Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтдаг. Бусад могойноос хэрхэн ялгаж, таних вэ?
Он гарсаар нийслэлийн Байгаль орчны газарт суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтны 39 дуудлага ирснээс 9 нь могойн дуудлага байна. Хот орчимд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууцны хотхон, автограш аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, барилгын суурь, шат орчмоос олдох нь их байдаг.
Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хотын аль ч дүүрэгт могой орж ирэх боломжтой байгаа тул орон сууц хотхоны оршин суугчид СӨХ, албан газруудын жижүүр, зам талбайн цэвэрлэгээний ажилчид тухайн орчиндоо өглөө, үдэш оройн цагаар хашаа хашлага, шат, барилгын суурь, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж орчмын нүх сүвтэй газруудад сайтар ажиглалт хийн сэжигтэй болон могой таарсан тохиолдолд бусдад анхааруулах хэрэгтэй гэв.
Мөн ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Эх сурвалж: НБОГ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!