Мөнгөөр дүн тавьдаг байсан профессорт нэг жилийн хорих ял оноожээ


О.Хандмаа | YOLO.MN
2021-09-30

Оюутнуудаас мөнгө авч дүн тавьдаг нь тогтоогдсон АНУ-ын Балтимор хотын профессорт нэг жилийн хорих ял оноожээ.

Прокуроруудын үзэж байгаагаар 45 настай профессор Эдвард С.Эннелс коллежид математикийн хичээл заахдаа дүнгээ дараах байдлаар үнэлж, оюутнуудад санал болгодог байжээ.

- С үнэлгээ 150 ам.доллар,
- В үнэлгээ 250 ам.доллар,
- А үнэлгээ 300-500 ам.доллар хэмээн үнэлж, дүн тавьдаг байсан аж.

Энэ хэргийн талаар Мэриланд мужийн ерөнхий прокурор Брайн Э.Фрош “Профессор Эдвард С.Эннелс өнгөрсөн жилийн сургалтын долоон сарын хугацаанд 112 оюутнаас хахууль шаардаж, есөн оюутнаас нийт 2815 ам.долларын арван удаагийн төлбөр авсан. Түүнчлэн оюутнуудад сургалтын материалыг үзэх, даалгавраа хаах боломж олгодог цахим нэвтрэх кодыг зарсан ба 2013-2020 он хүртэл 694 удаагийн хандалтын код тус бүрийг 90 орчим ам.доллароор худалдсаныг тогтоосон” хэмээжээ.

Прокурорын болон шүүхийн цахим тэмдэглэлд дурдсанаар профессор Эннелс Балтимор мужийн тойргийн шүүхэд хээл хахууль авч, албан тушаалын ёс зүй зөрчсөн зэрэг 11 гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Түүнд арван жилийн хорих ял оноосон бөгөөд нэг жилээс бусад хугацааг нь шүүхээс түдгэлзүүлж, орон нутгийн шоронд нэг жил хорих ял оноожээ. Түүнчлэн нөхөн төлбөрт 60,000 ам.доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд суллагдсаных нь дараа таван жилийн хугацаанд тэнсэн харгалзах шийдвэр гарчээ.

#Мэдээ #Сонин хачин #Боловсрол