Тун удахгүй болох “Зүүн Азийн аврага шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн”-д Монгол Улсаа төлөөлж оролцох хамгийн анхны эмэгтэй үндэсний шигшээ багийн тоглогч С.Удвалтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр багийнхаа хамгийн залуухан тоглогч ажээ.
YOLO: Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигч хүүхдүүдэд өөрийгөө танилцуулаач.
-Сайн байна уу? Намайг Сэр-Одын Удвал гэдэг. Энэ жил 84-р сургуулийн 10в ангид суралцана.
YOLO: Энэ жилийн тэмцээнд хэдэн тоглогч оролцох вэ?
-Одоо болох гэж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 18 охин оролцоно.
YOLO: Баг, хамт олон болгон зорилготой байдаг. Танай багийн зорилго юу вэ?
-Хамгийн хүчирхэг эмэгтэй баг болох.
YOLO: Хэр удаан энэ спортоор хичээллэж байгаа вэ? Энэ спортоор хичээллэхэд чинь хэн нөлөөлсөн бэ?
-Манай аав хөлбөмбөгчин. Тийм ч учраас энэ спорттой багаасаа ойрхон өссөн. Сүүлийн хоёр жил эрчимтэй хичээллэж байгаа.
YOLO: Энэ тэмцээнд орох баг хамт олноо хэзээ, яаж сонгосон бэ?
-Гурван сарын өмнө бүгдийг нь дуудаад бэлтгэлээ хийж эхэлсэн. Одоохондоо үндсэн 18 тоглогчоо сонгоогүй байгаа.
YOLO: Танай багийн онцлог юу вэ?
-Хамгийн анхны эмэгтэй үндэсний шигшээ гэдэг нь л бусад багаас ялгарах онцлог.
YOLO: Яагаад энэ спортыг сонгох болсон бэ?
-Анх би талбайн теннисээр хичээллэдэг байсан. Гэтэл нэг өдөр ”Дуулиан” тэмцээнд орох болсон. Тэр тэмцээнээс хойш хөлбөмбөгөөр хичээллэх болсон.
YOLO: Долоо хоногт хэдэн удаа, хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ?
- Энэ тэмцээнд бэлдэж эхэлснээс хойш долоо хоногийн долоон өдөрт 2-3 цаг бэлтгэл хийж байгаа.
YOLO: Хөл бөмбөгчид л гэхээр эрэгтэй хүмүүс санаанд ордог. Гэтэл анх удаа Монголоо төлөөлөөд эмэгтэй тамирчид орно гэхээр сонирхолтой санагдлаа. Хөл бөмбөг тоглох хугацаанд чинь ямар саад бэрхшээл тохиолдож байсан бэ?
-Хүнд, ачаалалтай, эрчимтэй бэлтгэл хийх үед ядраад, дархлаа муудаад, амархан өвдчихдөг байсан. Нэг удаа тархиндаа гэмтэл авч байсан. Мөн зарим хүмүүс тоглож байхыг маань хараад, “Эмэгтэй юм байж хөлбөмбөг тоглож чадах уу?”, “Эмэгтэй юм байж ямар лаг юм бэ?” гэдэг байсан. Гэхдээ ямар ч хүнд бэрхшээл тохиолдсон энэ спортдоо хайртай болохоор больж чаддаггүй.
YOLO: Орж байсан тэмцээнүүдээс чинь хамгийн их сургамж авч байсан зүйл чинь юу вэ?
-Би өмнө нь маш чухал тэмцээний өмнө гэмтэж байсан. Тийм болохоор тэмцээндээ оролцож чадаагүй. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хүнд хамгийн чухал нь эрүүл мэнд байдаг. Биеэ бодож болгоомжтой байх хэрэгтэй шүү!
YOLO: Спортын багуудын амжилтын нууц нь дасгалжуулагч байдаг. Тэгвэл дасгалжуулагч чинь та нарыг юу гэж зоригжуулдаг вэ?
-Хийхийг хүссэн зүйлээ л хий. Та нарын алдах нь хамаагүй. Хамгийн гол нь алдаагаа зас гэдэг дээ.
YOLO: Оролцож байсан хамгийн том тэмцээн чинь ямар тэмцээн байсан бэ?
-Шанхайд болсон “Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээн” байсан.
YOLO: Хөлбөмбөгөөр хичээллэснээр хувь хүний зан төлөв чинь хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Би хор шартай охин байсан. Буруу зүйл дээр хор шараа гаргадаг. Харин одоо зөв зүйл дээр хор шараа гаргадаг болсон. Мөн хариуцлагатай, бусдаас биш өөрөөсөө алдааг эхэлж хайдаг болсон. Өмнө нь зөвхөн “Би, би” гэдэг байсан бол одоо “Бид” гэдэг. Бусдыг өөрийнхөө түрүүнд тавьдаг болсон.
YOLO: Гэр бүл чинь хэр дэмждэг вэ?
-Маш сайн дэмждэг. Намайг ерөөсөө хориглодоггүй.
YOLO: Хөлбөмбөг тоглож эхэлж байгаа, тоглож эхлэх гэсэн ч тоглох боломжгүй байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөмөөр байна?
-Хүмүүсийн юу гэж хэлэх нь хамаагүй. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөө л дагаарай гэж хэлье дээ.
YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Удахгүй болох тэмцээнд чинь амжилт хүсье. Мөн зорилгодоо заавал хүрээрэй.
-Баярлалаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх