Э.Энхцацрал: Илэрхийлж байгаа зүйлийнхээ үнэнийг харуулж байвал тэр өөрөө гоё зураг


Урлагийн хүмүүстэй ярилцах бүртээ би их догдлох юм. Нээлттэй, нөхөрсөг, дотоод ертөнцтэй хүнтэй уулзвал ч бүр их догдолдог гэдгээ нуух юун. Зураг бүрээс нь ертөнцийг нь мэдэрч чадах, дотоод төсөөллийг нь ойлгож болмоор тийм урлагийн бүтээлээр дүүрэн Э.Энхцацрал энэ удаа бидний урилгыг хүлээн авлаа. “Хобби гэдэг зүйлийг өрсөлдөөнгүй байлгасан нь дээр” гэж өөртөө итгэлтэй ярих тэрээр дотоод төсөөлөлдөө умбадаг, хурц тод өнгийг харахыг хүсдэг, яг өөртэй нь адилхан өнгөнд дуртай хүмүүст зориулан “Аквариум” хувийн бие даасан үзэсгэлэнгээ долоодугаар сарын 21-нд олны өмнө дэлгэсэн. Тэрээр удахгүй Хонг Конгийн Политехникийн их сургуульд суралцахаар алс холыг зорих гэж байгаа аж. Гэрэл зураг, түүний дотоод ертөнцийн талаар хэсэг хугацаанд ярилцсан ярилцлагыг хүлээж авна уу!

YOLO: Гэрэл зурагтай холбогдсон түүхээс чинь яриагаа эхлэе?

-Төгсөх ангид байхаасаа эхлээд гэрэл зураг сонирхож эхэлсэн. Гэрэл зургийн зохиомж гэхээсээ илүүтэйгээр өнгө гаргаж ирэх надад таалагддаг. Анхандаа зураг авахаасаа илүүтэй, байгаа зурагны өнгийг нь өөрчилж өнгөөр тоглодог байлаа. Зураг авч эхлэхээсээ өмнө InstagramTumblrSupersonicartThe ArtidoteBerlin ArtParasites сайтуудаас гоё гоё өнгөтэй зураг цуглуулаад,  хооронд нь эвлүүлж маш гоё хана үүсгэх дуртай байсан. Тэр үед инстаграм дээр зурагнуудаа хадгалж, найзууддаа сонирхуулах нь тохиромжтой байсан болохоор өдөр бүр янз бүрийн зурагнууд хийчихдэг байсан.  Харин дараа нь зурагны зохиомж, камер, линз, фотошоп, lightroom дээр яаж ажиллахаа сурчихаад зураг авч эхэлсэн.

YOLO: Анхны бие даасан үзэсгэлэнгээ олны өмнө дэлгээд удаагүй байгаа шүү дээ. Яагаад үзэсгэлэнгээ гаргах болсон талаар хуваалцаач?

-Өдөрт тогтмол дөрвөөс таван цагийг зурган дээрээ зарцуулдаг, бараг донтчихсон байсан гэх үү дээ. Хэтэрхий их цагаа тийм зүйлд зарцуулаад байхаар эргэн тойрны хүмүүс ойлгохгүй байх шиг байсан. Бас ихэвчлэн хоорондоо зохицохгүй олон өнгийн зураг янзалдаг байсан болохоор бүх зургаа сошиал дээр нэг дор тавьдаггүй байсан. Удаан хугацаанд өдөр бүр зураг авч, боловруулсаар байгаад олон зурагтай болчихсон. Хүмүүс хийж байгаа зүйлийг маань анзаарахгүй “Их цагийг утас, компьютер дээр үрж байна. Гадуур тэнэж байна” гэx  мэт үг хаядаг байсан. Тэгээд л авсан зурагнуудаа амь оруулаад, нүдэнд нь харуулвал үнэ цэнэ харагдах болов уу гэж бодсон юм. Тэгээд ч өөрийнхөө  зурагнуудыг ханаар дүүргэчихээд дунд нь бясалгаад суух, төсөөллийн өнгөө бодит болгоод дунд нь сууна гэдэг их гоё. Хүмүүст үзүүлж, харуулъя гэхээсээ илүү тийм мөрөөдөлтэй байсан. Хоёр жил бодсон. Бүтээлүүд нь бэлэн байсан. Гэнэт шийдээд, гэнэт хийсэн дээ.

Миний бүтээсэн зүйлд худал хуурмаг битгий байг.

Э.Энхцацрал

YOLO: Маш олон бүтээлүүд дундаасаа хүмүүст үзүүлэх зуун бүтээлийг сонгох амаргүй байсан болов уу?

-Төрсөн өдрөөрөө үзэсгэлэнгээ гаргасан шалтгаан маань гэрийнхнээсээ дэмжлэг авах байсан. Дөрвөн жил гадаадад сурахаар явахаасаа өмнөх “bye party”, хоёр жил өдөр бүр дөрөв, таван цагаар хийсэн зүйлийнхээ үр дүнг амьд болгох гэж төрсөн өдөр, үзэсгэлэн гурвыг зэрэгцүүлчихье гэж гуйгаад төсвөө авсан. Зарим зурагнуудаа зараад гаргасан зардлаа буцаагаад нөхөж чадсан л даа. Үзэсгэлэнгээ гаргахаас долоо хоногийн өмнө зуслангаас хүрч ирчхээд “Би ингээд л явчих байсан юм уу? Найз нар маань намайг явсны дараа мартах байх даа. Ямар нэг дурсагдах юмгүй. Гэрийнхэн маань ч миний нөгөө талыг харахгүй” гээд сэтгэлээр унасан. Тэр үед зурагнуудаа дахиад нэг бүгдийг нь хараад хамгийн сайн болсонуудыг нь тоолж үзэхэд  хангалттай хийж чадах юм шиг санагдсан. Найз маань art director-оор сурах зорилготой, найз залуу маань ч гэсэн зурагчин болохоор тэр хоёроор шүүлгээд зуун зураг болгосон. Үзэсгэлэнгийн үеэр намайг дэмжиж найз нарын маань хамтлагууд болох Andromeda, Seismic waves хэмээх хамтлагууд  ирж дуулсан. Тэд нартаа маш их баярладаг. Хүмүүст ч бас таалагдаад, маш олон хүмүүс ирж надтай танилцсан. Нийтэд нээлттэй байсан болохоор олон хүн ирсэн. Анхандаа зуун хүний үйл ажиллагаа хийнэ гэж бодож байсан боловч нээлтэн дээр маань галлерейн хоёр заал дүүрэн, хоёр зуу орчим хүн ирсэн.

YOLO: Үзэсгэлэнгийн нэр чинь их сонирхол татаж байна. Яагаад “Аквариум” гэж нэрлэсэн юм бэ?

-Бүгдийг нь багцлаад хэлье гэхээр цаг нь тулчихаад нэр олддоггүй юм билээ. Зүгээр л надтай хамт байнга байсан зүйл. Хэн нэгэн “Чи хэн бэ?” гэж асуувал өөрийгөө нэг үгээр хэлж чадахгүйтэй яг адилхан зүйлтэй тулгарсан. Үзэсгэлэнгээ нээх өдрөө нэрээ бодож олсон. “Аквариум”-ыг бодоод байхад дотроо устай, өнгөт чулуутай, загаснуудтай, модтой. Гэхдээ аквариум шилэн болохоор тэр орчиндоо бодит амьдралыг дотроос нь харж болдог. Усан дотроос гэрлийн тусгал өөрчлөгдөж харагддаг, доторх өнгөт зүйлүүдээс хамаараад агаар хүртэл өөр өнгөтэй харагддаг. Өнгөтэй холбохын тулд аквариум гэж нэрлэсэн. Бөөрөнхий шилэн хоргон доторх жижиг жараахай нь би. Хожим нь энэ нэр зурагнуудтай маань сайн зохицсон. Зурагнуудад маань усан цэнхэр, тод хурц улаан, улбар шар, шар өнгөнүүд их байсан болохоор усан доторх өнгөт амьдрал гэж хэлж болохоор. Миний 48 зураг хоёр дарж байж нэг зураг гардаг double exposure гэдэг тохиргоон дээр авагдсан байдаг. Камернаасаа шууд тэгж гардаг. Тэгэхээр шилний цаанаас харж байгаа мэт харагддаг юм.

YOLO: Чи уран бүтээлээрээ өөрийгөө сорьсон тэмцээн, уралдаанд оролцож байв уу?

-Огтхон ч тэгнэ гэж бодож байгаагүй. Яагаад гэвэл миний уран бүтээл хэнтэй ч өрсөлдөхүйц гэж бодохыг хүсдэггүй. Өөрөөрөө байж байвал боллоо. Бусад бүх зүйл дээр өрсөлдөнө. Хүссэн хүсээгүй би ажил дээр, боловсрол, нийгмийн байр суурь, бизнес гээд бүх л газар өрсөлдөнө. Ингэж өрсөлдөж байхад хобби гэдэг зүйлийг өрсөлдөөнгүй байлгасан дээр гэж би боддог.

YOLO: Чиний бодлоор зургийг засварлах явц нь чухал уу, эсвэл авах үйл явц нь чухал болов уу?

-Аль аль нь. Зургаа үнэ цэнэтэй, зохиомжтой, утгатай байлгахын тулд зургаа авах дээрээ тулгуурлах ёстой. Харин зургаа авсныхаа дараа яаж янзлах нь миний дур байдаг. Тэр тусмаа улам илүү эрх чөлөөтэй болдог гэх үү дээ. Янзлах дээрээ илүү их цаг хугацаа зарцуулдаг.

YOLO: Зарим зургаа утсан дээрээ янзалдаг гэж байсан. Ямар программууд ашигладаг вэ?

-Утсан дээрээ Adobe Lightroom CCAdobe Photoshop Fix гэсэн хоёр аппликейшн ашигладаг. Гэхдээ үзэсгэлэн дээр гаргасан ихэнх зургуудыг компьютерын Lightroom, Photoshop дээр янзалсан.

YOLO: Хонг Конг-д сурах гэж байгаа гэсэн. Ямар мэргэжлээр суралцах гэж байгаа вэ?

-Эхний ээлжинд маркетингийн чиглэлээр сурах хүсэлтээ явуулчихсан байгаа. Харин очоод брэндинг тал руугаа явна гэж боддог. Би дизайн талдаа их сонирхолтой. Яг дизайнераар мэргэшихгүй ч гэлээ  үндсэн суурь мэдлэгээ аваад брэндингтэй холбосон нь илүү зах зээлд хүчтэй байх болов уу гэж боддог.

YOLO: Бидэнд сонирхолтой байх үүднээс асууж байгаа юм. Жинхэнэ нэр чинь Энхцацрал, фейсбүүк нэр чинь Аниржин, уран бүтээлээ Cacarela нэрээр туурвидаг. Яагаад ийм олон нэртэй байгаа юм бол?

-Би багаасаа л Цаца гэдэг нэрээрээ явдаг байсан. Манай эмээ, өвөө, ангийнхан Цаца гэж дууддаг. Надад ганцхан л оногдох нэр байсан. Миний балчир насны үнэ цэнэ энэ нэртэй цуг явдаг. Жаахан Цацагийн үнэ цэнэ энэ нэрэнд оршдог. Хүн том болоод нийгэм дотор орохоор өөр олон дүр төрхтэй болж эхэлдэг. Жаахны дүр төрхөө өөрөө мартахгүй ч гэлээ нийгэмд мартагддаг. Нийгэмд мартагдаад ирэхээр хүмүүс чамайг зоргоороо ярьдаг, чамайг зоргоороо дуудаж, бодож, дүгнэдэг. Цаца гэдэг нэрийг би тэгж дүгнүүлэхийг хүсээгүй. Энхцацрал гээд фейсбүүк дээр байж байх нь нэг л эвгүй, тухгүй санагдаж байсан. Зурагнууд минь миний дотроос гарч байгаа зүйл л дээ. Гэхдээ зурагнуудаар минь дамжуулаад намайг дүгнэхэд би хэтэрхий урлаг талаараа Цаца гэдэг хүнийг үүсгэмээргүй санагдсан. Тэгээд Аниржин гээд л нэрлэчихсэн. Ер нь зугтаасан гэх үү дээ. Сacarale гэдэг нь миний цацрал.э гэдэг нэр байгаа юм.

YOLO: Чи зурагнуудаа ихэвчлэн ямар хэв маягаар авдаг вэ?

-Баримтат, хөрөг, сурталчилгааны гээд олон хэв маягууд байдаг. Аль нэгэнд нь баригдсан хүмүүс их байдаг л даа. Би ч бас яваандаа баригдах л байх. Одоохондоо бол баригдаагүй байгаа. Гэхдээ яг өнгөн дээрээ баригдчихсан. Өөрийн гэсэн өнгө гаргаад ирчихсэн. Миний ихэнх зургууд нэг бол хөрөг эсвэл баримтат байдаг. Volumaplus-д  ажиллаж байхдаа сурталчилгааны зургийг дуучин Ука дээр авч үзсэн. Ийм төрлийн зурагны өнгө, зохиомжийг хийвэл хийж болох л юм билээ. Гэхдээ цаад байгууллага, хүн нь юу хүсээд байна гэдгээс хамаараад их баригддаг. Тэгээд ирэхээр зурганд сонирхолгүй болж эхэлдэг юм шиг санагдаж байсан. Өөрийнхөөрөө гэвэл баримтат, хөрөг, өнгөн дээрээ ажиллавал абстракт тал уруугаа авах гэж хичээдэг. Цаашдаа абстракт зурагчин болмоор л байдаг юм.

YOLO: Урам зориг авдаг зурагчин бий юу?

-Байгаа. Sarahbahbah гээд гэрэл зурагчин бий. Түүний мэдрэмж нь маш гоё. Хуучны мөртлөө нэг тийм гоё үзэмжтэй, шулуухан, хайнга байдал нь өөрт нь маш гоё зохицчихсон. Яг стиль гэж хэлмээр зургаа авдаг. Өөрөө шүлэг бичдэг. Зурагныхаа доор хадмалаар загвар өмсөгч нь хэлж байгаа мэт бичдэг нь зурагных нь уур амьсгалыг хүртэл үгээр илэрхийлээд гаргаад ирдэг. Өнгө нь, моделиуд нь, өөрөө ч гэсэн үнэхээр гоё хүн байдаг. Уран бүтээлч талаараа бол тэр. Supersonicart гээд tumblr дээр хуудас бий. Тэр хуудас бүх төрлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг хуваалцдаг. Зөвхөн зураг гэлтгүй философи хайрладаг The Artidote  гэж хуудас бий. Гоё зурагнаас гадна маш гоё тайлбар бичдэг. Өдөр тутам тааралддаггүй, ярьдаггүй зүйлсийг бичдэг. Монголоос  бол Төмөрбаатар зургаа сайн янзалдаг, өнгө нь, агуулга нь сайн. Бас Даавка. Манай найз залуу.

YOLO: Найз залуу чинь ч гэсэн зурагчин шүү дээ. Та хоёр бие биенийхээ сонирхол, ажилд сайн зөвлөгч, бас сайн шүүмжлэгчид байж чаддаг байх. Тийм үү?

-Бид хоёр зарим зурган дээр “Хөөх, ямар гоё зураг вэ? надад өгчих” , “Үгүй ээ! юу яриад байгаа юм бэ? Энийг чинь би авсан ш дээ”, “Би өнгийг нь хийхэд туслаа биз дээ” гээд зөндөө хэрэлдэнэ. Нэг нь зургийг аваад, нөгөө нь өнгийг нь хийчихсэн тохиолдолд зурагнуудаа их булаацалддаг. Жишээ нь үзэсгэлэнгээ гаргахад Даавка миний зургуудыг шүүж өгсөн. Бас бид хоёр анх зургаар танилцаж байсан. 

YOLO: Чиний бодлоор сайн зураг гэдгийг юу гэж тодорхойлох вэ?

-Үзэсгэлэн дээр маань сонирхогчоос гадна урлаг судлаачид, график дизайнерууд,  шүүмжлэгчид ирсэн. Тэд нараас сонсож байхад “Чи хэв маягаа олчихсон байна” гэж надад хэлсэн л дээ. “Өнгө, дүрс, өнцөг хэв маяг чинь ерөнхийдөө тогтчихож. Гэхдээ ямар ч уран бүтээлчид залуудаа хэв маягаа олсон боловч яг хүнд хүргэх, классик болгож үлдээхийн тулд маш олон зүйлтэй тулгардаг. Төгс бүтээл гаргахын тулд утга чинь бүрэн төгс байх ёстой” гэдгийг ойлгуулсан. Одоо бол минийх зөвхөн орон зай, хүрээлэл л байгаа. Цаашдаа орон зай маань утга учиртай болоод маш том бүтээл гаргах, түүхэнд үлдээх зүйлийг бүтээвэл түүнийг маш сайн уран бүтээл гэж хэлэх байх.

YOLO: “Дүрс, өнцөг, өнгө болгон минь амьдралаас ташуу байг. Худал хуурмаг дүрсэнд биш амьдралд бий болох тохиолдлуудад л оршин байг. Хурц тод өнгө төрхийг амьдрал дээр эсвэл зүүдэндээ бодитоор харахыг хүсэх дотоод төсөөлөлтэй хүн бүхэнд зориулан бүтээв” гэж үзэсгэлэнгийнхээ тайлбар дээр бичсэн байсан шүү дээ. Утгыг нь тайлбарлавал?

-Миний харж байгаа өнцөг бусад хүмүүсийн харж байгаагаас өөр байж магадгүй. Дотоод төсөөлөл ихтэй. Тэр дотоод төсөөллөө зурган дээрээ буулгахдаа өдөр тутам хардаг зүйлсээ буулгахыг хүсдэггүй. Тийм болохоор “Дүрс, өнцөг, өнгө болгон минь амьдралаас ташуу байг” гэсэн өгүүлбэр толгойд орж ирсэн. Зургуудаа эргүүлээд үзэж байхад тухайн мөчдөө айхтар юм бодож аваагүй ч гэсэн, дараа нь бүгдийг нь харахад тэр өгүүлбэр л орж ирдэг юм билээ. “Худал хуурмаг дүрсэнд биш амьдралд бий болох тохиолдлуудад л оршин байг.” – нөгөө талаараа би өөртэйгээ тэрсэлдсэн. Энэ чинь үнэн биш. Энэ чинь хуурмаг. Чи бусдыг хуурч байна. Байгаа зүйлийг байгаагаар нь буулгахгүй байна. Чи бүхнийг бодитоор авч үзэхгүй байна. Хүний нүдийг хуурч байна. Хүний сэтгэлгээг нь өөр болгоод бодитоос таслах гээд байна гэж өөртэйгээ тэрсэлдсэн. Яагаад гэвэл би аливаа зүйлд бодитоор хандахыг хүсдэг. Тэгтэл “худал хуурмаг зурганд байдаггүй” юм шиг санагдсан. Худал хуурмаг хүний бүтээсэн зүйл, энэ нь бодит зүйл дээр л оршдог. Тийм болохоор тэр бодит зүйл дээрээ л байг. Миний бүтээсэн зүйлд худал хуурмаг битгий байг.  Гэтэл яагаад гэдэг асуулт орж ирж байгаа юм. Яагаад заавал байгаа зүйлийг байгаагаар нь байлгахгүй, ташуу болгонгуутаа энэ нь үнэн, худал хуурмаг нь амьдрал дээрээ байх тохиолдлуудад байж байг гээд хэлчхэж байгаа юм бэ? гэхээр надтай адилхан зөндөө олон хүмүүс байгаа. Амьдралыг байгаагаар нь л харахаас илүү дотоод төсөөлөлдөө умбадаг, хурц тод өнгийг харахыг хүсдэг, яг надтай адилхан өнгөнд дуртай хүмүүс байдаг. Тэгэж бодож энэ тайлбарыг бичсэн юм.

YOLO: Чиний одоогийн байгаа түвшинд  хамгийн сайн гэж хэлж болохоор зураг сэтгэлд чинь байна уу?

-Ганц, хоёр зураг орж ирнэ ээ. Хүмүүст бахархалтайгаар үзүүлээд, хүн бүрт нэг зүйлийг мэдрүүлэх тийм зураг гэвэл одоохондоо байхгүй байгаа. Зөвхөн өөрт маань таалагддаг бол бүтээл бол бий.

YOLO: Фото төрх гэж үнэхээр байдаг болов уу? Хэдий хичээсэн ч зурган дээр тийм ч сайхан гардаггүй нэгэн, эсвэл ямар ч үед зурган дээр сайхан гардаг хүмүүс байдаг даа. Эсвэл ийм зүйл огт байдаггүй,  зурагчны чадвараас л хамаардаг зүйл юм болов уу?

-Миний хувьд зурагчны ур чадвараас хамаарч байгаа гэж бодож байна. Би зурагны талаарх маш олон зүйл дээр мэтгэлцдэг. Бизнесийн рекламын зургууд илүү өөрсдийн гэсэн стандарттай байх ёстой, нэг зүйлээ сурталчлах гээд байгаа болохоор түүнийгээ хамгийн сайхнаар харуулах ёстой гээд  магадгүй өөр байдаг байх. Харин зураг авахад бол тийм зүйл ямар ч хамаагүй. Илэрхийлж байгаа зүйлийнхээ үнэнийг харуулж байвал тэр өөрөө гоё зураг болдог. Загвар өмсөгчид дээр яривал  царай муутай гэх юм, өндөр нам байна гэх юм, бүдүүн байна гэх юм, арьс нь өө сэвтэй байна гэх юм. Харин тэд нарынхаа онцлог, нүдэн дэх харц, дотоод хүнийг нь дүрсэн дээрээ буулгаж чадвал тэр сайн зураг болж чадна. Би арьсны өө сэвэнд дуртай. Ямар нэгэн түүх өгүүлнэ, эсвэл юу ч өгүүлэхгүй. Зүгээр л тэр хүнийг тэр болгож байгаа, онцолж өгч байгаа зүйл нь арьсных нь өө сэв нь гэж би боддог. Би хөрөг авахдаа хамгийн сайнаараа арьсных нь өө сэвийг гаргаж өгөхийг хичээдэг.  Тийм болохоор дотны найзуудынхаа зургийг л авдаг. Тэд нар миний үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Танихгүй хүний зургийг өөрийнхөөрөө янзалж чаддаггүй. Яагаад гэвэл тэд нарт таалагдахгүй байх нь элбэг.

Төсөөллийн өнгөө бодит болгоод дунд нь суух их гоё.

Э.Энхцацрал

YOLO: Хүн бүрийн зурагны талаарх үзэл бодол өөр. Зарим нь дурсамжтай мөч бүрээ хадгалж үлдэхийг хүсдэг бол зарим нь тухайн хормыг сэтгэлдээ л үлдээхийг хүсэх нь бий. Бүр зургаа авахуулахыг хүсдэггүй, нас богиносно гэж итгэдэг ч хүн байдаг шүү дээ. Тэгэхээр зурагны мөн чанар нь яг юу юм бол?

-Би зургаар хүнд өөрийнхөө мэдрүүлэх гээд байгаа зүйлийг өгөх гэж оролддог. Миний хувьд бол цонх ч юм уу, шил ч юм уу, тийм л зүйл. Яг зураг гэдгийн мөн чанарыг олон талаас нь бодож байгаагүй юм байна. Би жаахандаа дотроосоо нэг юм илэрхийлэхийг л их хүсдэг байсан. Гэхдээ яг юу илэрхийлэх гээд байгаагаа мэдэхгүй. Дотор байгаа тэр зүйлийг бусдад хүргээд л, гайхшруулаад л, бодоогүй зүйлийг нь бодуулах юмсан гэж багадаа их хүссэн. Тэр хүслээрээ нэг хэсэг мэтгэлцэж үзсэн, уран зохиолоор юм бичиж үзсэн. Эцэст нь зураг авах нь миний гарц байсан.

YOLO: Уран бүтээлч хүн бүрт онгод гэж бий. Энэ ойлголт зурагчдад ч гэсэн хамаатай байдаг болов уу?

-Бодоод байхад өөр л юм байна л даа. Юм бичдэг байхад онгод жинхэнээсээ орж ирээд бичдэг байсан. Зураг авахад бол зүгээр байж байгаад “Мхм, Би яг ийм л зураг авах ёстой юм байна” гээд авдаггүй. Харин зураг авахад өөр зүйл байдаг. Тавилттай зураг тэр болгон гоё санагддаггүй. Зүгээр л камертайгаа явж байх үедээ нэг агшинг хараад “Хүүе ээ! Энийг заавал авахгүй бол болохгүй юм байна” гээд тэр агшинд маш хурдан авах нь л онгод болж таардаг. Тэр нь дүрсэнд үлдчих юм бол тэр агшинг харсан үедээ ямар сэтгэл хөдлөлтэй байсан, тэр сэтгэл хөдлөл нь тээгдсээр байдаг.

YOLO: Гудманд маш олон хүмүүс чиний харсан зүйлийг харж байгаа шүү дээ. Гэтэл чи л мэдрээд тэр агшинг үлдээнэ гэдэг нөгөө утгаараа чиний ертөнцийг харах өнцөг болж байгаа юм биш үү?

-Би ч гэсэн тэгж боддог. “Нүднээ буусан 18 жилийн амьдралaac хийсэн нисэх үзлийн навчин чиггүй салхины аясаар бодитоос хийсвэр лүү тэмүүлнэ.” Энэ яг чиний сая хэлсэн зүйлийг гаргаж ирч байгаа юм. Би энийг арван таван настайдаа бичиж байсан. Гэхдээ одоо болтол энэ үг надад үнэ цэнэтэй байдаг. Үзлийн навчин гэхээр жирийн навчнаас өөрөөр бодогдож байгаа биз. Навч биш ч байж болно. “Чиггүй салхины аясаар бодитоос хийсвэр лүү тэмүүлнэ” гэдэг нь системд баригдахгүй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Хаашаа л бол хаашаа явмаар. Бодит зүйлээс хийсвэр лүү тэмүүлдэг.

YOLO: Одоо инстаграм дээр хүн бүр л зурагчин болчихсон. Харин хаягаа үр бүтээлтэй, олонд хүргэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Нэг сэдэв дээрээ тогт. Хэрвээ загварын талаар оруулдаг бол түүнийгээ л оруул. Мэдээж заримдаа амьдралын хэв маяг оруулах нь зүгээр л дээ. Гэхдээ нэг үндсэн сэдэвтэй байх хэрэгтэй. Жишээлбэл би өөрийнхийгөө өнгө гэж боддог. Би Volumeplus-д ажиллаж байхдаа “Хамгийн хамгийн” гээд инстаграм дээр хамгийн олон дагагчтай хүмүүсийг нэрлэсэн контент бүтээж байсан. Тэрнээс анзаарч байхад нэг бол зурагчин, make-up artist, fashion blogger эсвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа оруулдаг хүмүүс байсан.   

-Нэг өнгөөрөө дагна. Өөрийнхөө хэв маягийн өнгийг олсон нь дээр. Зурагнууд чинь хоорондоо зохицох хэрэгтэй байдаг. Гэнэт өөрийнхөө хөргийг тавьснаа, хажууд нь байгалийн зураг байвал зохицохгүй. Тэнгэр тавимаар байгаа бол уусга. Олон хүний зураг тавилаа, идэж байгаа хоолоо тавилаа, тэгснээ тэнгээрээ тавилаа. Яг үүн дээр UNUM  гээд аппликейшн санал болгоё. Зурагнуудаа урьдчилж тавьчихаад, байрыг нь солиод аль зураг нь аль зурагтайгаа зэрэгцэж байвал зохицож байна гэдгийг харж болдог.

Инстаграм bio-гоо гоё тавь.

Идэвхтэй бай. Байнга story хий.

Сөрөг зүйл огтхон ч оруулж болохгүй шүү.

YOLO: Ярилцсанд баярлалаа.

#PhotoGraphic