Эх орондоо тэтгэлэгтэйгээр суралцаж, ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ИНЖЕНЕР БОЛЦГООЁ!
Жил бүр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн төгсөх курсийн оюутнуудын 20 хувь нь Германы эрдмийн солилцооны албаны (DAAD-Lektorate Mongolei) DAAD-TNB тэтгэлэгт хамрагдаж, Фрайбергийн Техникийн их сургуульд (TU Bergakademie Freiberg) семистр солилцоогоор суралцдаг. Энэхүү тэтгэлэгт хамрагдсан 4-р курсийн оюутнуудынхаа сэтгэгдлийг хуваалцаж байна.
Уул уурхайн боловсруулах инженерийн 4-р курсийн оюутан Б.Төгөлдөр:
“Инженер" хүмүүс давтамжтайгаар хөгжүүлэлт хийдэг. Өөрсдийн мэдлэг боловсрол, амьдарч буй газар, хүрээлэн буй орчин, технологи зэргийн чанарыг дээшлүүлж байх нь инженер бидний үүрэг гэж боддог. Үүнтэй уялдан манай сургуулийн нэг онцлог бол оюутнуудаа технологийн хөгжлийн арвин түүхтэй ХБНГУ-д зуны сургалт болон нэг улирал суралцуулахаар илгээж, соёл технологийн харьцуулсан мэдлэгийг олгодог.
Би Герман улсын Фрайбергийн Техникийн их сургуульд оюутан солилцоогоор очиж суралцсан. Тэр хугацаандаа инженерийн зөөлөн чадваруудаас гадна, ирээдүйн амьдралд хувь хүн талаасаа сайн бэлдэж чадсан гэж бодож байна. Тус хот нь оюутнууддаа ээлтэй, их сургуулийн хотхон хот бөгөөд хамгийн анхны уул уурхайн сургууль гэдгээрээ алдартай. Германы Эрдмийн Солилцооны Албаны тэтгэлгийг хүртсэндээ маш их баяртай байна.
МГТИС дээр ч, Фрайбергийн их сургуульд ч оюутнууд өөрсдөө хичээвэл бүх төрлийн хөгжих боломж нээлттэй байдаг гэдгийг хэлмээр байна.
Механик инженерийн 4-р курсийн оюутан С.Мөнхжаргал:
Тэтгэлэг бол миний хувьд санхүүгийн дарамтгүйгээр, өөрийгөө хөгжүүлэх боломж юм. ХБНГУ-д улсад суралцах тэтгэлгийн талаар 1-р курсдээ сонсоод шалгууруудад нь бэлдэж эхэлсэн. Ингээд 4-р курстээ Германы эрдмийн солилцооны албаны DAAD-TNB тэтгэлгээр Фрайбергийн Техникийн Их Сургуульд суралцсандаа маш их сэтгэл хангалуун байна.
Энэхүү тэтгэлэг надад нөлөөлсөн шиг, бусад оюутнуудад илүү хичээнгүйлэн суралцах, өөрийгөө олон талаар хөгжүүлэх нэгэн сэдэл болно гэдэгт итгэлтэй байна.
Эдийн засагч инженерийн 4-р курсийн оюутан Э.Уранбилэг:
Герман улсад оюутан солилцоогоор яваад ирсэн нэг семестр надад богино хугацаанд олон зүйлийг ойлгуулж мэдрүүлсэн чухал цаг үе байлаа. “DAAD TNB” тэтгэлэг миний хувьд хөгжингүй улс оронд хэсэг хугацаанд оюутны хувиар амьдрангаа, тухайн улсын ард иргэдийнх нь соёл, үзэл бодлыг орчинд нь ойлгож мэдэх гайхалтай боломжийг олгосон тэтгэлэг байсан. ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд Герман болон өөр улсын оюутнуудтай багаар ажиллан, хамтдаа суралцан найзууд болцгоосон нь юмсыг өөр өнцгөөс харж сурахад минь хамгийн их нөлөөг үзүүлсэн.
Суралцахын хажуугаар ойролцоох улс орон, хотууд руу аялсан нь маш гоё дурсамж, сэтгэгдэл үлдээсэн. Аялж байхдаа Монгол улсад минь байсан ч болоосой гэж бодогдсон, үлгэр жишээ авахуйц олон зүйл тааралдсан болохоор цаашдаа улс орноо хөгжүүлэхэд өчүүхэн ч гэлтгүй өөрийн хувь нэмрээ оруулах юм сан гэсэн бодол төрсөн.
Энэ хугацаанд бие биедээ хань болж, урам дэм өгч, тусалж байсан ангийн найзууддаа, мөн ийм сайхан боломжийг олгосон сургуульдаа маш их баярлалаа.
Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан М.Дулаанжаргал:
Миний хувьд МГТИС-д суралцсанаар бие дааж амьдрахад илүү их суралцсан гэж бодож байна. Сургуулийнхаа дотуур байранд амьдарснаар өдрийг үр дүнтэй өнгөрөөж, өөртөө илүү шаардлага тавих зарчимтай болж, олон төрлийн хүмүүстэй харьцсанаар хүнтэй хэрхэн зөв харьцах, хэрхэн биеэ зөв авч явах зэрэг ур чадваруудад суралцсаар байна.
МГТИС-д олгодог DAAD-TNB тэтгэлгээр ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд суралцах үедээ Герман улсын соёлтой танилцаж, Монгол улсаа хэрхэн хүндээ ээлтэй орон болгож хөгжүүлэх талаар нэлээд олон зүйлийг бодож тунгаасан. Эх орондоо инженер мэргэжлээр суралцаж цаашид Герман болон Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн диплом аваад, мэргэжлээ дээшлүүлэн сурч хөгжих олон боломж нээлттэй байгаа гэдэгт би бат итгэлтэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх