ЗАХИДАЛ: Миний найз байсан охин намайг элдвээр гүтгэн доромжилсон


ССҮТөв | YOLO.MN
2018-12-20

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Миний найз байсан охин намайг элдвээр гүтгэж доромжилсон

Сайн байна уу? Би одоо 8-р ангид сурдаг. Надад яг одоо бүх зүйлс бүтэлгүйтээд байгаа юм шиг санагдаад байна. Эмэгтэй болохоор ч тэр үү их л эмзэглээд байна. Яг юу болсон бэ гэхээр, манай анги гэх мэт нийгмийн асуудлууд их байгаа. Ангид л гэхэд багш хүртэл намайг олон хүүхдүүдийн хажууд доромжилсон. Хэдэн хоногийн өмнө л гэхэд манай анги урлагийн үзлэгээ бэлдэж байлаа. Тэгээд уг нь би бүжгэнд ормоор байсан ч оруулаагүй. Тэгээд намайг хүсээгүй байхад хамтлаг дуунд оруулчихсан. Миний нэрийг дуудахаар нь би гараад л очсон. Тэгтэл биднийг бэлдэж байсан 20 гаруй настай ах намайг харангуутаа "Ямар балиар массны бүдүүн охин бэ?" гэж хэлсэн. Надад маш муухай санагдсан. Энэ явдлаас арваад минутын дараа намайг манай ангийн хүүхэд "Зайлаач" гэж хараасан. Маш муухай байсан. Бүх зүйл миний хүссэнээр байх албагүй ч хүмүүс яагаад хэл амаа бодож болохгүй гэж, гээд л олон юм бодогдсон.

Би уг нь нэгдүгээр сургуулийн харьяанд амьдардаг л даа гэхдээ арай өөр, хажууханд нь байдаг сургуульд сурч байгаа. Би нэгдүгээр сургууль руу шилжмээр байгаагаа ангийнхандаа хэлтэл нэг хүүхэд хажуугаас “Чи хэзээ ч нэгдүгээр сургуулийн математикийг гүйцэтгэж чадахгүй. Чи битгий мөрөөд” гээд л намайг доромжлоод байсан. Уг нь би ангиасаа тооны хичээл дээр эхний гуравт ордог л доо. Намайг тэгж доромжилж, зүхэх буруу зүйл би хийгээгүй л юмсан даа. Мөн манай ангид миний хамгийн сайн найз байсан нэг охин энэ хавар шилжиж явсан юм. Би уг нь ч гэм хийгээгүй л дээ. Тэгтэл тэр охин ангийнхандаа намайг элдвээр хэлж, гүтгэж доромжилсон байна лээ.

Энэ зун тэр охины ангийнхан намайг маш их доромжилсон. "Янхан, гичий" гэх мэтээр crying. Би дуугүй л өнгөрсөн. Тэгтэл ойрын нэг сард доромжлоод зогсохгүй намайг сургуулийнхандаа муулсан байна лээ. Ангийнхан нь миний бие, гадаад төрхийг доромжлон гутаасан. Энэ нь надад маш хүнд тусч байна indecision.

ЗӨВЛӨГӨӨ: Чамд юу тохиолдож байгааг нуух хэрэггүй

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Чамайг үг хэлээр доромжлох нь буруу гэдгийг мэдэж, тэр үед ямар мэдрэмж төрсөн, юу гэж бодогдсоноо мэдэж байгаа нь чи их сайн EQ буюу сэтгэлийн чадамжтай гэдгийг харуулж байна. Хэнд ч, хэнийг ч үг хэлээр доромжлох, гутаах эрх байхгүй. Одоо чамд үүсээд байгаа нөхцөл нь үе тэнгийнхний дарамт буюу “bully” юм. Сургуулийн орчны үе тэнгийн дарамт бол дам болон дам бус байдлаар бие, хүний сэтгэл зүйн байдал, өөртөө итгэх итгэл, үнэлэмжид сөргөөр нөлөөлж байдаг.

Тэгэхээр үүнийг байх л ёстой зүйл гэж хүлээж авалгүй, шийдэхийг хүүхэд бүр оролдож хичээх ёстой гэсэн үг. Дэлхий дахинд сургуулийн орчинд 4 хүүхдийн 1 нь үе тэнгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа байдаг бол Монгол улсад хийгдсэн 2015 оны судалгаагаар 3 хүүхэд тутмын 1 нь үе тэнгийн дарамтад өртөж байна гэсэн судалгааны дүн байдаг. Үе тэнгийн дарамтыг нэг хүн шийдэж чадахгүй. Сургуулийн захирал, багш, цэвэрлэгч, жижүүр, анги хамт олноос шалтгаалдаг. Нийт сурагчдын 35% нь өөрт тохиолдсон дарамтыг мэдэгддэг бол үлдсэн 65% мэдэгдэхгүй чимээгүй өнгөрдөг. Чамд юу тохиолдож байгааг нуух хэрэггүй, хандах ёстой хүмүүст заавал хандаарай. Танай сургуульд үе тэнгийн дарамтын эсрэг дүрэм, шийтгэл, өөр зохицуулалтууд байдаг уу гэдгийг багшаасаа асуу. Нийгмийн ажилтан, захиралдаа энэ талаар хандаж ярилцаж болно. Хэн нэгэн чамайг доромжлох нь чиний буруу биш бөгөөд үүнийг ямар ч хүн хүртэх ёсгүй.  Мөн анги хамт олон бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг боловч тэднээс чи 100% хамааралтай биш. Чамайг доромжилсон, муулсан хүн бүрийн үг няцаагдашгүй үнэн зүйл биш. Хүн бүрд өөрсдийн гэсэн онцлог, давуу тал болон сул талтай. Тиймээс өөрийн давуу талыг бодож өөртөө сануулж байгаарай. Мөн үнэхээр энэ сургуульдаа сурч чадахгүй байна гэж бодож байвал эцэг эхтэйгээ зөвлөлдөж үзээрэй. Өөрт тохиолдож байгаа үйл явдлыг хэн нэгэнтэй зөвлөлдөж байхыг хүсэж байна.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter