Х.Нурдавлет: Турк багш нар монгол оюутнуудыг НААШТАЙГААР хүлээж авдаг


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-10-23

Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл ярилцлагын маань ээлжит дугаарт Туркийн Кайсери хотын Эржиес Их сургуульд кино, медиа, телевиз чиглэлээр суралцдаг Х.Нурдавлет оролцож байна. 


YOLOСайн байна уу? Туркийн Засгийн газрын тэтгэлэг бол бүрэн санхүүжилттэй тэтгэлэг. Тэтгэлгийнхээ тухай дэлгэрэнгүй яривал? 

- Энэ тэтгэлэгт хэлний бэлтгэл, сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал, сар бүрийн стипенд болон хоёр удаагийн нислэгийн тасалбарын төлбөр багтдаг. 

Би ахлах сургуулийн 9-р ангиас Турк улсад сурсан. Харин төгсөх жилдээ тус улсын Засгийн газрын тэтгэлэгт материалаа явуулж байсан юм. Материалаа бэлдэх явц амаргүй байсан. Бүр шантрах ч үе гарсан. Өөрийнхөө аль чадахаараа хичээн өргөдлөө явуулахад “тэнцээгүй” гэх хариуг авсан юм.

Ингээд л Монголдоо сурахаар шийдээд ЭЕШ-д бэлдэж эхэлсэн. Тэгэхдээ бууж өгөөгүй ээ. Энэ хугацаанд бэлдэж байгаад тэтгэлэгтээ материалаа ахин явуултал “тэнцсэн” гэдэг хариуг авсан даа. 

YOLOТэнцэхийн тулд багагүй хугацааг зарцуулсан юм байна. Тэгвэл уг тэтгэлэгт материалаа илгээх гэж буй хүмүүс юун дээр анхаарах ёстой юм шиг санагдсан бэ? 

- Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт манай төгсөлтийн хамгийн өндөр голчтой байсан найз маань тэнцээгүй байхад дундаж дүнтэй өргөдөл гаргагч тэнцсэн байдаг. Ерөнхийдөө 50/50 хувийн баталгаатай гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, энэ тэтгэлэгт тэнцээгүй байлаа гээд чи хангалтгүй байна гэсэн үг биш. Тиймээс нэг удаа “тэнцээгүй” гэсэн хариу авсан ч шантрахгүйгээр дахин оролдоод үзээрэй. 

YOLOЭржиес их сургуульд монгол оюутнууд хэр олон байдаг вэ? 

- Би өчигдөрхөн энэ талаар бодож байсан юм байна. Манай сургуулийн сургалтын систем маш чанартай учраас улсынхаа шилдэг арван сургуулийн нэгт багтдаг. Одоогийн байдлаар 15 монгол оюутан суралцдаг. Гэхдээ бүгдээрээ хамтдаа уулзаж амжаагүй л байна. 

 


YOLOТурк улсад тэтгэлэг авахгүйгээр хувийн зардлаар суралцах хэр боломжтой байдаг вэ?

- Мэдээж хувийн зардлаар суралцах боломжтой. Монголд Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байж их сургуульд сурдаг шиг энд ч бас YOS гэх шалгалтыг өгч сургуульдаа элсдэг. Гэхдээ YOS шалгалтыг Турк улсад суралцах гэж буй олон улсын оюутнууд л өгдөг.

Сургалтын төлбөрийн хувьд суралцаж буй сургуулиасаа хамаараад ялгаатай байдаг. Өөрийн зардлаар суралцах гэж буй төгсөгчдөд хувийн зүгээс зөвлөхөд Истанбулийн их сургууль хамгийн тохиромжтой. Истанбул хотод цагийн ажил олдоц сайтай байдаг. Турк улсад цагийн ажлыг аль хотод хийх вэ гэдгээсээ хамааран үнэлгээ нь өөр өөр байдаг юм. Жишээлбэл, миний сурдаг Кайсери хотод цагийн ажлын олдоц тун бага. Үүнээс гадна сургалтын төлбөр маань бусад сургуультай харьцуулахад өндөр байдаг.

YOLOТаны хувьд зөвхөн их сургуульдаа ч бус ахлах сургуульдаа ч гадаадад сурсан юм байна. Хүний нутагт, гэр бүлийнхнээсээ хол олон жилийг өнгөрөөх амаргүй байсан байх. Хүнд хэцүү үеэ хэрхэн даван туулж байв?

- Ахлах сургуулийн ес болон аравдугаар ангид сурч байх үед гэрээ санаж, бэтгэрэх үе олон байсан болохоор “ер нь больдог ч юм билүү?” гэсэн бодол хааяа орж ирдэг байсан. Гэхдээ айлын ууган хүүхэд болохоор сайн сураад ирээдүйд дүүгээ “авч явах” хэрэгтэй гэж бодоод гүрийдэг байсан. Угаасаа нэгэнт оччихсон болохоор тэснэ л дээ. Одоо харин энд байгаад дасчихсан. Гэрийнхэн маань “Хурдан төгсөөд ирээрэй” гэдэг /инээв/.

YOLOХичээлийн хажуугаар чөлөөт цаг зав хэр их гардаг вэ?

- Чөлөөт цаг гардаг. Энэ хугацаандаа ихэвчлэн сагс тоглож, найзуудтайгаа салхинд гардаг. Бас гитар тоглодог болохоор дуу бичих гэж оролдоно оо.

YOLOГэр бүлээсээ хол байгаа үед дуу хөгжим ихээхэн хань болдог байх.

- Тийм шүү

YOLOЯрилцлагаа Турк улсын тухай яриагаар үргэлжлүүлье. Туркчүүд Монголчуудад их элгэмсүү ханддаг гэж сонссон.

- Гарын таван хуруу ижил байдаггүй гэдэг шиг янз бүрийн хүмүүстэй тааралдана. Гэхдээ ихэнх нь тун дажгүй. Сургууль дээрээс жишээ авахад багш нар нь монгол оюутнуудыг их нааштай хүлээж авдаг. Монголын газар нутгаас нүүж одоо байгаа нутаг дэвсгэртээ ирсэн болохоор ч тэр үү элгэмсүү байдаг. Нэмж хэлэхэд хүнд муу зүйл санадаггүй, их зочломтгой хүмүүс шиг санагддаг.

YOLOСонгосон мэргэжил тань сонирхолтой санагдлаа. 

- Би бага байхаасаа л бичлэг edit хийх /засварлах/ сонирхолтой байсан. Тиймдээ ч график дизайн юм уу, одоо сурч байгаа мэргэжлийнхээ аль нэгийг л сонгоно гэж боддог байсан юм. Киноны “Post production” буюу зураг авалт дууссаны дараах edit хийх үйл явц зарим тохиолдолд ганцхан хүнээс хамаарах нь бий. Тэр хүн киноны өнгө дүрс, дуу чимээ зэргийг бүгдийг нь засдаг. Миний хувьд сонирхлоо дагаад явж байна гэх үү дээ.

Гэхдээ мэргэжлийн маань онцлог нь кино бүтээхээсээ илүүтэйгээр киноны төсөв яаж зарцуулагддаг, үзэгчдэд хэрхэн хүрдэг, ашгаа хаанаас олох гээд бүх зүйлийг судалдаг. 

 


YOLOТа хэдэн хэлээр ярьдаг вэ? 

- Өөрийн түвшинд турк, монгол, англи, казах, киргиз гэсэн таван хэлийг ашигладаг. Багадаа эмээ, өвөө дээрээ өссөн болохоор казах хэлийг эхэлж сурсан. Харин бага ангид ороод монгол хэл сурсан. Англи хэлийг ЕБС-ийн сургалтын системийн дагуу сурч эхэлсэн. Ахлах ангид ороод англи хэлийг гүнзгийрүүлэн сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тиймдээ ч Монголд очдог жилдээ гурван сарын турш сургалтад хамрагдаж байсан. Турк хэлний хувьд багагүй хугацаанд орчинд нь байсан болохоор өөрийн болгож чадсан. Ерөнхийдөө аливаа хэлийг сурахад хамгийн чухал нь үг цээжлэх гэж боддог. 

YOLOДөрвөн жилийн турш “оюутан” гэх хүндтэй нэрийн дор явлаа. Оюутнуудад өгөх зөвлөгөөгөөр тань ярилцлагаа өндөрлөе. 

- Хүмүүс их сургуулийн дөрвөн жилийн хугацааг хүний амьдралын хамгийн сайхан жилүүд гэдэг. Миний хувьд “COVID-19” цар тахлын улмаас тал хугацааг нь хөл хорионд өнгөрөөлөө. 

Энэ дөрвөн жилийн хугацаанд хамт олон, найз нөхөдтэй болж, тэдэндээ цаг зав гаргахыг хичээгээрэй. Мөн мэргэжлээ эзэмшихэд лекцийн тэмдэглэл хөтөлж, ном унших нь хангалтгүй. Багш нар шахаж шаардахгүй байсан ч дадлагыг аль болох сайн хийх хэрэгтэй. Тиймээс онолын хичээлээс гадна сурч буй чиглэлээрээ ажиллаж дадлага, туршлага хуримтлуулаарай гэж зөвлөе. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

 

#Боловсрол #Тэтгэлэг #Турк