Хамгийн гол нь энэ бүгд ТҮҮХ БОЛЖ ҮЛДЭНЭ гэж бодоод влог хөтөлж эхэлсэн


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-07-19

Бид тэдний хайрын түүхийг үзэж гайхалтай эерэг энерги авч чаддаг. Тэд бол сайхан бүхнийг хүмүүст түгээдэг аз жаргалтай хосуудын нэг. Анх “The Mongolian Family” влогийг үзэж, влог хийх санаагаа олсон нь одоо бидний үзэх дуртай зүйлсийн тоонд зайлшгүй багтдаг болсон нь тэдний хувьд том амжилт. Аз жаргалыг түгээгч залуу хос, “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч, гадаадад суугаа монголчуудын төлөөлөл Түвшээ, Дөлгөөнтэй ярилцсан гэгээлэг ярилцлагыг уншиж тэдний тухай илүү олон зүйлсийг мэдэж аваарай.

YOLO: Та хоёртоо өдрийн мэнд хүргэе. Та хоёрыг таньдаг маш олон залуус байдаг. Мөн таньдаггүй хүмүүстээ зориулаад өөрсдийгөө танилцуулаач.

Д.Түвшинбаяр: Positive Mongolians онлайн бүлгийн гэр бүлийн влог хийдэг Түвшээ, Дөлгөөн гэсэн залуу хос байна. Би кино найруулагч, харин Дөлгөөн маань нягтлан бодогч мэргэжилтэй. Бид энэ влогуудаа өөрсдийнхөө төрөөгүй хүүхдүүддээ болон өөрсдөө хөгширсөний дараа энэ цаг мөчид ийм зүйлийг хийдэг байжээ гэдгээ сайхнаар дурсан, үлдээхийн тулд хийж эхэлсэн.

YOLO: Анх яаж танилцсан бэ?

Э.Дөлгөөн: Таван жилийн өмнө Монголд танилцаж байсан. Яаж танилцаж байсан бэ гэхээр “80-аад оныхон” нэртэй Фэйсбүүк бүлгийн уулзалтан дээр танилцаж байсан.

YOLO: Хайрын түүхээ хэрхэн эхлүүлж байсан бэ?

Э.Дөлгөөн: “80-аад оныхон” бүлэг маань асрамжийн газарт амьдардаг настай хүмүүст туслах зорилгоор сайн үйлсийн аяныг санаачилж, хандивын аяныг эхлүүлсэн. Тэр хийж буй зүйлээ хэвлэл мэдээллээр хүмүүст хүргэвэл илүү их хүнд хүрнэ гэсэн санааг гаргаад Түвшээтэй холбогдсон. Тухайн үед Түвшээ “Royal” телевизэд найруулагчаар ажиллаж байсан. Телевизээсээ сурвалжлагын баг гаргаад, өөрөө тэр дунд нь ажиллана гэж хэлж байсан боловч Түвшээ ирээгүй. Түвшээгийн зорилго нь өөр. Надтай явахын тулд л… (инээв)

YOLO: Өсвөр үеийн хүүхдүүдэд тулгардаг нэгэн асуудал бол мэргэжил сонголт. Та хоёр маань өсвөр насандаа мэргэжлээ хэрхэн сонгож байсан бэ? Энэ тал дээр зөвлөгөө өгвөл?

Э.Дөлгөөн: Түвшээ маань бол маш азтай. 2, 3-р ангиасаа эхлээд л Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд явж эхлээд л дуртай зүйлээ олсон. Харин миний хувьд эсрэгээрээ. дунд сургуулиа төгсөхдөө ямар мэргэжилтэй болох, ямар сургуульд орохоо ч сонгоогүй, ойлгоогүй төгсөж байсан. Гэхдээ тэр үедээ битүүхэндээ жүжигчин болох юм сан гэж боддог байсан. СУИС-д шалгалт өгөөд тэнцээд орсон боловч шантраад хаясан. Ахиад л юу хийхээ ойлгохгүй явсаар байтал сургуулиа төгсөөд олон жил болсон байлаа. Санхүү, нягтлан бодогч гэдэг бол ажил олддог мэргэжил юм байна гэж бодоод энэ чиглэлээр суралцаж төгсөөд ажиллаж байсан. Миний зөвлөх зүйл бол ЕБС-д суралцаж байхдаа өөрийнхөө дуртай зүйлээ олж аваарай. Эцэг эх, найз нөхдийн үгээр битгий яваарай. Туйлширч болохгүй гэдгийг л анхааруулмаар байна. Өөрийнхөө хийх дуртай зүйлийг л сонгоорой.

Д.Түвшинбаяр: Шведийн залуусыг ажиглахад мэргэжил сонголт гэдэг амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахдаа маш зөв системтэй юм шиг санагдсан. Ахлах сургуулиа төгсөөд доод шатны ажил болох зөөгч, касс, үйлчлэгч зэрэг ажлуудыг 2-4 жил хийдэг. Ажил дээр гараад юу хийдэг вэ, цалингаа аваад хэрхэн зарцуулах вэ гэдгээ хөдөлмөрийн зах зээл дээрээс суралцдаг. Маш олон хүнтэй харилцаж, олон зүйлийг мэдсэнийхээ дараа бодоод мэргэжил, сургууль сонголтоо хийдэг. Энэ бол маш хэрэгтэй санагдсан. Энийг туршаад үзэхийг зөвлөж байна. Ядаж нэг жил ажил хийгээд хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрээд мэргэжлээ сонгоорой.

YOLO: Швед улсыг яагаад зорих болсон бэ? Өөр сонголт байсан уу? Одоо амьдраад хэдэн жил болж байна вэ?

Э.Дөлгөөн: Анхнаасаа л Швед явна гэж ярьж байгаад явсан. Шведэд тав дахь жилдээ амьдарч байна.

YOLO: Анх влог хийх санаагаа яаж олсон бэ? Хамгийн гол хүргэх санаа тань юу вэ?

Э.Дөлгөөн: Бид хоёр анх “The Mongolian Family” гээд влог хийж буй Монгол залуучуудыг үзсэн. Ямар гоё юм бэ? Хоёулаа ч бас амьдралаа түүх болгоод үлдээж болохгүй гэж шийдээд хийж эхэлсэн. Бусад хүмүүс бидний влогийг үзэхээс гадна бидний хүүхдүүд, үр ач нартайгаа хөгширсөн хойноо үзвэл гоё юм байна гэж ярилцаад, бодоод үзэхээр бид хоёрын амьдардаг байр маань онцгүй, гологдмоор ч юм шиг, бид хоёрын хийдэг ажил, бүх амьдрал маань хүмүүсийн өмнө ил, нээлттэй болох ч юм шиг маш олон асуудал байсан. Тэгэж байгаад гэнэт шийдээд юм байгаагаараа л сайхан, хамгийн гол нь энэ бүгд түүх болж үлдэнэ гэж бодоод анхны влогоо хийсэн.

Д.Түвшинбаяр: Хамгийн гол юм нь юу вэ гэхээр, бид хоёр хийсэн бичлэгээ онлайн ертөнцөд хадгалж байна. Түүнийгээ хөгшрөөд 70, 80 хүрээд одоогийн залуу насныхаа гэр бүлээ бүтээж буйгаа үзээд сууж байх хугацаандаа авах кайфыг мэдрэхийн тулд идэвхтэй байна.

YOLO: Сошиалыг их зөвөөр ашигладаг юм шиг санагддаг. Энэ талаар өөрсдийнхөө бодлыг хуваалцвал?

Э.Дөлгөөн: Зөвөөр ашиглахыг их хичээдэг. Жишээлбэл, бид хоёр “Positive Mongolians” онлайн төслийн хүрээнд сошиалаар таван төрлийн контент бэлтгэж байна.

 

YOLO: Түвшээ ах үерхэх саналыг яаж тавьсан бэ?

Э.Дөлгөөн: Эрэгтэй нь л “Үерхэе” гээд үерхэнэ. Гэхдээ бид хоёр амнаасаа “Хоёулаа үерхэе” гэсэн үгийг гаргаагүй. Би 25 настай, Түвшээ 29 настай байсан. Тэгээд л хоёр биенийхээ нүд рүү нь хараад ойлголцсон. Тэр жилийн гуравдугаар сарын 15-ны орой бид хоёр маш сайхан ярилцаад дотно ярилцдаг болсон. Мөн тэр өдрөө жил бүр ойлголцож, дотно болсон учраас тэмдэглэлт өдрөө болгож тэмдэглэдэг.

YOLO: Швед улсад мэргэжлээрээ ажилладаг уу? Эсвэл өөр ажил хийдэг үү?

Д.Түвшинбаяр: Швед улсад дийлэнх Монголчууд суши тогооч хийдэг. Тэрний адил сүүлийн гурван жил энэ ажлыг хийж байна. Харин Дөлгөөн маань хүн асардаг асрагч хийдэг. Бид хоёр энэ хийж буй ажилдаа маш их дуртай. Яагаад вэ гэхээр нэг нь хүн хооллож байна. Нөгөө нь хүн асарч, харж байна. Мөн эндээсээ амьдралын үнэнийг ойлгож, маш олон зүйлд суралцаж байна. Хүн яг юуг сурах вэ гэхээр заавал сурсан мэргэжлээрээ ажиллаад байдаггүй. Амьдрал баялаг учраас төрөл бүрийн зүйлсийг хийнэ. Хийсэн юм бүрээсээ авахыг нь аваад, сурахыг нь сураад, ойлгохыг нь ойлгоод явбал үнэхээр сонирхолтой. Би сүүлдээ энэ хийдэг ажилдаа улам ихээр дурлаж байна. Хүн хооллоод, дараа нь баярлалаа гэж хэлэхийг нь сонсох тэр мэдрэмж маш гайхамшигтай. Миний хийсэн хоолны зургийг дараад, сошиал хаягууд дээрээ нийтлэснийг харах гоё мэдрэмжийг өгдөг.

Э.Дөлгөөн: Бид мэргэжлээрээ ажиллаагүй ч хийсэн энэ ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Тухайн газар нь хийсэн ажлыг маань үнэлж, цалинг нь өгч, орчинг нь гоё бүрдүүлж чаддаг учраас маш таатай байдаг.

1. Влог

2. Онлайн зөвлөмж

3. Tuvshuu’s Podcast

4. “Дэлхийгээр тархсан Монголчууд мэдээллэж байна” онлайн нэвтрүүлэг

5. “Хосын жор” ярилцлага

Э.Дөлгөөн: Эдгээрийг хийснээр бид хоёр суралцаж байна. Хийх явцдаа мундаг залуучуудтай танилцаад, уулзахыг хүсдэг байсан хүмүүстэйгээ ярилцаад, тэдгээр хүмүүсээрээ хүрээлэл үүсгэж харилцаж буй нь маш өгөөжтэй. Мөн влог хийснээрээ юм байгаагаараа л байх сайхныг мэдэрсэн.

YOLO: Та хоёрын маань хурим үнэхээр өргөн дэлгэр сайхан болсон. Сошиалаар ч бас зөндөө явсан. Хуримын талаарх гэгээлэг үйл явдлууд болон сэтгэгдлээсээ хуваалцвал?

Э.Дөлгөөн: Бид хоёрын амьдралын маань хэзээ ч мартагдашгүй өдөр болж чадсан. Тэр өдрийн төлөө бүтэн жил бэлдсэн. Хурим гэхээр нэг л тогтсон хэв маягтай байдаг. Харин энэ ойлголтыг бид өөрчлөхийн тулд өөрсдөдөө таалагдсан, үндэсний хэв маягаа оруулсан хурим хийхийг хичээсэн.

Д.Түвшинбаяр: Хурим, гэрлэлт гэдэг бол хүний амьдралд зайлшгүй болох үйл явдлуудын нэг. Хуримын маргаашаас эхлээд маш том хариуцлага тухайн гэр бүлийн нуруун дээр ирдэг юм байна. Би чинь энэ бүсгүйг хайртай гэр бүл, найзууд, хамаатан саднуудынх нь өмнө хайрлана, гоё зөв амьдарна гээд амласан учраас итгэл үнэмшилтэй болдог юм байна лээ. Амлалтыг өгч тэр гоё мэдрэмжийг мэдэрч үзэх хэрэгтэй. Хуримыг өөрсдөдөө зориулж хийдэг учраас өөрсдийнхөө хүссэн, хийх дуртай зүйлээ эртнээс төлөвлөж хийх хэрэгтэй.

YOLO: Та хоёрыг үлгэр жишээ хос гэж хэлэхэд хэлсдэхгүй. Өөрсдийн хосын жороо хуваалцаач?

Э.Дөлгөөн: Баярлалаа. Бид хоёрын туулсан туршлагаар бол бие биедээ итгэх хэрэгтэй. Харин итгэж чадахгүй бол тэр харилцаа ямар ч утга учиргүй. Тэр хүнийг найз залуу, найз охиноороо сонгосон бол хүндлэл үзүүлвэл улам бат бөх болно. Маш нандин байлгах хэрэгтэй. Хоёр биенийгээ илүү сайн ойлгож, танилцаж, ярилцаж харилцаагаа цааш нь явуулах нь зүгээр.

Д.Түвшинбаяр: Залуу хосууддаа анхааруулахад зөв үерхэх хэрэгтэй. Манай залуус үерхэнэ гээд л нэг, хоёр өдөр танилцаад л тэр нандин харилцаа руугаа шууд орчихдог. Тиймээс нандин хэвээр нь авч үлдээд, тэр эмэгтэйг хайрлана гээд л шийдсэн бол түүнийгээ ний нуугүй хэлээд, хоорондоо маш сайн ярилцаж, ойлголцож байх хэрэгтэй. Хэрвээ болж бүтэхгүй, таалагдахгүй зүйлээ ярихгүй хураагаад л яваад байвал нэг өдөр тэсрээд төсөөлснөөс муухай маш том үйлдэл болж хувирна. Үерхдэг бол үерхсэн шиг л үерх. Зугаа цэнгэлд явахдаа л бэлгэ тэмдэг болгоод байх шиг санагддаг. Өөрсдөө л харилцаагаа бат бэх байлгахгүй бол та хоёрын харилцааг хэн ч тийм байлгахгүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

YOLO: Дөлгөөн эгчДөлгөөнтэй хамт ном уншаарайгээд цуврал контентийг бэлтгэдэг байсан. Хэр их ном уншиж байсан бэ? Ном уншихын ач холбогдлын талаар ярьвал?

Э.Дөлгөөн: Ном унших хэрэгтэй. Хүн уншсан зүйлийнхээ хэмжээгээр ярьдаг, сэтгэдэг, бичдэг, ойлгодог. Ном уншихаар сэтгэлгээ задардаг гээд хүн бүр ярьдаг. Харин тэр задарсан сэтгэлгээгээ маш сайн ашиглах хэрэгтэй. Номоо сонгохдоо өөрийнхөө сонирхдог төрлийн номыг сонгох хэрэгтэй. Миний нэг ажигласан зүйл бол хүмүүс бестселлер болоод буй номыг л уншъя гэдэг. Хүн бүрийн сэтгэлгээ, сонирхол, үзэл бодол өөр учраас өөрөө л сонгох хэрэгтэй.

YOLO: YOLO буюу ганц олдох амьдралын утга учир нь юунд оршдог гэж боддог вэ?

Э.Дөлгөөн: Миний хэлэх дуртай үг бол “Өөрийнхөөрөө бай”. Хүн бүр нэг ижил хэвд цутгагдаагүй, өөр өөр хүмүүс. Заавал адилхан байх албатай биш. Түүнийгээ дагаад бусад хүмүүсээс өөр шигээ байхыг битгий шаардаарай. Хүн бүр өөр өөрийн онцлогтой, чадвартай, авьяастай, хийх дуртай зүйлтэй. Өөрийнхөөрөө байснаар гоё мэдрэмжийг мэдэрнэ. Утасны дугаар, барьдаг гар утас, унасан машин энэ бол зүгээр л хүний хэрэглээ. Эдгээр нь яг хүнийг үнэлдэг юм шиг хэдий ч ямар ч үнэ цэнэгүй.

Д.Түвшинбаяр: Яг Дөлгөөний хэлснээр манай залуучууд эд материалд шунаад байх шиг санагдсан. Миний дүү нар эдэнд битгий шунаарай. Энэ бол чамайг илтгэх зүйл биш шүү. Харин чамайг чиний ярьдаг үг, өгүүлбэр, уншиж ойлгосон, хийж бүтээсэн зүйл тодорхойлно. Ганц л олдох амьдралаа хамгийн аз жаргалтай байж өнгөрөөх хэрэгтэй. Энэ бүгдийг л чи ойлговол амьдралын гоо үзэсгэлэнг олж харж чадна.

YOLO: Ярилцлагын сүүлийн асуултыг та хоёртоо үлдээе?

Э.Дөлгөөн: Биднийг сонгодог, дэмждэг, үздэг бүх хүмүүст баярлалаа. Шведэд байхдаа ийм олон залуус үздэг гэж мэдээгүй. Бид хоёр нислэгээс буухаас л эхлээд гудамжаар явж байхад хүмүүс таараад л таниад мэндлэхэд үнэхээр их баярласан. Залуус үнэхээр өөрсдийгөө хөгжүүлж чаддаг болсон байна. Тиймээс та нар бол Монголын ирээдүй. Маш их зүйлийг хөгжүүлж бүтээх хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Орчин үеийн хүүхэд, залуус маш ухаалаг нийгэмд амьдарч байгаа учраас өөртөө хэрэгтэй зүйлийг сураад, мэдээд явбал ирээдүй байна. Харийн нутагт очоод сурч байхдаа ард маань эх орон минь байгаа гэдгийг үргэлж санаж яваарай. Бүх хүмүүс ирээдүйн залуустаа итгэж, хүлээдэг шүү.

Д.Түвшинбаяр: Эх орон гэж ямар сайхан байдгийг өөр улсад очоод мэдэрсэн. Бидэнтэй хамт дайн дажинтай Сири зэрэг орны залуус хамт ажиллаж байна. Бид бол буцаад очих эх оронтой хүмүүс. Харин тэд эх орондоо очиход хүндрэлтэй. Эх хэлээ маш сайн сураарай. Бусад хэлийг давхар сурсан ч гэсэн эх хэлээ тэр чигээр нь авч үлдэх хэрэгтэй. Эх хэлээсээ илүү гадаад хэлийг сурахыг илүүд үзэж байна. Жишээ нь Швед залуучууд англи хэлийг маш сайн сурч байгаа хэдий ч хоорондоо харилцахдаа Швед хэлээрээ ярьж, биднийг хүртэл өөрсдийн эх хэлээрээ ярихыг шаарддаг. Эх хэл гэдэг бол хамгийн сайхан зүйл шүү гэдгийг эндээс харж болно.

YOLO: Ярилцсанд баярлалаа.


 

#vlog, #PositiveMongolians