Есөн сарын 1-н боллоо, Ерөөсөө бидний баяр даа!


Сондор | YOLO.MN
2016-09-01

Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. Хичээлийн шинэ жил гэдэг сурагчдын, тэр дундаа өсвөр үеийнхний хувьд чухал баяруудын нэг. Хүүхэд бүхэн ангийнхаа андуудтай уулзахаар, багшдаа цэцэг барин баярлуулахаар, будаг ханхалсан сургуулийнхаа босгыг алхан орохоор энэ өдөр догдолно.

Нийслэлийн 23-р дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг сурвалжлахаар YOLO.mn зорисон юм. Ангийн найзууд зуны гурван сарынхаа сонин сайхныг ам уралдан бие биедээ ярина. Тэд багшдаа үнсүүлж, цэцгээ өгч, инээмсэглэл тодруулсаар сургууль руу орцгоосон юм.

Удаан уулзаагүй ангийн найзуудтайгаа уулзаад хичээлийн шинэ жилийн эхний өдөр маш гоё санагдаж байна. Ер нь жилийн жилд л ийм гоё байдаг л даа. Ангийнхан маань өнөөдөр тал нь иржээ. Өнөөдөртөө хичээл орохгүй, маргаашаас орох юм байна. Тиймээс маргааш л яг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх байх гэж бодож байна.

23-р сургуулийн 7г ангийн дарга А.Халиун


Сэтгэл догдлоод өнөөдөр өглөө сэрүүлэг дуугарах цагаасаа ч эрт сэрчихсэн. Зуны амралтаараа эмээ өвөөдөө туслаад үр бүтээлтэй өнгөрүүлсэн шүү.

23-р сургуулийн 7г ангийн сурагч Х.Тэнгис

 


Би зун волейболын болон шатрын дугуйланд явсан. Энэ хичээлийн шинэ жилд Хятад хэлээ маш сайн болгоно гэсэн зорилготой орж ирсэн. Ангийн хөвгүүд маань огцом өндөр болчихсон байна, хараад маш гайхлаа.

 

23-р сургуулийн 7д ангийн сурагч Б.Халиун



Ийнхүү 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Нээлтийн үеэр амжилт гаргасан сурагчдын шагналыг гардуулж, урлагийн тоглолтыг сонирхуулсан юм. Харин тэнд цугласан хүүхдүүд нэгнийхээ өндөр болсныг шалган чяцаа үзэж гараараа хэмжинэ, "Ямар их борлоо вэ?" гэж нэгнийгээ уулга алдан гайхаж ичээнэ, охид бие биеийхээ чихэнд юм шивнэн инээлдэж, хөвгүүд хээгүй зангаар бие биенийгээ цохилцон мэндчилнэ.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
 




























#Lesson #Хичээл #Mission #Зорилго