YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тэр минь яах ёстой юм бол оо?
Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Жилийн өмнө танайх руу захиа илгээж зөвлөгөө авдаг байсан. Тэр зөвлөгөөнүүд надад үнэхээр их тус болсон. Гэхдээ энэ удаад би өөртөө биш хайртай хүндээ туслах гэж бичиж байна.
Миний найз хөвгүүн 18 настай. Энэ жил ЭЕШ өгөх болохоор эмороод байна гэсэн. Харин өчигдөр түүний сэтгэл санааг нь тайвшруулах гэж байгаад улам уурлуулчих шиг болсон. Намайг түлхээд байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ өөрт нь хэцүү байгаа болохоор ганцаараа байхыг хүсэж байгаа юм болов уу гээд сэтгэл санаагаа цэгцэлчхээд чат бичээрэй гэтэл "ЭЕШ дуустал баяртай" гэсэн. Би ч тайвширтал нь хүлээж чадна гэдгээ хэлсэн. Надад гомдсон эсэхийг нь баттай мэдэхгүй ч түүнийгээ тайвшруулмаар байна.
Одоо бид хоёр чатлахгүй байгаа ч түүндээ туслах гээд өөрийнхөө сторид ЭЕШ-д бэлдэх зөвлөгөө шэйрлэж байгаа юм. Тэр маань харах байх гэж бодоод. Гэхдээ хааяадаа угаасаа л миний шэйрлэж байгаа зүйлсийг өөрөө мэдэж байгаа байх гэж бодож байна. Яг яахаа мэдэхгүй юм. Надад "толгойд элдэв бодол эргэлдээд байна. ЭЕШ-д тэнцэж чадах болов уу. Чадахгүй бол хэнд ч хэрэггүй болно гэж айж байна. Чадах ёстой гэж бодохоор айгаад байна. Хичээх ёстойгоо мэдэж байгаа ч хичээхгүй байна" гэхэд нь би юу гэж хэлэх учраа ойлгоогүй. Тэр минь одоо яах ёстой юм бол оо. Айдсаа даван туулж, тайвшрах арга замыг нь хэлж, зөвлөж тус болооч...
ЗӨВЛӨГӨӨ: Тэр бол бие даасан хүн
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Найз залуудаа туслах гэсэн хүслийг чинь ойлголоо. Дотнын хүмүүсийнхээ амжилт болоод тайван байдалд анхаарч байгаа чинь их сайн байна. Гэвч хэдий өөрийн чинь ойр дотнын, хайртай хүн гэсэн ч тэр бол тусдаа бие даасан хүн гэдгийг ойлгоорой. Өөрт тулгараад байгаа асуудлыг бие хүн өөрийн хүчээр л давна. Өөрийн хүссэн хэмжээнд найз залуугийнхаа сэтгэлийг тайвшруулж чадсангүй гэж өөрийгөө зэмлэх хэрэггүй. Өөрийн зүгээс хийж чадах зүйлийг хийсэн байхад л хангалттай. Мөн ихэнх үед хүнд зөвлөгөө гэхээсээ илүүтэй асуудлыг нь сонсож чадах нэгэн л хэрэгтэй байдаг. Найз залуугийнхаа асуудлыг чи сонссон байна. Асуудлаа өөрт чинь ярьсан тул найз залуу чинь бага ч гэсэн тайвширсан болов уу.
ЭЕШ дөхөж байгаа тул маш олон хүүхэд шалгалтын өмнөх стресст өртөж байгаа болов уу. ЭЕШ өгч байгаа сурагчдад дараах зөвлөгөөг хүргэж байна:
- Нийгмийн цаг үеийн байдлаас болж шалгалтаа гэрээсээ бэлдэж, хүссэн үр дүндээ хүрэхгүй байх вий гэж айж байгаа болов уу. Энэхүү нөхцөл байдалтай дан ганц чи тулгараагүй, Монгол улсын нийт төгсөх ангийн сурагчид нүүр тулсан гэдгийг санаарай. Чи ганцаараа биш юм шүү.
- ЭЕШ бол амьдралын чухал үйл явдлын нэг мөн хэдий ч өөрийн чинь үнэ цэнийг тодорхойлох зүйл биш. Өөртөө хэт хатуу хандах хэрэггүй.
- Бодлоо цэгцлээрэй. Би чадахгүй байх гэсэн сөрөг бодол давамгайлаад байвал таван минут юунд ч битгий анхаар. Гар утсаа оролдохгүй, ном уншихгүй, дуу сонсохгүй, хэн нэгэнтэй ярихгүй. Зүгээр л ширээгээ налаад нүдээ аниад хэвтээрэй. Энэхүү дасгал нь тархинд амрах боломжийг олгоно. Тархи амарснаар сөрөг бодол намжих магадлал нэмэгдэнэ.
Нийт ЭЕШ өгөх сурагчдадаа амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх