Хичээлийн цүнхэнд ЗААВАЛ БАЙХ ёстой 10 зүйл


Э.Жавзмаа | YOLO.MN
2018-08-28

Номхон морио уналаа даа

Номтой цүнхээ үүрлээ дээ

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа.

Хүүхэд бүрийн хүссэн хүлээдэг өдөр ирэхэд ердөө хэдхэн хоног үлджээ. Харин та хичээлийн хэрэгслээ бэлдэж амжаагүй л байна уу? Эсвэл бэлдчихсэн үү? Аль нь байлаа ч гэсэн таньд хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүнээс гадна гарцаагүй хэрэг болох хэдэн зүйлийн талаар зөвлөмж хүргэе.

10. ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР

Эхний өдрөөс эхлээд л тэмдэглэлийн дэвтэр таньд хэрэг болно. Ядаж л хичээлийн хуваариа тэмдэглэж авна шүү дээ. Мөн бие даалт, шалгалт шүүлэг гээд мэдээ мэдээллээ бичих боломжтой.

9. ҮЗЭГНИЙ САВ

Битгий гайхаарай. Учир нь зарим сурагчид үзэгний сав төдийлөн хэрэглэдэггүй. Гэвч бал, харандаа гээд олон төрлийн зүйл хийх боломжтой зүйл бол гарцаагүй үзэгний сав. Хэрвээ та аваагүй бол яараарай.

8. ҮСНИЙ БООЛТ

Ихэнх охидын бэрхшээл болсон зүйл бол үсний боолт. Учир нь үсний боолтоо мартсан, тасарсан гээд маш олон шалтгаан охидод тулгардаг. Тиймээс нэмэлт үсний боолтыг заавал аваарай.

7. ФЛАШ

Бие даалт, прецентаци тавих гээд маш олон зүйлд туслах таны үнэнч нөхөр бол яахын аргагүй флаш. Нэгийг авсан байхад илүүдэхгүй л болов уу.

6. АМТТАН

Заримдаа хичээлийн завсарлагаанаар амттан идмээр санагдах үе бишгүй л тохиолддог. Тиймээс цүнхэндээ ганц хоёр амттан хийсэн байхад хэзээд ч таньд хэрэг болно.

5. ШАРХНЫ НААЛТ

Ширээ сандлын ирмэг, цаасны үзүүр гээд гараа эсгэх тохиолдол хүн бүрт тулгардаг. Тэр л үед туслах цорын ганц зүйл бол шархны наалт.

4. УСНЫ САВ

Усны сав хаана  ч хэрэг болно. Биеийн тамирын хичээл орсны дараа ус уумаар санагддаг шүү дээ. Тэр үед өөрийн гэсэн усны савтай байх нь таньд ашигтай. Ядаж л хэн нэгний усны сав гуйж ангиар нэг орилох шаардлага гарахгүй шүү дээ.

3. БАЛ

Өдөр бүрийн анги дээр сонсогддог түгээмэл асуулт бол: Илүү бал байна уу? Хэмээх асуулт. Цүнхэндээ заавал нэгээс илүү бал авч яваарай хэмээн зөвлөе.

2. ТОДРУУЛАГЧ

Хэрэв та дэвтрээ эмх цэгцтэй, замбараатай, цэвэрхэн хөтлөдөг бол таны хамгийн сайн туслах тодруулагч болов уу. Аливаа чухал өгүүлбэр, нэр томьёог тодруулах нь дараа нь эргэн санах, шалгалтанд бэлдэхэд тань туслана.

1.НООРОГ ДЭВТЭР, ТООНЫ МАШИН

Тоо бодоход ноорог дэвтэр, тооны машин таньд туслана. Тиймээс энэ хоёр зүйлийг хэзээ ч битгий мартаарай.

#SchoolBag