Арьсны онцлогтоо тохирсон НАРНЫ ТОСЫГ сонгоход анхаарах таван зүйл


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-07-23

Энэ удаагийн нийтлэлээрээ бид өөрийн арьсны онцлогт тохирсон, хортой бодис агуулаагүй нарны тосыг хэрхэн сонгох тухай зөвлөгөөг хүргэж байна.

АНХААРАХ: Хэрэв та нарны тос түрхэх шаардлагагүй гэж үздэг нэгэн бол юун түрүүнд нарны тосны тухай ерөнхий мэдээлэл болон яагаад заавал түрхэх ёстойг тайлбарласан нийтлэлийг ЭНД дарж уншаарай. 


Арьсаа хамгаалах хамгийн сайн аргуудын нэг бол өдөр тутамдаа нарнаас хамгаалах тос түрхэх гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч дэлгүүрийн лангуун дээр худалдаалагддаг бараа болгон савлагаатайгаа адил чанартай биш байдаг аж. Саяхан “Johnson & Johnson” брэндийн таван төрлийн шүршдэг нарны тосноос бензол, лейкемиа зэрэг цусны хорт хавдар үүсгэх химийн бодисууд илэрсэн.

Үүнтэй холбогдуулан судлаачид 1,800 орчим нарнаас хамгаалах тосонд шинжилгээ хийж үзэхэд тэдгээрийн дөрөвний гурав орчим нь арьсыг нарны туяанаас шошгон дээр бичсэн шигээ хамгаалдаггүй гэдгийг тогтоожээ. Ингээд нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

1. ОРЦ НАЙРЛАГЫГ НЬ УНШИХ

Хүнсний бүтээгдэхүүний найрлагыг уншиж ойлгох хялбар ч гоо сайхны бүтээгдэхүүний хувьд энэ нь бага зэрэг төвөгтэй. Тиймээс нарны тос сонгохдоо анхаарах гол зүйл нь SPF30-тай тосыг сонгох юм. Энэ төрлийн тос нь арьсыг нарны UVB ба UVA туяанаас хамгаалдаг.

Гэвч эмч нар дор хаяж SPF30-тай бүтээгдэхүүнийг санал болгож байхад зах зээл дээр үүнээс өндөр утга бүхий бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна. SPF-ийн агууламж өндөр байх нь арьсыг нарны туяанаас төдий чинээ удаан хамгаална гэсэн үг биш аж. Харин ч арьсыг хэт ягаан туяанаас хангалттай хамгаалж чадахгүйгээр хөгшрөлтийн явцыг хурдасгаж арьсны үхжилтийн хамгийн аюултай төрөл болох меланомаг үүсгэх эрсдэл өндөр байдаг аж.

2. ЭРДСИЙН БОЛОН ХИМИЙН ГАРАЛТАЙ ТОС

Нарны тосыг дотор нь эрдсийн болон химийн гаралтай гэж ангилна. Тэгвэл эдгээрийн ялгаа нь юундаа байна вэ?

Эрдсийн гаралтай /Mineral/ нарны тосны найрлагад цайрын оксидыг дангаар нь эсвэл титаны давхар эсэлтэй хослуулж оруулдаг. Ингэснээр арьсны гадаргуу дээр хамгаалалтын бүрхүүл үүсэж арьсыг хэт ягаан туяанаас хамгаалдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд давхар арьс цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Тийм учраас эмзэг болон батга гарамтгай арьстай хүмүүс хэрэглэхэд зохимжтой.

Харин химийн гаралтай /Chemical/ тосны найрлагад хэт ягаан туяаг шингээж арьсанд нэвтрэхээс хамгаалах үйлчилгээтэй нэгдлүүд агуулагддаг. Арьсанд бүрэн шингэдэг боловч эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүсийн арьсанд цочрол үүсэх эрсдэлтэй.

3. ОКСИБЕНЗОН БА АВОБЕНЗОНЫ ЯЛГААГ МЭДЭХ

Оксибензон болон Авобензон нь хэт ягаан туяаны нөлөөг бууруулдаг тул нарны тосны орц найрлагад түгээмэл ордог нэгдлүүд юм. Гэвч энэ төрлийн нэгдэл орсон бүтээгдэхүүнийг бүү худалдаж аваарай!

Оксибензон нь нүдний салст бүрхэвчийг цочроох аюултайн дээр харшил, хорт хавдар ч үүсгэх эрсдэлтэй байна. Мөн хүний биед дааврын тасалдал үүсгэдэг бөгөөд ялангуяа эмэгтэй хүний эстроген, эрэгтэй хүний тестостероны үйлдвэрлэлд нөлөөлдөг.

Авобензон нь өөрөө хоруу чанарын хувьд харьцангуй аюулгүй боловч наранд хурдан задардаг. Наранд гарсан тохиолдолд хэт ягаан туяанаас 30 орчим минут л хамгаалдаг. Энэ үед биед хортой чөлөөт радикалууд их хэмжээгээр ялгарна. Харин эдгээр чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн явцыг түргэсгэж, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

4. УСНЫ ХАМГААЛАЛТТАЙ НАРНЫ ТОС СОНГОХ

Арьс, гоо сайхны мэргэжилтнүүд хоёр цаг тутамд нүүрээ цэвэрлээд дахин нарны тос түрхэхийг санал болгодог. Гэвч ихэнх хүмүүс өдрийн турш халуун наранд явж хөлрөн, бүтээгдэхүүний үр дүн үгүй болж байгааг тэр бүр мэддэггүй. Тиймээс усанд тэсвэртэй нарнаас хамгаалах тосыг сонгоорой.

/Жич: Хэрвээ та өдрийг нарны шууд тусгалаас хол газар өнгөрүүлдэг бол нарны тосоо заавал хоёр цаг тутамд түрхэх шаардлагагүй билээ./

5. АРЬСНЫ ОНЦЛОГТОО ТОХИРУУЛАХ

Хуурай арьстай хүмүүс гиалуроны хүчил, глицерин гэх мэт чийгшүүлэгч найрлагатай нарнаас хамгаалах тосыг сонгох нь зохистой. Тослог болон холимог арьстай хүмүүс усан суурьтай эсвэл арьсны нүх сүв бөглөхгүй (non-comedogenic) бүтэцтэй бүтээгдэхүүнийг хайх хэрэгтэй. Харин хэт мэдрэмтгий арьстай бол цайрын оксид эсвэл титаны давхар эслийг агуулсан эрдсийн гаралтай тосыг сонгох нь зохимжтой.

Эрдсийн гаралтай бүтээгдэхүүн нь химийн гаралтайг бодвол арьсыг цочроох шинж тэмдэг харьцангуй бага. Мэдрэмтгий арьстай л бол анхилуун үнэртэй эсвэл арьсыг цочроож болохуйц нэмэлт бодис орсон бүтээгдэхүүнээс зайлсхийхийг зөвлөж байна. Харин энгийн арьстай бол дээр дурдсан хоруу чанартайгаас бусад бүх тоснуудыг хэрэглэж болно. Мэдээж энэ бол хувийн сонголт. Таны арьсанд юу хамгийн сайн тохирох вэ гэдгийг та л мэднэ.

Нүүрний арьс гэдэг зүйл бол нэг ёсондоо биднийг илэрхийлэх чухал зүйл. Гоо сайхны бүтээгдэхүүн бүр гоо сайхан байхад тустай гэсэн үг биш. Тийм учраас орц найрлага, гарал үүсэл нь тодорхойгүй, хямд бүтээгдэхүүн сонгохоос зайлсхийж аль болох байгалийн гаралтай, химийн хортой найрлагагүй бараа бүтээгдэхүүн сонгохыг эрмэлзээрэй.

Эх сурвалж: Forbes, Everyday Health

#Гоо сайхан #Арьс #Нарны тос