Элэг бүтэн амьдралыг цогцлооход ДОНОР таны оролцоо чухал


Р. Адъяасүрэн | YOLO.MN
2021-03-02

-2018 онд бэлтгэсэн сурвалжлагыг дахин нийтлэв.-

Улсын ууган төрөх болох “Өргөө” амаржих газрын мэс заслын дараах өрөө. Гартаа уян зүү хатгуулж, сульдсан эмэгтэй ариун цэврийн өрөөнөөс алхсаар гарч ирэв. Тэр бүсгүй “Би ч ингээд үхэх нь гэж бодсон. Хоёр хүү, хань минь л нүдэнд харагдаад маш их айсан даа” хэмээн хоолой зангируулан ярина.

Хорвоод ирээд 30 дахь хавраа үзэж, үр хүүхэд, хань ижил гээд амьдралын амтыг дөнгөж мэдэрч эхэлж буй энэ бүсгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр төрөх эмнэлэгт иржээ.

Эхний төрөлт нь кесарево хагалгаа байсан бөгөөд 15.08 цагт 3.9 кг “том” залуутай болжээ. Харин хоёр дахь төрөлтийн үеэр цус алдаж үхэл амьдралын заагт очсон ч алтан гарт эмч нар, ачтан доноруудын тусаар амь нас нь аврагдсанд талархаад ч баршгүй хэмээж байв.

“Үнэхээр хэцүү давааг давлаа. Дахиж төрөхөөс айж байна” гэх бүсгүйг эмч тайвшруулан “Миний охин таван жилийн дараа гэхэд л айдас чинь алга болчихно оо. Хоёр хүүтэй хүн чинь одоо охинтой болно шүү дээ” хэмээн толгойг нь илнэ. Арга ч үгүй өмнөх өдөр нь амьдрах эсэх нь яригдаж байсан хүн ингэж хэлэхээс яах билээ.

“Төрсний дараа умайн булчингийн агшилт муудсанаар цус алдах эрсдэл үүсдэг. Цус биед маш чухал үүрэг гүйцэтгэдэг шингэн эрхтэн. Бие махбодод хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Хүний тархинд хэдхэн минут л цус очихгүй байхад тархи үхжиж эргэшгүй өөрчлөлтөд ордог" гэж П. Эрдэнэбаатар эмч хэлсэн юм. 

Түүний хажуугийн өрөөнд өндийх ч тэнхэлгүй хэвтэж буй бүсгүйг Б гэдэг. Тэрбээр мөн л 30 гарч буй нэгэн. Анхны төрөлтөөрөө хоёр ихэр хүүхэдтэй болж, аз жаргалаар дүүрэн байгаа хэдий ч өчигдөр түүний хувьд маш хүнд өдөр байлаа. Үүрийн дөрвөн цагт яаралтай дуудлагаар хүргэгдэж, П.Эрдэнэбаатар ахлагчтай эмч нарын баг түүнд мэс засал хийжээ.

Нэгдсэн мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний хэсгийн ахлагч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч П.Эрдэнэбаатар

Нэгдсэн мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний хэсгийн ахлагч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч П.Эрдэнэбаатар


Дөрвөн литр цус алдсаны улмаас бие нь цааснаас ч цагаан болж, цус нь тогтохгүй байсан гэдгийг эмч хэлж байлаа. Бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн мэс засал алтан гарт эмч, ачит доноруудын буянаар амжилттай болж, бага боловч тэнхрээд байгаа нь энэ аж. Гэвч цусаа их хэмжээгээр алдсан учраас мэдээж сайнгүй байв.

“Жирэмсний сүүл сарын хордлого өгөөд юу ч идсэн гаргаад байсан юм. Бие маань хавагнаад, ихэр учраас тамир тэнхээ их алдсан. Түүнээс болоод төрсний дараа цус алдаж, цус сэлбүүлсэн. Хоол тэжээлийн дутагдал байна гэсэн. Би угийн хоол муу иддэг, дээр нь хожуу үеийн хордлогоос болж бөөлжихөөс эмээгээд хоол идэхгүй байсан нь нөлөөлдөг юм байна” гэдгээ шинэхэн ээж хэлж байв.

Харин П.Эрдэнэбаатар эмч энэ талаар “Ихэр жирэмслэлтийн үед умай хэт сунах нь умайн агшилт багасах нэг шалтгаан болдог юм. Мөн ээж хаван ихтэй байснаас цус түгмэл бүлэгнэх хам шинж үүсэн, цус бүлэгнэхээ больсноос цус алдах дараагийн шалтгаан болжээ. Би 04.00 цагт дуудагдаж ирсэн. Одоо харахад цонхигор харагдаж байгаа биз. Харин ч тэнхээ орчхоод байгаа нь энэ. Миний өмссөн халат шиг цагаан болчихсон байсан. Нийт 20 гаруй нэгж цус цусан бүтээгдэхүүн сэлбэсэн гэхээр төдий тооны донорын буянаар энэ хүүхэд амь нь аврагдаад байна. Хүмүүс цусаа өгөөд л бодох санах зүйлгүй явдаг байх. Гэтэл ийм ач тустай зүйл. Нэг айлыг эзэгтэйтэй, хоёр хүүхдийг ээжтэй байлгахад цусны донорууд ямар үүрэгтэй байсныг эндээс харж болно” гэлээ.

Буруу хооллолтоос үүдэлтэй жирэмсний хүндрэл байдаг гэдгийг ч тэрбээр онцолж байлаа. Учир нь бүхэл бүтэн хүн тээж байгаа учраас эмэгтэйчүүд уураг, амин дэмтэй хоол идэж, давс, цагаан гурил, өөх тосны хэрэглээгээ хэтрүүлэхгүй байхыг тэрбээр зөвлөсөн юм.

Нийслэлийн Өргөө амаржих газрын хувьд сүүлийн жилд дунджаар өдөрт 30-40 эх амаржиж байна. Харин өмнөх жилүүдэд Сүхбаатар дүүргийг хариуцаж байхад өдөртөө 60-70 эх амаржиж, ачаалал ихтэй байсан гэдгийг эмнэлгийн ажилчид хэлж байв. Ачаалал ихтэй үед хэвийн төрөлтийг хонуулаад л гаргадаг байсан бол одоо хэвийн төрөлт 2-3 хоног хэвтэж байгаа аж.


1928 онд гурван сувилагч, зургаан ортой үүсгэн байгуулагдсан ууган төрөх өдгөө 240 ортой эх барих, 100 ортой эмэгтэйчүүд, 50 ортой нярайн тасгуудтай болтлоо өргөжжээ.

Нийслэлийн гурван дүүргийн төрөх насны эмэгтэйчүүдийг хариуцан ажиллаж буй ууган төрөх эмнэлэг хамгийн олон төрөлттэй газар хэвээр байна. Тодруулбал, 2017 онд нийт 11785 эх тус газар амаржсан.

Жилдээ 12 мянга орчим эхийг амаржуулдаг тус төрөхийн 35 хувь нь кесарево хагалгаагаар шийдэгддэг. Харин эмэгтэйчүүдийн тасагт жилд 29-30 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг.

“Шөнө бүр л дуудлагатай байдаг. Надаас гадна олон эмч бий. Бүгд л дуудагдана. Шаардлагатай тохиолдолд төв эмнэлгүүдээс нарийн мэргэжлийн эмч нарыг дууддаг. Яаралтай мэс засал, хэвийн төрөлтийн дараа ч цус сэлбэх шаардлага гардаг. Тэр бүгдэд эмч нараас гадна цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их байна" гэдгийг мөн хэллээ.

Төрсний дараах тасгаар дайран өнгөрөхөд “Мөнгөнцэцэг ороорой, Сарантуяа байна уу” гэсээр эмч нар жирэмсэн эхчүүдийг дуудна. Энэ тасагт өчигдөр төрсөн ээжүүд хүүхдээ үзүүлэхээр дугаарлажээ. Өнгөрсөн жилийг бодвол хөл хөдөлгөөн багасаж, ачаалал нэлээн буурсан хэдий ч хорвоод шинэ хүн, шинэ амь авчирдаг энэ газар тайван байна гэж үгүй. Нэг давхарт нь төрөх гэж өвдөж буй эмэгтэйчүүд, нөгөө давхарт дөнгөж мэндэлсэн үрээ бүүвэйлэх бүсгүйчүүд, бас нэг хэсэг нь үхэлтэй тэмцэнэ.

Цус зөвхөн кесарево хагалгааны үед хэрэг болдог гэж бодсон нь эндүүрэл байлаа. Энгийн төрөлтийн дараа ч ээжүүдэд цус сэлбэх шаардлага гардаг байна.

Цус сэлбэлтээр мэргэшсэн сувилагч Д.Цогзолмаа

Цус сэлбэлтээр мэргэшсэн сувилагч Д.Цогзолмаа


“Төрсний дараа болон кесарево хагалгааны үеэр цус алдах эрсдэл бий. Тиймээс цусны бүлэг бүрээс цус цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэн хадгалдаг. Цус хадгалах өрөөндөө долоо хоногийн нөөцийг бүрдүүлдэг. Сард дунджаар 11 литр цус хэрэглэгдэж байна. Жилд 110 гаруй литр цус хэрэглэгддэг. Цус, цусан бүтээгдэхүүн цусны төвөөр баталгаажсан байдаг. Тухайн хүний гэр бүлд хэлж, зөвшөөрөл авсны дагуу цусыг сэлбэдэг” гэдгийг тус амаржих газрын цус сэлбэлтээр мэргэшсэн сувилагч Д.Цогзолмаа хэлсэн юм.

Төрөх тасгаас гадна тус амаржих газарт Эмэгтэйчүүдийн тасаг бий. Энэ тасагт ч мөн цусны хэрэгцээ гардаг аж. Эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлгийн эмч Н.Баярцогт “Байнга л хагалгаатай байна. Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа 500 орчим, хэвлийн 400 гаруй, мөн дурангийн хагалгаа ч хийж байна.

Үтрээ, хярзангийн хагалгаа гээд жилд нийт 2000 орчим хагалгаа хийдэг. Хагалгаа болон сарын тэмдгийн хямралаас болоод цус алдчихдаг. Мөн зайлшгүй цус сэлбэх тохиолдлууд бий. Төрөхийг бодвол хамаагүй бага хэдий ч цусны хэрэгцээ шаардлага гарсаар байдаг” гэлээ.

Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ сүүлийн жилүүдэд өссөөр байна. Ялангуяа гэмтэл, төрөлтийн улмаас цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ гарсаар байна. Таны өгсөн цус ГУРВАН ХҮНИЙ АМИЙГ АВАРНА.

#Эрүүл мэнд #Амьдрал #Цус #Донор