З.Уянга: Тэмцээнүүдэд оролцож ӨӨРИЙГӨӨ СОРИХ ТУСАМ чадвар маань улам ахисан


О.Номуншүр | YOLO.MN
2018-01-19

"Боловсрол" сувгаар гарч байгаа Оддын Академи шоу нэвтрүүлэг, өсвөр үе залуусын үзэх дуртай нэвтрүүлэг болоод удаагүй байгаа билээ. Тэгвэл бид энэ удаагийн зочноор Оддын Академи Шоу болон Universe best songs 2015 наадмын шилдэг оролцогч З.Уянгыг урилаа. 

YOLO: Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө Уншигчдад маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
- Сайн байцгаана уу? Намайг Уянга гэдэг "Лэтү Монголиа" (LETU Mongolia) их сургуулийн 1-р курсын оюутан. Айлын ганц охин, дээрээ нэг ахтай доороо нэг эрэгтэй дүүтэй.

YOLO: Та "Оддын академи" шоунд оролцох болсон шалтгаан? 
- Анх фэйсбүүкээр шоуны зар нь явж байхад хүмүүс намайг их мэйншн хийгээд найзууд маань "ороод үзээч" гэж байсан. Гэхдээ би өөрөө тийм ч их сонирхоогүй л дээ. Тэгээд удаагүй байж байтал ээж минь залгаад "Чи ер нь энэ тэмцээнд ороод үз, ер нь их боломж ихтэй гоё тэмцээн байна" гэсэн. "За ер нь өөрийгөө нэг сориод үзье" гэсэн зорилгоор орсон. Нийт 3 шат явсан ба мянга гаруй хүүхдээс шилдэг оролцогчдыг шалгаруулж аваад шат ахих тусам хичээгээд шилдэг 12-т багтсан. 

YOLO: Шоунд оролцсоноор ямар шинэ зүйлсийг сурч авсан бэ?
- Энэхүү шоунд оролцсоноор яг дуулалт гэхээсээ илүү олон хүнтэй харилцахыг сурсан. Өөрөөр хэлбэл 12 өөр өөр айлын хүмүүжилтэй охид хамт байгаа учраас олны дунд ороод хүмүүстэй яаж харьцах мөн дээрээс нь тайзны соёл бүжгийн эвсэл гэх мэт маш олон зүйлсийг сурч авсан.

YOLO: Оддын академи шоунд байхдаа аль оролцогчтой илүү дотно байсан бэ? Ер нь хэр их найзтай болсон бэ?
- Манай 12 охид бүгдээрээ л хоорондоо дотно байсан. Тэгээд яг сүүлдээ цөөрөх тусмаа бүр ч илүү хоорондоо дотно болоод сайн найзууд болсон.

YOLO: Тус шоунд бусад охидоос ялгарах давуу тал чинь юу байсан гэж та бодож байна вэ?
- Бусад охидоосоо ер нь нэг их ялгараад байх зүйл байгаагүй ээ. Манай охид бүгдээрээ л их авьяастай, би төгөлдөр хуур тоглох гэж оролддог, тэгээд интернэтээс дууны ая сурч тоглож өөрөө дуулдаг, бусад маань ч гэсэн мэддэг ая, дуунуудаа төгөлдөр хууран дээр заадаг байсан. Ер нь бол охидтойгоо чаддаг мэддэг зүйлсээ маш их хуваалцдаг байсан. 



YOLO: Шоунаас хасагдах болсон шалтгааныг та юу гэж дүгнэж байна вэ?
- Миний бодлоор би өөрөө илүү их хичээх ёстой байсан байх гэж бодож байна. Зөвхөн дуулалт биш бүх зүйлийг харж байгаа учраас яг тэр үед илүү их хичээсэн бол хасагдахгүй байсан байх.

YOLO: Өмнө нь энэ төрлийн ямар нэгэн тэмцээн уралдаанд орж байсан уу?
-Өмнө нь 2012 онд "Гэгээн алсын одод"-д ороод шилдэгт орж байсан бас "Universe best songs 2015"-д ороод мөн шилдэгт орсон. Харин өнгөрсөн жил буюу 2017 онд БНСУ-д болсон "World Pop" тэмцээнд яваад тусгай байранд орсон. 

YOLO: "Universe best songs 2015" шилдэг оролцогчдын нэг болж байсан энэ үеэ эргэн дурсвал?
-Би яг тэр үед "Goodboys" Хамтлагийн гишүүн Пүрэвнайдантай хамт дуэт дуулдаг байсан. Дарханд бид хоёр янз бүрийн дуэт, хамтлаг төрлийн тэмцээнд байнга хамт ордог байлаа. Тэр надаас хоёр насаар ах болохоор нас нь хүрчихсэн ч намайг 16 хүрэхийг их хүлээсэн л дээ. (инээв) smiley Тэгээд бид хоёр заавал хамт орно гээд намайг 16 хүрэх жилд бас "Universe best songs"-т бүртгүүлээд "Nature Sound"-ийн Мөнгөнсүх багшийн удирдлаган доор байсан. 



Тухайн үед шат ахих тусам бид хоёрын чадвар дээшилж байсан ч өрсөлдөгч дуэтууд байсан л даа тэгээд хасагдчих болов уу гээд их айж байсан. Гэтэл нэр зарлах мөчид гардаг сүржин аяны хэмнэлд өөрийгөө яг шилдэгт үлдсэн гээд сонссон ч нэг л итгэхгүй шоконд орсон. Эргээд дурсахад багаасаа л шимтэн үзэж орохыг хүсч байсан тэмцээндээ тийм том амжилт гаргахад маш гоё мэдрэмж авдаг юм билээ. 

YOLO: Goodboys хамтлагтай тоглолт хийж байсан энэ талаар сонирхуулаач?
- "Goodboys" хамтлагтай ер нь их хамтардаг л даа. Мөн бид их сайн найзууд бөгөөд янз бүрийн тоглолт арга хэмжээнд хамтарч дуулдаг. Тухайн үед би яг дунд сургуулиа төгсөж байсан. Тиймээс Дархандаа өөрийн үеийнхээ хүүхдүүдэд зориулсан тоглолт хийвэл сонирхолтой юм болов уу гээд "Goodboys"-тойгоо хамтарч тоглолт хийсэн юм. 



YOLO: Ямар мэргэжлээр сурдаг болон яагаад энэхүү мэргэжлийг сонгосон бэ? 
- Би уг нь дуучин болно гэж боддог. Гэхдээ олон улсын харилцаагаар сурдаг. Учир нь хэл сурах нь надад цаашдаа мөн хэрэгтэй гэж бодоод энэ мэргэжлийг сонгосон. Америк Монголын хамтарсан сургууль болохоор энэ сургуулиа төгсөөд гадаад руу урлагийн сургуульд сурах бодолтой байна.

YOLO: З.Уянгын маань анхны тайз хаана хэзээ байсан бэ?
- Хамгийн анхны тайз гэвэл 2 настайдаа юм байна. Цэцэрлэгт байхдаа яг шинэ жилийн баяраар шинэ жилийн дуу дуулаад Дархан хотынхоо телевизээр гарч байсан. Энэ бол анхны тайз юм байна. (инээв)smiley

YOLO: Цөөнгүй тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө чамгүй сорьжээ. Тэгвэл энэ бүгдээс олж авсан чиний гол зүйл, үнэ цэнэ мөн туршлага юу байв?
- Би өмнө нь яг дуулах тал дээр тийм сайн байгаагүй л дээ. Мэдээж тэмцээн уралдаанд оролцох тусам миний дуулах чадвар илүү их ахисан. Анх "Гэгээн алсын одод"-д ороод өөрийгөө сайн дуулдаг ч гэж бодоогүй сонирхлоороо орж байсан. Тухайн үед шүүгчдийн өгсөн зөвлөгөөнөөс гадна багш маань их зааж зөвлөж, миний хоолойны онцлог гэх мэт зүйлсийг надад хэлж өгч байсан нь их тус болсон.

Мөн би өөрөө ч дуулах сонирхолтой байсан болохоор  ер нь дуулвал цаашдаа амжилттай байх юм шиг санагдсан. Үүний дараагаар бас "Universe Best Songs"-т ороод дуулах чадвар маань илүү их сайжирсан. Нэг үгээр олон янзын уралдаан тэмцээнүүдэд оролцож өөрийгөө сорих тусам чадвар маань улам ахиж байгааг  мэдэрч байна. 

YOLO: Таны хамгийн их үлгэр дууриалал авдаг хүн хэн бэ?
- Үлгэр дууриалал авдаг гэхээсээ илүү миний ээж надад бүх зүйлийг минь хэлж өгч тусалж дэмждэг. heart Манай ээж одоо Дарханд байгаа ба өчигдөр хүртэл ярилцлага өгөх гэж байгаа гээд хэлэхэд надтай бараг цаг гаран утсаар ярьсан. /инээв/

YOLO: Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Амралтын өдрүүдээр Дарханд гэртээ байсан л даа. Тэр хугацаандаа нэг ковер гаргасан. Мөн шоунд байхдаа фитнесст явж байгаад Дарханд очоод бас фитнесстээ үргэлжлүүлж явсан. Чөлөөт цагаараа янз бүрийн шинэ, өөрт таалагдсан дуунуудаа сураад сонсож өнгөрөөдөг дөө. 

Түүний өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтэлсэн дараах ковер дуу нь олонд хүнд хүрч магтаал дагуулаад буй yes

Би зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдсан олон улсын хэмжээний дуучин болохыг хүсдэг.

З.Уянга

 

 

YOLO: Цаашдын зорилго мөрөөдлийнхөө талаар хуваалцаач?
- Мэдээж зорилго бол дуучин болох тэрнийхээ төлөө одоо ингээд хичээгээд явж байна даа.

YOLO: 20 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?
-20 жилийн дараа мэдээж дуучин болсон байна байх, би яг зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдсан олон улсын хэмжээний дуучин болохыг хүсдэг. 20 жилийн дараа энэ мөрөөдөл маань биелсэн байна байх аа. 

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлнэ үү? 
-Ярилцлагыг маань уншсан бүх найзууддаа болон бүх хүмүүстээ мөрөөдлийнхөө төлөө шантралгүй тууштай хичээгээрэй гэж хэлмээр байна.

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа хичээл сурлага уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
- Баярлалаа. 

#StarAcademy #Girl