Яагаад нарны тос хэрэгтэй гэж...?


Бабу | YOLO.MN
2018-05-26

Арьс арьчилгааны хамгийн чухал бүтээгдэхүүн бол нарны тос гэдэгтэй бүх гоо сайхны эмч нар санал нэгдэнэ.

Нар нь UVA, UVB гэсэн хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Энэ нь хүнд сөргөөр нөлөөлж улмаар арьсны хавдар үүсгэх магадлалтай байдаг. Тиймээс нарнаас хамгаалах тосыг нас болон арьсны өнгө харгалзахгүй өдөр тутамдаа түрхэж заншаарай. Судалгаанаас үзэхэд нарны тосыг өдөр тутамдаа хэрэглэсэн хүний арьсны хорт хавдар тусах магадлал 50 хувиар буурдаг байна.

Мөн нарны тосны талаарх хамгийн том эндүүрэл бол наргүй бүрхэг өдөр юмуу хүйтний улиралд хэрэглэхгүй байх гэсэн бодол юм. Нарны хэт ягаан туяаны хор бүрхэг өдөр байтугай хүйтний улиралд ч үйлчилж байдаг юм шүү.

Нарны тос худалдаж авахаар шийдсэн бол бүгд адилхан биш гэдгийг санаарай. Дээр хэлсэнчлэн нар нь UVA, UVB гэсэн хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Зарим нарны тоснууд зөвхөн UVA төрлийн хэт ягаан туяанаас хамгаалдаг бол зарим нь UVB төрлийн хэт яагаан туяанаас хамгаалдаг. Тиймээс давхар хамгаалалттай нарны тосыг сонгохыг зөвлөж байна.

Нарнаас хамгаалах тосны савалгаан дээрх SPF 15, SPF 30 гэх мэт тэмдэглэгээ нь чиний арьс нарны тосгүйгээр хэдий хугацаанд наранд түлэгдэх вэ гэдэгтэй хамаатай. Өөрөөр хэлбэл тухайн нарны тосны үйлчлэх хугацааг заадаг. Жишээлбэл, нарнаас хамгаалах тос хэрэглээгүй хүн хурц наранд 15 минут байхад арьс нь түлэгддэг бол SPF 15-тай тос хэрэглэсэн хүн тухайн 15 минутаас даруй 15 дахин илүү хугацаагаар наранд түлэгдэхгүй байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр нийт 225 минутын турш наранд арьсаа түлэхгүй байх боломжтой. Үүнтэй адил SPF 30-тай тос хэрэглэсэн хүн түүнээс 30 дахин удаан хугацаагаар арьсаа хамгаалах боломжтой гэсэн үг юм. Тиймээс л гоо сайханчид SPF өндөртэй нарны тосыг санал болгодог юм шүү дээ. Одоогийн байдлаар SPF50 хүртэлх тос худалдаанд байдаг.

Нарны тосыг гэрээсээ гарахаас дор хаяж 30 минутын өмнө түрхэж байгаарай. Мөн гадаа удаан хугацаагаар байх тохиолдолд нарны тосоо хоёр цаг тутамд сэргээж түрхэх ба усанд сэлсэн бол гарж ирэнгүүтээ түрхэж заншаарай.

 Арьсны онцлогтоо тохирсон нарны тос эсвэл нарнаас хамгаалах SPF найрлага бүхий чийгшүүлэгч тосыг сонгож хэрэглээрэй.  Мөн нэг задалсан нарны тосоо 2 жилээс дээш хугацаар хэрэглэх хэрэггүй. Учир нь удаан хугацаанд онгорхой байсан нарын тос нь хамгаалах чадвараа алддаг тул арьсандаа түрхээд нэмэргүй л болов уу.

#Охид #Зөвлөгөө #АрьсАрчилгаа #Зун #НарныТос