй хүнд атаархаж муу хэлдэг нь тэдний зан шахуу. Намайг ч бас ѳѳрсдѳѳс нь илүү сайн сурдаг, олимпиад уралдаанд байнга амжилт үзүүлдгээс болж тэгж ярьж л байсан. Би ч бусдын ярьсан хов живэнд ач холбогдол ѳгѳѳд байдаггүй болохоор тэгсхийгээд л ѳнгѳрѳѳсѳн. Харин найзад маань энэ их хүндээр нѳлѳѳлж байх шиг байна. Би түүнтэй үргэлж хамт байж, дэм ѳгѳхийг хичээж байгаа ч амжилттай болж ѳгѳхгүй л байна. Бас ариун цэврийн дарга болохоор анги бохир байна гэх шалтгаанаар багшид хэд хэдэн удаа зэмлүүлсэн. Түүнээс хойш ангийн багшдаа ч дургүй болсон. Мѳн саяхан бага ангиасаа хойш сайн байсан хѳвгүүндээ сэтгэлээ илчилсэн ч тэр нь амжилттай болоогүй болохоор түүнд бүр л хэцүү байгаа. 
Найз маань энэ асуудлуудаас болж бараг ѳѳр хот руу шилжихээр болсон. Хаа газар тийм хүмүүс байж л байдаг гэдгийг би түүнд ойлгуулахыг хүсэвч тэр зугтах л хамгийн зѳв арга гэж бодоод байгаа юм. Хэрэв тэр шилжчихвэл бидний хамтдаа ѳнгѳрүүлсэн олон жил энэ хүрээд дуусна. Бас найзын маань зан авир нь эвдрээд байх шиг надад санагдаад байгаа. Хараалын үг ч их хэрэглэх болсон нь анзаарагдсан. Сэтгэл гутралаасаа болж буруу зам уу орчих вий бүр цаашлаад ѳѳрийгѳѳ гэмтээх вий гэхээс би их айж байна. Түүний ѳѳрийгѳѳ үнэлэх үнэлэмж нь ч буурч ѳѳртѳѳ их итгэлгүй болсон. Би түүнд яаж туслах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хамгийн сайн зөвлөгч бол хамгийн сайн сонсогч байдаг

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Найзынхаа төлөө санаа зовж байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ өмнөөс нь шийдвэр гаргана гэдэг буруу. Захианаас чи найздаа туслахаас гадна найзыгаа явуулмааргүй байгаа, ганцаараа үлдмээргүй байгаа учраас найзыгаа тайвшруулж үлдэхийг ятгаж байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл найз нь явах нь түүний хувьд зөв шийдвэр ч байхыг үгүйсгэхгүй учраас яарч бүү дүгнэлт хийгээрэй. Чиний хамгийн сайн хийж чадах зүйл бол маш сайн сонсогч байх юм. Чамд зүгээр санагдаж байгаа зүйлс, чиний даван туулж чадаж байгаа зүйлс найзад нь хэцүү санагдаж болно шүү дээ. Тиймээс найзыгаа хүлээцтэйгээр, ойлгож сонсохыг хичээгээрэй. Хамгийн сайн зөвлөгч бол хамгийн сайн сонсогч байдаг. Мэдээж найзынхаа дэргэд байж эерэг байх талаас нь дэмжих нь зөв шүү. Хэрвээ хүсвэл манай төвд хандаж сэтгэлзүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой. Найзад нь хамгийн сайн тусалж чадах хүмүүсийн нэг бол сэтгэл судлаач юм. Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter