Ангараг гараг дээр нисэх ээ? Байж боломгүй юм!


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-04-08

Хүн төрөлхтний түүхэнд дроныг хамгийн анх удаа харь гарагийн агаар мандалд нисгэх гэж байна. 

Саяхан л “Ангараг гараг дээр ус олдлоо” хэмээн дэлхийд цуу тарьж нэрээ алдаршуулж эхэлсэн Улаан нүдэн гараг дээр хүн төрөлхтний хийж буй шинжлэх ухааны судалгаа хүчээ аван урагшилсаар л. Яруу найрагч Т. Галсангийн “Өгсүүр замын дуу” шүлэгт гардаг шиг хүн хорвоод мэндэлсэн цагаасаа хойш үргэлж өгсөж тэмүүлдгийн нэгэн жамаар цэнхэр гарагийнхаа үй олон нууцыг судлахтай зэрэгцэн хамгийн ойрын хөршийг нь хүртэл төрсөн нутгийн адил судалж байна.

Тэгвэл энэ сарын 11-ний өдөр сансар судлалын түүхэнд томоохон үйл явдал болох нь. Үхэр жилийн шинийн 7 буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдөр Ангараг гараг дээр газардсан “Ingenuity” хэмээх нисдэг тэрэг нь хүн төрөлхтний түүхэнд харь гарагийн агаар мандалд хийх хамгийн анхны бүрэн удирдлагатай нислэгийн гол баатар юм. 

Ердөө 1.8 килограмм жинтэй, дрон шиг нисдэг энэ төхөөрөмж нь НАСА-гийн “Марс 2020” төслийн онцгой хэсэг бөгөөд өмнө жилийн долдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийгээс үүрэгт ажлаа өвөртлөн 272 сая орчим километрийн зайтай алсын томилолтдоо гарсан билээ.

Уг төхөөрөмж нь дээрх зурагт үзүүлснээр яг л бидний хэрэглэдэг дрон камер шиг бүтэцтэй, хос нүүрстөрөгчийн хөвөн сэнс, нарны эрчим хүлээн авуур хавтан, “Марс 2020” төслийн бусад төхөөрөмжүүд болон бидэнтэй холбогдох антен, 273 грамм цэнэг хураагуур, хэд хэдэн тооны мэдрүүр, дүрс бичигч болон нүүрстөрөгчийн хөвөн материалаар хийгдсэн дөрвөн хөлнөөс бүрдэнэ.

Гэхдээ хоёр орчим килограмм жинтэй төхөөрөмж яагаад тийм зөөлхөн материал бүхий сэнс болон хөлтэй байгаа нь сонирхолтой. Ангараг гараг дээрх агаар нь манай нутгийнхаас бараг зуу дахин сийрэг, мөн татах хүч нь ойролцоогоор 2.6 дахин бага учраас энэхүү нислэг бидний хийдэг эгэл жирийн дрон нислэгээс тэс ондоо бөгөөд тун онцгой юм.

Тэгвэл түүний хүндэт хариуцлага нь юу вэ? Тэр 30 хоногийн хугацаанд таван удаагийн туршилтын богино нислэг хийх ёстой гэнэ. Нислэг тус бүр 90 хормын турш үргэлжлэх ба 3-5 метр өндөрт 50 метр радиус орчинд нисэхдээ ганц хоёр өнгөт зураг татуулаад л анх хөөрсөн А цэгтээ эргэн буух ёстой.

НАСА-гийнхан эдгээр туршилтыг хагас автоматаар төлөвлөн бүх алгоритмыг нь бичиж бэлдсэн ч богино нислэгийн үеэр бүтэн автомат удирдлага дор нисгэх зорилттой буй. Гар аргаар жолоодох нь шууд холболтын асуудалтай тул боломжгүй юм.

Энэхүү төхөөрөмжийн ачаар Ангараг гарагийн агаар мандал болон нисэх динамик судлалд шинэ хуудас нээхийн зэрэгцээ ирээдүйд тус гараг дээр хүн төрөлхтөн амьдарвал нисдэг машины зам тээврийн хөдөлгөөний үндэс суурийг тавих боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: NASA, Wikipedia

#Мэдээ #Сонин хачин #Сансар судлал #Ангараг #Марс