ЗАХИДАЛ: Минийх байгаагүй хүмүүсийн араас худлаа гүйх нь надад өрөвдмөөр санагдаж байна


ССҮТөв | YOLO.MN
2018-11-16

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Минийх байгаагүй хүмүүсийн араас худлаа гүйх нь надад өрөвдмөөр санагдаж байна 

Сайн байна уу? Эсвэл сайн байцгаана уу, гэх нь зөв байх. Би одоо МСҮТ-ийн II курс. Ер нь 11-р анги гэсэн үг л дээ. Өмнө нь ЕБС-д байхад би сургуульд явах дургүй байсан. Яагаад гэвэл надад үеийнхний утгагүй байдал, мөн хэтэрхий болхи байдлаас болж тэднийг хэт дорд үздэг байсан л даа. Тэгээд л энэ чигээрээ 9-р анги хүртлээ энэ хандлагаа баримталсан. Үүнийхээ “ачаар” би найзтай болж чадаагүй л дээ smile. Найзтай болохыг хүсээгүйдээ ч биш л дээ. Зүгээр л чадаагүй.

Би зарим хүмүүсээс жинхэнэ нөхөрлөлийг олж хардаг. Тэгээд би саяхан амьдралынхаа хамгийн зөв алхмыг аавын алдаанд дөрөөлөөд хийчихсэн юм. Тэр нь эртнээс миний хүсэж байсан байршлаа өөрчлөх явдал байсан. Би нэг газраа хэтэрхий удаад байхаар ялзарчих гээд байдаг төрлийн хүн болохоор шилжихийг үнэхээр хүсэж байсан. Тэгээд анх намайг өөр сургууль руу шилжүүлэх биш МСҮТ рүү оруулна гэхэд л жоохон урам хугарсан. Учир нь тэнд дандаа үл бүтэх замбараагүй гарууд, бас залуугаараа хөгширчихсөн хүмүүс байдаг болохоор... Гэхдээ надад өөр сонголт байгаагүй.

Анх ороод ирэхэд надад энэ газар огтхон ч таалагдаагүй. Хүүхдүүдийнх нь маш ядуу үгийн сан болон том хүний өнгө аястай яриа хэллэг болон үйл хөдлөлүүд нь дорд санагдсан. Энд орохын оронд хуучин газраа ялзраад байж байдаг байж гэж бодоод анхандаа буцах оролдлого хийж үзээд л, заяандаа гутарч суув. Гэтэл байдал гэнэт өөрчлөгдсөн. Нөгөө үл бүтэх гарууд хичээлдээ ирэхээ больсон. Би үүний ачаар үлдсэн хүмүүсийг чөлөөтэй ажиглаж чадахаар болж, эдэн дунд дандаа хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйд угаасаа л энэ чиглэлээр явах хүүхдүүд үлдчихсэн байлаа.

Нэрийг нь ч мэдэхгүй хүмүүс намайг нэрээр минь дуудаж эхэлсэн. Сүүлдээ би ч тэдний нэрийг мэддэг болсон. Хичээлээ ч хамт хийдэг болсон. Хамгийн сонин нь эндэхийн багш нарийн хажууд ЕБС-ийн багш нар үнэхээр мэдлэг дутуу санагдсан. За тэр ч яах вэ. Миний асуудал одоо л эхэлж байна.

Би ангиасаа нийлдэг хүүхдүүдтэй болсон. Тэгээд тэднийг магадгүй миний найзууд болчихсон байх гэж бодсон ч тэд надаас өөр, надаас мундаг, надтай танилцахаас өмнө удаан хамтдаа байсан маш олон найзтай байсан. Яриаг нь сонсоход би тэр найзуудынх хажууд үнэхээр хэн ч биш гэдгээ ойлгосон. Яаж ч хичээсэн дайнд нь хүрч чадахгүй. Тэдэнд өөр маш олон найз байдаг. Харин надад зөвхөн тэд л байдаг.

Тэд ойрд хаашаа очихоо надад хэлэхгүй, намайг урих ч үгүй явдаг болцгоосон. Хэзээ ч минийх байгаагүй хүмүүсийн араас худлаа гүйх нь надад өрөвдмөөр санагдаж байна. Би одоо энэ барьцгүй өдрүүдийг үргэлжлүүлэн өнгөрүүлж чадахгүй нь.

Би та бүхэн миний төсөөлж байгаагүй зөвлөгөөг өгнө гэдэгт итгэж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ бол чиний зүгээс гаргах шаардлагатай хичээл зүтгэл шүү

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө чамд нийлдэг хүүхдүүдтэй болсонд баяр хүргэе. Судалгаанаас үзэхэд нүүр нүүрээ харж хамтдаа өнгөрүүлсэн 50 цагийн дараа танилууд байсан хүмүүс найз болох боломжтой гэдгээ мэдэрдэг бөгөөд хамтдаа өнгөрүүлсэн 90 цагийн дараа стандарт найзууд болдог. Мөн нэмэлт 200 цагийг идэвхтэйгээр хамт өнгөрүүлснээр “дотно найзууд” болдог гэж дүгнэсэн байна. Иймд “нийлдэг хүүхдүүд” чинь чиний дотно найзууд болохын тулд цаг хугацаа, мөн хичээл зүтгэл хэрэгтэй.

Миний зүгээс чамд өгөх зөвлөгөө бол: “Чи бусад хүмүүсийг өөртэйгөө цаг өнгөрүүл гэж хүчилж чадахгүй. Гэхдээ чи тэднийг урьж болно шүү дээ. Илүү дотно найзууд болохыг хүсч байгаа хүмүүстэйгээ цаг хугацааг хамт өнгөрөө.  Хэрвээ хамт хичээлээ хийдэг ангийн чинь хүүхдүүд бол зөвхөн хамт хичээл хийхээс өөрөөр цагийг өнгөрөө. Хамтдаа кино үзье гэж урих, хамтдаа хоол идэх гэх зэрэг нь чамайг тухайн хүмүүстэй илүү дотно найзууд болохыг хүсч байгаа гэсэн дохиог тэдэнд өгдөг. Энэ нь чи тэднийг “худлаа гуйж байгаа” зүйл огтоосоо биш. Энэ чиний зүгээс гаргах шаардлагатай хичээл зүтгэл шүү.

Гэхдээ чи хэдий хичээсэн ч тэдний хандлага, чамд зарцуулах цаг өөрчлөгдөхгүй байвал зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээр хэлсэн шиг хэн ч, хэнийг ч өөртэйгөө хамт байхыг хүчилж чадахгүй, болохгүй шүү дээ. Бас чи зарим тохиолдолд арай хүндрүүлж хүлээж аваад, асуудлыг томруулаад байдаг юм биш биз? Ихэнх хүнд нэгээс илүү найзын хүрээлэл байдаг шүү дээ. Найзыгаа ганцхан миний найз байх, эсвэл би хамгийн сайн найз нь байна гэж харамлах нь бага зэрэг амиа хичээсэн үйлдэл болов уу. Энэ талаар мөн бодоорой." Чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter