СУРВАЛЖИЛГА: Ангийн андаа аврахаар зүтгэж буй 49 сурагч


М.Тэнгис | YOLO.MN
2018-11-27

Улсын тэргүүний лаборатори 33-р дунд сургуулийн 7е ангийн хамт олны үлгэр жишээч, тусч сэтгэлтэй хүнлэг үйлдэл өнөөгийн Монголын нийгэмд олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ. Сурагч Б.Уранбат газраас мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олж, идэвхтэй эрж хайсны эцэст эзэнд нь хүлээлгэж өгсөн талаар цахим орчинд мэдээ тарснаас эхлэн бидний өгүүлэх түүх олны өмнө ил гарсан гэж болно.

7е ангийн, өөрөөр хэлбэл Б.Уранбатын ангийн охин О.Ундрал Солонгос улсад маш хүнд мэс засалд орох шаардлагатай учраас ангиараа энэ мэс ажилбарын зардлыг цуглуулахад хувь нэмрээ оруулахаар нэгдэж, гар урлалын бүтээл хийн борлуулж байна. Энэ бүхэн нийгэмд байдаг л зовлон бэрхшээл мэт. Гэвч тэдний энэ сайн үйл олон хүнд нэгийг бодогдуулсан юм. Энэхүү үйл явдлыг Монголын Хүний Эрхийн Комиссоос үнэлж, тус ангийн багш Г.Пүрэвбаярыг “Хүний эрхийн төлөө медаль”-аар саяхан шагнасныг та санаж буй биз ээ.

Биднийг тус сургуульд хүрэлцэн ирэхэд 7е анги мэдээлэл зүйн хичээлийн хоёр лабораторид хуваагдан орж байлаа. Хонх цангинан хичээл завсарлахад хүүхдүүд цовоо цойлгон дуугаар хөгжилдөн инээлдэнэ. Тэд хэзээ, ямар телевизийн нэвтрүүлэгт оролцох болсноо өөр хоорондоо ярилцаж, О.Ундрал охины хандивын аянд зориулан хийж буй гар урлалын бүтээлдээ шинээр юуг нэмэх, хэрхэн баяжуулахаа хөөрөлдөж байгаа нь эрхгүй анхаарал татна.

7е ангийнхан

Б.УРАНБАТ: Хэн нэгний гээсэн зүйлийг олсон бол эзэнд нь заавал аваачиж өгч байгаарай

7е ангийн сурагч Б.Уранбат

Нийгэмдээ сайн сайхныг үлгэрлэгч ангийнхаа гайхалтай уур амьсгалыг олон нийтийн анхаарлын төвд орох эхлэлийг тавьсан Б.Уранбат хүүтэй юун түрүүнд ярилцлаа.

Тэрээр тухайн өдөр таеквондогийн бэлтгэлдээ явах замдаа КТМС-ийн ойролцоо газраас монетон зүүлт, ээмэг бөгж болон бэлэн мөнгө бүхий түрийвч олжээ. Эзнийг нь олохын тулд ойр хавийн дэлгүүрүүдээр орж үзүүлэн, асууж явсан боловч бүтэлтэй зүйл болоогүй учир аав ээждээ хэлсэн байна. Ийнхүү түрийвч дотор байсан цахилгааны төлбөр тушаасан баримтын дагуу сураглаж,  уг түрийвчийг бүрэн бүтнээр нь эзэнд нь аваачиж өгсөн түүхээ бидэнтэй хуваалцсан юм.

Б.Уранбат хүүгээс олон сэтгүүлч, сурвалжлагчид яриа авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр танил болсон хэдий ч, тэрбээр өөрийгөө дээгүүр бодсон ямар ч шинжгүйгээр, болсон явдлыг зүгээр л эгэл жирийнээр, сэтгэлээсээ ярьж байгаа нь анзаарагдаж байлаа.

YOLOМиний дүү санамсаргүйгээр газраас түрийвч олсон. Түүнийгээ эзэнд нь эрч сураад аваачиж өгсөн байна.

Б.Уранбат: Тэгсэн.

YOLOЗарим хүмүүс хэдий эд зүйлс олсон ч, өөртөө аваад хадгалчихдаг шүү дээ. Харин чи яагаад заавал эзэнд нь авчирч өгөхийг хичээсэн бэ?

Б.Уранбат: Манай аав ээж хоёр надад олсон зүйлээ заавал эзэнд нь аваачиж өгч байгаарай гэж заасан.

YOLOТүрийвчийн эзнийг олж, тэр эмээд аваачиж өгөхөд хэцүү байв уу? Яаж олж чадсан бэ?

Б.Уранбат: Түрийвчин дотор тэр эмээгийн токны кодтой цаас байсан /цахилгааны төлбөр тушаасан баримт, сурв./ Тэр кодыг станц руу залгаад асуухад гэрийн хаяг, утасны дугаарыг нь өгсөн юм. Тэгээд сургуулийн цайны газарт уулзаад эмээд өгсөн.

YOLOТүрийвчээ эргүүлж аваад тэр эмээ нь их баярлаж байна уу?

Б.Уранбат: Тийм ээ, баярласан. Түрийвчин дотор байсан ээмэг, бөгжнийхөө утга учрыг надад тайлбарлаж өгсөн. Үүнийг миний өвөө надад өгч байсан юм гээд л...

YOLOЧиний сайхан сэтгэл гаргаж, олсон зүйлээ эзэнд нь аваачиж өгсөн энэ явдал интернет орчинд их түгж, үе тэнгийн олон хүүхдэд төдийгүй насанд хүрсэн олон хүмүүст үлгэр дуурайл боллоо. Энэ ярилцлагыг унших хүмүүст хандаж юу гэж хэлж, уриалмаар байна вэ?

Б.Уранбат: Хэн нэгний гээсэн зүйлийг олсон бол эзэнд нь заавал аваачиж өгч байгаарай. Хүний юмыг хулгайлж бас болохгүй. Сайхан сэтгэл үргэлж гаргаж байгаарай.

YOLOЧиний мөрөөдөл юу вэ?

Б.Уранбат: Таеквондогийн спортоор олимпийн дэлхийн аварга болохыг мөрөөддөг.

Б.Уранбат хүүтэй товч ярилцах зуур ангийнх нь хүүхдүүд шүүгээн дотроос нэгэн хайрцаг гаргаж ирэн үзүүллээ. Уг хайрцагт О.Ундрал охины хандивын аянд зориулан хийсэн гар урлалын бүтээлүүд байв. Өхөөрдөм хэлбэртэй савангууд, гоёж чимэглэсэн үсний даруулга, хүзүүний зүүлт гээд өнгө солонгорсон, олон хүүхдийн сэтгэл шингэсэн бүтээлүүд эгнэжээ.

О.УНДРАЛ: Гэртээ, бас ангийнхантайгаа байхдаа л хамгийн тайван, аз жаргалтай байж чаддаг

7е ангийн сурагч О.Ундрал

О.Ундрал охиныг төрсний дараа эмч нар түүний амийг аврахын тулд хиймэл амьсгал хийхээр оролдсон боловч, харамсалтай эндэгдэл гарч, цээжийг нь цөмлөсөн нь зүрх болон уушгийг нь ноцтой гэмтээгээд зогсохгүй нуруу нь мурийх шалтгаан болжээ. Тэрбээр олон удаагийн мэс ажилбарт орж байсан бөгөөд, энэ удаагийн мэс ажилбар сүүлчийнх гэдгийг охин хэлж байв.

О.Ундрал бусад хүүхдийн адил гүйн харайж, хөөцөлдөн тоглож чадахгүй нэгэн хэдий ч асуултад цовоо цойлгон хариулж, харин ч сурвалжлагч надад сониучирхсан олон асуулт тавьж байсан нь эрхгүй сэтгэл хөдөлгөж байлаа.

YOLOМиний дүүгийн эмчилгээний зардлыг бүрдүүлэхийн тулд ангийнхан нь олон сайхан үйл зохион байгуулж байгаа юм байна. Чамд энэ бүхэн ямар санагдаж байна вэ?

О.Ундрал: Маш сайхан санагддаг. Бас манай ангийнхны хувьд ч сайн зүйл болж байгаа. Манайхан 5-р ангиа төгссөний дараа өөр ангитай нийлээд, энэ анги маань бүрдсэн байхгүй юу. Тийм учраас бие биетэйгээ дотносоход их хугацаа орно шүү дээ, тээ? Тэгэхээр энэ үйл ажиллагаа ганц надад сайн байгаад зогсохгүй, нийт 7е ангийн хүүхдүүдийг нэг цул болгож, дотносуулж, арай барьцалдуулж өгч байгаа юм болов уу гэж би бодож байгаа.

YOLOАнгийнхан нь ийм сайхан сэтгэл гаргаж, чиний төлөө зүтгэж байгаа нь ээж аавынх нь хувьд ямар санагдаж байгаа бол?

О.Ундрал: Манай ээж бол маш их баярлаж байгаа. Дэмжинэ ээ гэдэг. Би өөрөө бас зүгээр суухгүйгээр гар урлал хийж эхлэх гэж байгаа.

YOLOЗа, юуг урлаж хийе гэж бодож байна вэ?

О.Ундрал: Чокер.

YOLOТэр нь яг юу билээ?

О.Ундрал: Ер нь бол хоолойдоо зүүдэг, бариу зүүлт гэсэн үг л дээ. Би янз бүрийн даавуугаар хийнэ гэж бодож байгаа.

YOLOНэг анги байхын утга учир үнэхээр нэгнийхээ хүнд үед тусалж дэмжих байдаг.

О.Ундрал: Тэгэлгүй яахав.

YOLOТиймээс, чи анги хамт олныхондоо хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ? Энэ ярилцлагыг ангийнх нь хүүхдүүд уншиж магадгүй шүү дээ.

О.Ундрал: Маш их баярлалаа. Хайртай шүү. Эмчилгээндээ явж ирээд улам сайн суралцаж төгсөнө өө гэж хэлье.

YOLOМиний дүүгийн өвчний онош яг юу юм бол?

О.Ундрал: Манай төрсөн ээж төрөхийн хүндрэлээр өнгөрчихсөн юм. Тэгээд намайг ээж маань өргөж авсан. Эмч нар надад хиймэл амьсгаа хийхдээ цээжийг маань хэт хүчтэй дараад гэмтээчихсэн гэсэн. Тэгээд 5 настайдаа хоёр сугандаа төмөр тавиулж байсан. Тэр төмөртэй гурван жил явах ёстой байсан чинь намайг хоёрдугаар ангид байхад миний арьсыг цоолоод сүвлээд гараад ирсэн. Тэгээд тэр төмрийг автал миний нуруу мурийсан гэсэн. Тэрнээс хойш ээж бид хоёр олон хагалгаанд явсан. Одоо энэ бол сүүлчийнх.

YOLOХагалгааны зардал хэдэн төгрөг болно гэж ээж нь ярьж байна вэ?

О.Ундрал: Зуугаас зуун тавин сая төгрөг гэсэн.

YOLOАнгийнхан нь хамтаараа чамд үргэлж тусалж, дэмждэг гэдгийг харлаа. Энэ ангиасаа өөр газар байхад чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Тэдгээр халуун дулаан уур амьсгалыг бусад газар мэдэрч чаддаг уу?

О.Ундрал: Гэр бүл, ангийнхнаасаа бусад газарт мэдэрдэггүй. Нэг тийм ганцаараа, вакуум орчинд байгаа юм шиг санагддаг. Гэртээ, бас ангийнхантайгаа байхдаа л хамгийн тайван, аз жаргалтай байж чаддаг.

АНГИЙН ДАРГА Д.ДЭЛГЭРНЯМ, Б.ЭНЭРЭЛ НАР: Бид хоёр их хариуцлагатай байх хэрэгтэй байдаг. Завсарлагаа бүрээр босч, ангийнхныхаа дэг журамд анхаарал тавихаас л эхэлдэг дээ

Зүүн гар талаас Б.Энэрэл, Д.Дэлгэрням

О.Ундрал охины Солонгос улсад хийлгэх гэж буй хагалгааны зардалд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахын тулд 7е ангийн 49 сурагч зүрх сэтгэлээрээ нэгдсэн нь дотно, үнэнч байдлыг мэдрүүлж байсан болохоор тус ангийн дарга Дэлгэрням, Энэрэл нартай ч мөн товчхон яриа өрнүүллээ.

YOLOТанай анги хамт олны тусч сайхан сэтгэлтэй, нэгнийхээ төлөө бүгдээрээ сэтгэл зүтгэл гаргаж байгаа байдал олон хүмүүст үлгэр жишээ болж байна шүү дээ. Ийм сайхан нэгдмэл нэг анги хамт олон болоход юу нөлөөлдөг гэж ангийн даргын хувьд боддог вэ?

Д.Дэлгэрням: Найзуудын гинжин хэлхээ гэж хэлмээр байна. Бага ангиасаа хойш өнөөдрийг хүртэл гинжин хэлхээ шиг нөхөрлөлөө таслахгүй, үргэлжлүүлж явж байгаа. О.Ундралынхаа төлөө гар урлал хийж зарж эхэлсэн нь үүнд их нөлөөлж байгаа. О.Ундралынхаа эмчилгээний зардлыг олж чадна аа гэж бодож байгаа.

YOLOТанай ангийн хамт олон нэгнээ амжилт бүтээл гаргахад хэрхэн хүлээж авдаг вэ?

Б.Энэрэл: Үргэлж алга ташин дэмждэг. Гол нь цаашдаа улам их хичээл, амжилт бүтээл гаргаарай гэж хүсэн ерөөдөг.

YOLOТа бүхний энэ үйлс нийгэмд нэлээд танил боллоо. Тун удахгүй хоёр ч телевизийн нэвтрүүлэгт оролцохоор болж, зарим компани гарын бэлэг өгөхөөр болсныг ч олж сонслоо. Энэ бүх олон нийтийн хандлагыг та бүхэн хэрхэн хүлээж авч байгаа вэ?

Б.Энэрэл: Маш гоё байгаа. Гэхдээ бид гол нь энэ олон хүмүүсийн итгэлийг алдахгүй, улам илүү хичээж, хийж буй ажлынхаа үр дүнг гаргах нь чухал гэж боддог.

Д.Дэлгэрням: Тийм ээ. Хэн нь хэн гэлтгүй бид бүгдээр ижил тэгш энэ үйл ажилдаа оролцож байгаа. О.Ундралынхаа эмчилгээний зардлыг бүрдүүлэхийн тулд ингэж хичээж байгааг маань олон хүмүүс мэдэж урамшуулсаар байгаа нь их сайхан санагдаж байна.

YOLOХийсэн гар урлалын бүтээлүүдээ танилцуулаач.

Б.Энэрэл: Янз бүрийн зүүлт, үсний даруулга зэргийг өөрсдийн гараар чимэглэж байгаа. Манай ангийн нэг хүүхэд бас өөрийн гараар янз бүрийн саван хийж байгаа. Удахгүй бүгдээрээ хийж чаддаг болно. Үсний даруулга, бугуйвч зэргээ 1000-1500 төгрөгөөр, савангаа 2500-5000 төгрөг гэх мэт үнээр худалдаалж байгаа.

YOLOТа хоёр энэ сайхан ангиа нэгдмэл, хамтач байлгахын тулд ангийн даргынхаа үүргийг их хичээнгүй гүйцэтгэдэг байх даа?

Д.Дэлгэрням: Тэгдэг. Жишээ нь манай ангийнхан их үймүүлдэг. Ноцолдох дуртай хүүхдүүд /инээв/. Энэ мэтийн зүйлийг хариуцах хэрэгтэй болдог.

Б.Энэрэл: Манай Дэлгэрнямын хэлдэг үнэн. Бид хоёр их хариуцлагатай байх хэрэгтэй байдаг /инээв/. Завсарлагаа бүрээр босч, ангийнхныхаа дэг журамд анхаарал тавихаас л эхэлдэг дээ.

YOLOЭнэ ярилцлагыг уншиж байгаа үе тэнгийн найзууддаа болон хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Б.Энэрэл: Ангийнхаа хүүхдүүдэд ижилхэн сэтгэлээр хандаж байгаарай. Хэн нэг нь өвдвөл өөрөө өвдсөн юм шиг хайрлаж, халамжилж байгаарай.

Д.Дэлгэрням: Бас О.Ундралын эмчилгээний зардлыг олохын тулд хийх гэж байгаа хандивын тоглолтыг ирж үзээрэй гэж хэлмээр байна.

Ангийн багш Г.ПҮРЭВБАЯР: Сайхан сэтгэл ямар ч зүйлийг даван дийлж чаддаг гэдгийг ангийнхантайгаа харж сууна

7е ангийн хэрсүү, томоожсон хүүхдүүдтэй товчхон хөөрөлдсөнийхөө дараа ангийн багш Г.Пүрэвбаяртай ярилцсанаа хүргэе.

Түүнийг Готовын Пүрэвбаяр гэдэг. Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Өдгөө 33 настай математикийн багш. 7е ангийг бага ангийн багшийнх нь дараа дааж аваад хоёр жил болж байгаа ажээ.

YOLOФэйсбүүк төдийгүй нийт цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 7е ангийн үйл хэргүүд ихэд түгээд байна. Ийм атгасан гар шиг ангийг удирдаж залж яваа ангийн багшийн арга барил уншигчдад сонирхолтой байх болов уу?

-Би бол нэг их арга барил гэхээсээ илүү, нэг нэгнээ хүндлэх, хайрлах тийм л сэтгэлийг суулгахыг хичээдэг. Нэг нэгэндээ хов зөөж, муудалцаж байхаас илүү бие биенээ ойлгож, хүндэлж, зохицож, эв найрамдалтай байхыг л сургахыг хүсдэг. Ер нь бол манай анги хоёр өөр анги нийлж бүрдсэн болохоор, нэг хэсэг тэр тал дээр бага зэрэг хэцүү байсан. Харин энэ жилээс шал өөр болчихсон байгаа.

YOLOТа ангийнхантайгаа хэр дотно байдаг багш вэ?

-Ер нь нэлээн дотно шүү. Манай ангийнханд надаас нууж хаах, ичиж эмээх юм ер нь байдаггүй. Багшаа ингэчихлээ, тэгчихлээ гээд л , гэртээ болсон явдлаа ч болж өгвөл ярьчих гээд л байдаг. Гэр орны явдлаа тэр бүр хамаагүй ярьж болохгүй гэх мэтчилэн тэр нээлттэй байдалд тодорхой хязгаар тогтоохыг хичээдэг. Бусдаар бол маш сайхан нийтэч ангийнхан даа.

YOLOТанай ангийн сурагч Б.Уранбатын газраас олсон түрийвчнийхээ эзнийг эрж сураад, аваачиж өгсөн явдал цахим орчинд ихээхэн нэгийг бодогдуулахуйц явдал боллоо шүү.

-Би анх Б.Уранбатын тэр явдлыг фэйсбүүкт тавихдаа, зөв сайн зүйл хийснийг нь ойлгуулж, урам өгөх юмсан гэсэн зорилго тээж байсан. Санаандгүй байдлаар Б.Уранбатын фэйсбүүк хаягийг мэншион хийгээд л тавьчихсан юм. Түүнээс болж маш олон хүнд хүрч, олон хүний хайр хүндэтэлийг хүлээлээ. Олон хэвлэл, мэдээллийн сайтуудаар ч түглээ.

YOLOНийгэм болоод хэвлэл мэдээллийн анхаарлыг багагүй татаж байгаа энэ нөхцөл байдалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Анх өнгөрсөн 9-р сард энэ бүхнийг ийм том хэмжээнд очно гэж ерөөсөө бодоогүй. О.Ундрал охины хандивын аяныг ч тэр зөвхөн анги хамт олны хүрээнээс л эхлүүлсэн. Мөнгөн хандив цуглуулъя гэвэл, зарим хүүхдүүдэд боломж бололцоо нь байхад заримд нь хүнд тусах нь ч бий. 49 хүүхдийн амьдрал өөр шүү дээ. Тийм болохоор зүгээр л эцэг эхээсээ хандив аваад ирдэг бэлэнчлэх сэтгэлгээгээр биш, бөөнөөрөө гар урлал хийж, түүнийгээ зарж ангийн охин О.Ундралдаа туславал яасан юм бэ? гэсэн санааг гаргасан юм. “Бид нар юм зарна гэж юу байх вэ?” гэсэн үүднээс хүлээж авсан хүүхдүүд ч байсан. Бүр том хүрээнд дэвшүүлж сэтгэж байсан хүүхдүүд ч байсан. Сайн санааны үзүүрт тос. Сайн сайхан зүйл бодож санаж эхэлсэн маань ийм амжилттай явж байгаад маш их баяртай байна.

YOLOЦаг хугацааны хувьд О.Ундрал охинд туслах үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр юм уу даа.

Тэгээд хамгийн гол нь, яагаад үүнийг бүр эрчимтэйгээр хийж эхэлмээр сэтгэл оргилсон бэ? гэхээр О.Ундрал маань өөрөө энэ хагалгааны тухайд “яана аа” гэсэн бодолтой яваад байсан юм. Нэг өдөр хичээл орж байтал, “Багш аа, би Солонгос руу хагалгаанд явчхаад ирэхгүй ш дээ” гээд надад нэлээд эвгүй байдлаар хэлчихсэн юм. Би, “Хүүе ээ чи яах гэж байгаа юм, солонгос хүүхэд болох гэж байгаа юм уу?” гээд тоглоом болгоод хариултал, “Багш аа, би энэ хагалгааг даана гэж бодохгүй байгаа ш дээ” гэж хэлсэн. Би асгартал уйлсан. Ерөөсөө энэ бодлыг нь шал өөр тийш эргүүлье, маш сайхан сэтгэгдэл бий болгож, эндээс явахдаа ийм олон хүн хүлээж байгаа шүү дээ, энэ олон хүний хүлээлтийг хөсөр хаяхгүй шүү гэсэн бодол тээж яваг гэж бодсоны үндсэн дээр энэ үйл ажиллагааг маш их эрчимжүүлсэн. Тэр яриаг манай ангийнхан ч бас ер нь ойлгочихсон.

YOLOТа ангийнхныгаа ирээдүйд ямар төлөвшилтэй, ямар зан суртахуунтай хүмүүс болоосой гэж багшийн хувьд хүсдэг вэ?

-Би эрдэм номтой хүн болоосой гэхээс илүү, хүнлэг сэтгэлтэй сайн аав, ээж нар болж төлөвшөөсэй гэж боддог. Түүнээс хүн болгон л өөр өөрсдийн гэсэн хувь заяанд төрсөн, өөр өөрсдийн хувь заяагаар л амьдарна. Тийм болохоор, хамгийн гол нь хүн гэдэг мөн чанараа битгий алдаасай л гэж боддог.

YOLOЯагаад багш болохоор шийдэж байсан тухайгаа товч ярихгүй юу?

-Анх багш болж байхад айдастай байсан ч гэсэн, одоо багшлахаас өөр ажил хийж чадахгүй ч юм шиг бодогдох юм. Тухайн үед өөр мэргэжил сонгох гэж аав ээжтэйгээ зөрчилдөж л байсан. Харин одоо бол багш болсондоо маш их баярладаг юм шүү дээ. Одоо 13 дахь жилдээ ажиллаж байна.

YOLOБагш хүн байхын утга учир, эрхэм зорилго юунд оршдог юм бол?

-Бусад олон янзын л мэргэжлүүд байдаг. Тэдэнтэй харьцуулахад багш бид нар өглөө сурагч олон хүүхдүүдийнхээ төлөө нүдээ нээж сэрдэг. Ажлынхаа хаалгаар орохдоо энэ олон айлын түм түмэн, мянга мянган хүүхдийн төлөө, тэдэнд инээмсэглэл бэлэглэх, эерэг энерги бий болгохын төлөө орж ирж байгаадаа маш их бахархдаг. Энэ олон хүүхдийн инээмсэглэлийг харж сууна гэдэг л миний хамгийн том бахархал юм даа.

YOLOБусад мэргэжил нэгт багш нартаа юу гэж хэлж, уриалмаар санагддаг вэ?

-Багш хүн хэн нэгнийг хайрлах, хамгаалах, энэрэх тийм л сэтгэлтэй байж чадвал ажил аяндаа ундарч, сайн сайхан хүмүүсийг бий болгоод л явдаг. Тиймээс мэргэжилдээ үнэнч, сайхан сэтгэлтэй байгаарай л гэж... Сайхан сэтгэл ямар ч зүйлийг даван дийлж чаддаг юм байна гэдгийг би ангийнхныхаа хамтаар өнөөдөр харж сууна. Монголын нийгэмд өнөөдөр хар бараан зүйлс бишгүйдээ болдог ч гэлээ, тэдгээрээс илүү олон сайхан зүйлс, сайхан хүмүүс байдаг гэдгийг бусдад таниулж байя гэж уриалмаар байна даа.

YOLOО.Ундрал охины хандивын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа хүмүүст багахан мэдээлэл хүргээч.

-Манай ангийнхны гэр гэртээ, ангийн цагаар хийсэн гар урлалын бүтээлүүд бол одоо зарагдаж борлуулагдаад явж байна. Хувь хүмүүс өөрсдөө ирээд ч авж байна. Маргааш гэхэд бид нар нэг хүүхдээс 4-5 төрлийн гар урлал гарахаар ийм гар урлалын сургалтад бүгдээрээ хамрагдах гэж байна. Гар доорх материалыг ашиглаад саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам гэх мэт бүтээгдэхүүнийг хийдэг хүнтэй холбогдтол, манай ангид үнэгүй сургалт зохион байгуулах санал тавьсан. Маш олон хүн тусалж, дэмжмээр байгаагаа илэрхийлж байна.

Загас барьж өгөхөөс илүү, загас барих аргыг зааж өгөх гэдэг хүний амьдралд хамгийн их тустай. Яг л тийм үйл ажиллагаа болж өргөжиж байгаад би хувьдаа их баяртай байна.

Харин хандивын тоглолт сургууль дээрээ болно. Бидний хандивын тоглолтод ирж оролцохоор СУИС болон МУБИС-ын оюутнууд саналаа илэрхийлсэн. Тэр тоглолтын өдөр бид хийсэн гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулна. Бас Мишээл экспогийн хамт олон үзэсгэлэн худалдаан дээр лангуу гаргаж өгье, өөрсдийн гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулаарай гэсэн санал ч ирсэн. Хамгийн гол нь манай эцэг эхчүүд их тусалж оролцож байгаад бас талархлаа илэрхийлье.

YOLO:Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

49 хүүхдийн зүрх нэг хүнийх мэт цохилж буйг мэдрэх, мэдэрснээ уншигч олон та бүхэнд хүргэж буйдаа тун их баяртай байна. Үнэхээр Г.Пүрэвбаяр багшийн хэлсэн шиг, өнөөгийн манай нийгэмд болж бүтэхгүй зүйл олон ч, урам зориг авмаар үйл явдлууд илүү олон байдгийн нэг жишээ бол 33-р дунд сургуулийн 7е ангийнхан. Тэдний О.Ундрал охины хагалгааны зардалд хувь нэмрээ оруулахаар хөдөлмөрлөж буй бяцхан биедээ багадмаар их үйлсэд амжилт хүсье. Мөн ирээдүйд ч сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхний түүчээ болсоор байх ерөөлийг дэвшүүлж байна.

О.Ундрал охины хандивын данс:

”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/

“ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/

7е ангийнхан

#Love, #Donation, #Friendship