ЗАХИДАЛ: Тэр охинд яаж тоогдох вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-10-27

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр охинд яаж тоогдох вэ?

Сайн байн уу? Саяхан манай ангид нэг охин шилжиж ирсэн юм. Би тэр охинтой хамт суудаг юм. Даанч намайг тоохгүй байх юм. Би тэр охиныг дандаа боддог, бас түүнийг мартах гэж оролдсон ч чадахгүй байна.

Манай найз тэр охиноос асуусан гэсэн. Би асуу гээгүй юм л даа. Яг юу гэж асуусныг нь мэдэхгүй. Лав надад дургуй гэсэн. Өөрөөс нь би асуусан чинь “Би арай тэгж хэлээгүй. Муухай хүүхэд вэ” гээд байсан. Надад дургүй л байх. Яаж тоолгох вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Гол нь харилцаа холбоо үүсгэх нь чухал

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд тэр чамайг яг дургүй юу, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Гэхдээ үүнээс үл хамаараад чи дараах зүйлсүүдийг хийж болно.

1. Та хоёр хамт суудаг юм чинь танилцах гэхээс илүү мэнд мэдэхээс эхэлье. Өглөө бүр өглөөний мэнд мэдэж, хичээл тарахдаа “Баяртай, маргааш уулзъя” гэж, мөн инээмсэглэж хүндэтгэж байгаагаа илэрхийлээрэй. Ямар ч эмэгтэй даруухан, соёлтой, жентельменд дуртай байдаг.

2. Түүнээс өөрт нь өнөөдөр ямар байгааг асуугаарай. Энэ нь өөрийг нь сонирхож байгааг болон чи түүнийг сонсохдоо дуртай байгааг илэрхийлэх боломжтой. Ямар ч эмэгтэй өөрийнх талаар асууж, анхааралтай сонсож байгаа хүнд дуртай. Жишээлбэл: ямар хичээлд дуртай, яагаад, юу сонирхдог, яагаад үүнд дуртай болсон, хамгийн сүүлд үзсэн гоё кино гэх мэт юу ч байж болно.

3. Өөрийн туршлагаас хуваалцах:  Нэг ёсондоо мэдээлэл солилцох юм. Ганцхан юм асуугаад л өөрөө юу ч ярихгүй байж болохгүй. Аль нэг тийшээ явахад хэрэг болдог зүйлс, юуг анхаарах хэрэгтэй байсан гэх мэт энгийн зүйлсийн талаар мэдлэгээ түүнтэй хуваалцаарай.

Гол зорилго нь шууд түүнтэй үерхэх, дотносох биш, та хоёрын хооронд харилцаа холбоо үүсгэх юм шүү. Энэ явцдаа чи түүнийг, тэр чамайг илүү таних болно. Эндээс цаашдаа яавал дээр вэ гэдгээ шийдэж болох юм. Түүнийг зүгээр л ангийн охин, найз гэдэг утгаар нь харж харилцвал чамд мөн илүү тухтай байх болно шүү. Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter