- Уран нугаралт бол маш их хөлс хөдөлмөр, тэвчээр, золиос шаардсан урлаг -
Монголын урлагийн нэгэн сонирхолтой үзүүлбэр бол яах аргагүй уран нугаралт билээ. Манай уран нугараачдаас гадаадын орнуудад энэхүү урлагаа гайхуулж, алмайруулдаг нь цөөнгүй.
Испани улс дахь "Романтик" урлагийн агентлагийн жүжигчин, уран нугараач 18 настай Амарсайханы Пүрэвдулам авьяаслаг охинтой хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
YOLO: Анх яагаад уран нугаралтаар хичээллэх болсон талаар яриагаа эхэлье?
- Аав маань энэ урлагт хөл тавихад тусалсан анхны багш. Халуун зунаар өвлийн куртик өмсгөөд гүйлгэж бие халаалтыг минь хийлгэдэг байсан. Энэ урлагаар хичээллэх хамгийн гол шалтгаан нь охиноо уран нугараач болгох хүсэлтэй аавын маань мөрөөдөл байсан юм. Түүнээс хойш уран нугаралтаар хичээллээд 9 жил болж байна даа.
YOLO: Уран нугаралтаар хичээллээд олж авсан хамгийн том өөрчлөлт юу байв?
- Өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, цагаа зөв зүйлд зарцуулж сурсан. Өөрийнхөө ирээдүйг улам тодотгож, түүнийхээ төлөө хичээх урам зоригийг олж авсан.
YOLO: Таны хувьд тайзан дээр гараад юуг хамгийн ихээр мэдэрдэг вэ?
- Тайзан дээр гарахад маш олон мэдрэмжүүдийг авна шүү дээ. Багахан хэмжээний сандралтай байдаг ч хүмүүсийн алга ташилтаас маш их эрч хүч авч өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Гэхдээ хийж байгаа зүйлээ эцэст нь тултал хийдэг дээ.
YOLO: Уран нугаралт гэх энэхүү урлагийн юунд нь хамгийн ихээр татагддаг вэ?
- Уран нугаралт гэдэг бол маш гайхамшигтай урлаг. Хэн хүссэн нь хийж болдоггүй. Маш их хөлс хөдөлмөр, тэвчээр, золиос шаардсан урлаг. Бэлтгэл хийхдээ мөн тайзан дээр байхдаа би маш их аз жаргалтай байдаг. Тийм ч учраас би энэхүү урлагт өөрийн эрхгүй татагддаг.
Мэдээж урлаг гэдэг хэцүү. Шантрах үе байв уу?
- Тийм шүү. Урлаг гэдэг хэцүү. Шантрах үе зөндөө байсан. Ганцаараа уйлж суусан үе ч бий. Тэр болгонд би бууж өгөхийг хүсээгүй. Өөрийгөө улам зоригжуулж анх яагаад эхлэх болсон билээ гэдгээ үргэлж санадаг. Аавынхаа мөрөөдлийг биелүүлнэ шүү гэж үргэлж өөртөө хэлдэг.
Шантрах үедээ би анх яагаад эхлэх болсон билээ гэдгээ санаж өөрийгөө улам зоригжуулдаг.
А.Пүрэвдулам
YOLO: Цаашдын тань зорилго юу вэ?
- Улам сайн жүжигчин болоод гадаадын орнуудаар аялж Монголынхоо өв соёлыг таниулах. Энэ бол миний ойрын зорилго юм.
YOLO: Таны орж байсан хамгийн дурсамжтай тайз?
- Хамгийн дурсамжтай тайз гэвэл 1-р ангийн үсэглэлийн баяраар юугаа ч мэдэхгүй жаахан охин ааваараа бэлдүүлээд тайзан дээр уран нугарч гар байсан. Тэр бол хамгийн дурсамжтай тайз маань юм.
YOLO: Таны ард маш олон хүн байдаг байх. Тэдгээр хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?
- Надад үргэлж тусалдаг гэр бүлийнхэн, аав ээждээ үргэлж баярлаж явдаг шүү. Шинэ цирк төвийн Отгонцэцэг багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
YOLO: Испани улсын бусад улсуудаас ялгарах онцлог юу вэ?
- Маш олон баяр болдог. Тэдгээрээ өргөн олноороо тэмдэглэдэг. Ялгарах онцлог гэвэл уулзах болгондоо хоёр хацар дээр үнсдэг. Энэ нь эсрэг хүйстэй хүмүүст л хамаатай. Бас маш цэвэрхэн. Гудамж талбайдаа ил задгай хог хаядаггүй. Энэ мэтчилэн Монгол залуууст маань авах чанар их бий. Их найрсаг, цэвэрхэн, соёлтой орон.
YOLO: Эцэст нь хүүхэд залуустаа хандаж болон уран нугаралтаар хичээлэхийг хүсдэг хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?
- Хүүхэд залуустаа хандаж хэлэхэд аливаа зүйлийг хойш тавилгүй шантрахгүйгээр зорьсон зорилгодоо заавал хүрээрэй. Яг өнөөдрөөс эхлээд мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцээрэй гэж хэлье. Өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон юм бүхэн гайхамшигтай.
Уран нугаралтаар хичээллэхийг хүсэж байгаа хүүхдүүдэд, өөрсдийн хүсэл тэмүүллээ олсон хүүхэд багачууддаа шантралгүйгээр өөрийгөө улам хурцалж Монголын нэрийг гаргасан мундаг хүмүүс болоорой гэж хэлье дээ.
YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх