“Хүчирхэг охид” чадавхжуулах хөтөлбөр явагдаж эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2021-01-03

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ ТББ)-ийн хамт олон Канадын ЭСЯ болон Канад сангийн дэмжлэгтэйгээр "Хүчирхэг Охид" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд мэргэжил сонголтоо оновчтой хийх, нийгмийн харилцаанд бэлтгэлтэй оролцох, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын талаар мэдлэгтэй болох нь иргэн хүн болж төлөвшихөд нь чухал нөлөөтэй билээ. Тэр тусмаа асрах төвийн өсвөр насны охидод хувь хүний хөгжил, мэргэжил сонголт, нөхөн үржихүй болон бэлгийн эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал болоод байна.

Асрах төвд хүмүүжиж буй хүүхдүүд 18 нас хүрээд асрах төвөөс гарч, эдийн засаг, нийгмийн чухал шийдвэрүүдийг бие даан гаргах шаардлагатай болдог. Улмаар орон байр, боловсрол, ажил эрхлэлт, гэр бүл төлөвлөлт зэрэг нарийн төвөгтэй асуудалтай өдөр бүр нүүр тулж байгаа нь тэдний хувьд асран хамгаалах, зааж зааварлах хүн дутмаг байгаатай холбоотой. Дээрх бэрхшээл нь асрах төвийн охидод маш хүндээр тусдаг байна.

Энэхүү асуудлыг эерэгээр шийдэхэд хувь нэмэр болох зорилгоор Канадын ЭСЯ, Канад сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын найман асрах төвийн 14-18 насны 60 зорилтот бүлгийн охидод чиглэсэн "Хүчирхэг Охид" хэмээх хоёр жилийн хугацаат чадавхжуулах хөтөлбөрийг Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ ТББ)хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд сурагчид мэргэжлийн багш нараар дараах багц хичээлийг заалгана. Үүнд:

- Хувь хүний хөгжил

- Англи хэл

- Мэргэжил сонголт

- Нийгмийн харилцаа /Хүний эрх, жендерийн тэгш байдал, бэлгийн эрүүл мэнд/

Хөл хорионы үед сурагчид хөтөлбөрийн хичээлүүдээ онлайнаар үзэж байна. Уг хөтөлбөрт хамрагдсанаар охид өөрсдийн давуу болон сул талаа тодорхойлох, илтгэх, багаар ажиллах чадвартай болох, өөрт тохирсон мэргэжлийг сонгох, хүний эрх болон эрүүл мэндийн талаар зохих ёсны мэдлэгтэй болж нийгмийн оролцоо сайтай "Хүчирхэг охид" болох боломжтой. 

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Канадын Элчин Сайдын Яам, Канад сангийн баг, Канадын ард түмэнд хөтөлбөрт хамрагдаж буй асрах төвийн багш ажилчид болон охидынхоо өмнөөс гүн талархлыг илэрхийлье.

#Канад сан #Хүчирхэг охид #Хөтөлбөр