Г.Галбадрах: Би алт шиг үнэтэй цагаа хий хоосон өнгөрөөх дургүй


Монгол хүүхэд залуус маань хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй нь их болжээ. Тэдний нэг, бүтээлч нэгэн хүүг бид энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа. Тэр бол өөрийн хүч хөдөлмөр, ур ухаанаа ашиглан өргөгч кран хийсэн, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10в ангийн сурагч Г.Галбадрах юм. 

YOLO: Өргөгч краныхаа тухай дэлгэрэнгүй танилцуулаач. Хэрхэн бүтдэг талаарх ерөнхий ойлголтыг уншигчдад хүргэвэл сонирхолтой байх? 
- Миний хийсэн өргөгч краны нэр нь “КС- 4567”. КС гэдэг нь сумт кран гэсэн үг.  Оросын  КС- 4361 болон КС- 5363 крануудыг судалж үзээд дундаас нь эрлийз кран хийсэн гэдэг утгаараа ийм нэр өгсөн.  Хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Урт нь 1м 50см, жин нь 35кг бөгөөд гар удирдлагатай.

Хамгийн хүнддээ 6 тоосго буюу 20 кг ачаа өргөж туршсан. Энэхүү өргөгч краныг бүтээхэд мөнгө их орсон юм шиг харагдаж байгаа ч гадаа “хэвтэж” байгаа хаягдал машины төмөр зэргээр бүтээгдсэн гэдгээрээ онцлог. Тухайлбал, данхраадны мануалаар дэгээгээ хийсэн, эвдэрсэн машины хаалганы мотороор краныхаа моторыг хийсэн гээд барилгын хаягдал төмөр ихэвчлэн ашигласан. Харин зөвхөн будсан будганд л мөнгө орсон. Анх 2016 оны 10 сараас эхэлж багшийн заавар дор бусдын тусламжгүйгээр бүх эд анги, деталь хэсгүүдийг жил гаруйн хугацаанд хийсэн. Ер нь л чөлөөт цаг гарангуут нь кранаа хийдэг байсан. 

YOLO: Яагаад кран бүтээхээр болсон бэ?
- Учир нь би бага байхаасаа л инженер болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Миний аавын мэргэжил краны цахилгааны инженер. Тиймээс багадаа аавыгаа дагаж  ажил дээр нь кранууд дунд тоглож өссөн болохоор үнэхээр сонирхолтой санагдаж анх модоор хийж байсан. Цаашлаад техник, технологи сонирхож хүнд даацын машин, авто кран гэж юу болохыг судалж тэр судалгааны үндсэн дээр анх хийе гэсэн санаа орж ирсэн. Эхлээд Youtube–ээс  бичлэг үзээд жижигхэн загвар хийвэл хялбархан юм байна гэж бодоод хийхээр шийдсэн. Тэр шийдэлдээ хүрэхийн тулд маш их судалгаа хийж, бодитоор харж, ааваасаа болон олон инженерүүдээс зөвлөгөө авч хийж эхэлсэн. 

YOLO: Үнэхээр сонирхолтой юм аа. Өргөгч кранаас өөр ямар бүтээлүүд хийж байсан бэ?
- Модон дэр, ширээтэй шатар, эвтэй дөрвөн амьтны сийлбэр, металл хөөмөл, бурхны хөөмөл, шалны мод, хайчилбар, алсын удирдлагатай машин зэрэг ихэвчлэн амьдралд хэрэгтэй бүтээлүүд хийж байсан. Технологийн хичээлд ордог  хичээлүүдээ  түрүүлээд үзчихдэг байсан. (инээв)smiley


Зөв хүмүүжилтэй өсөхийн тулд чөлөөт цагаараа туршлагатай инженерүүдтэй уулзаж мэдэхгүй зүйлүүдээ асууж судалгаа хийдэг.

Г.Галбадрах

YOLO: Хамгийн анхны бүтээл болон анх оролцож байсан тэмцээн нь...?
- Хамгийн анх 2016 онд 8-р ангиудын дунд зохион байгуулагддаг лего шиг тоглоомоор бүтээл хийдэг “Констуктор”-т хэмээх тэмцээнд кран хийж оролцож байсан. Харин анхны бүтээл гэвэл 5-р ангидаа модон кран хийж байсан.

YOLO: Гаргасан амжилтуудаасаа дурдвал...?
- Сургуулийнхаа “Үзэсгэлэн-2018” –д  “КС -4567”  өргөгч кран, ширээтэй шатар, эвтэй 4 амьтны сийлбэр, модон дэр, металл хөөмөл  зэрэг 13 бүтээлээр оролцож “Шилдэг- Дизайн технологич”, “Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн нэрэмжит шагнал”-уудыг тус тус хүртсэн. 

YOLO: Бүтээл хийхээс гадна чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Чиний хобби?
- Гэрэл зураг дарах, дарсан зургаа янзлах дуртай. Ер нь чөлөөт цагаа дэмий өнгөрөөж, зүгээр суудаггүй. Зарим хүүхэд шиг гадуур тэнэж алт шиг үнэтэй цагаа хий хоосон өнгөрөөх дургүй. Харин зөв хүмүүжилтэй өсөхийн тулд чөлөөт цагаараа  туршлагатай инженерүүдтэй уулзаж мэдэхгүй зүйлүүдээ асууж судалгаа хийдэг.

YOLO: Хийж байгаа зүйл чинь бүтэлгүйтэх үе зөндөө л тулгарч байсан байх. Тэр үед яадаг вэ?
- Мэдээж бүтэлгүйтэж шантрах үе байдаг. Тэр болгонд өмнөө тавьсан зорилгоо заавал биелүүлэх ёстой гэж өөртөө сануулдаг. Миний ард итгэл хүлээлгэсэн олон хүмүүс бий шүү дээ. Гэр бүлийнхэн , хамаатнууд, багш нар минь намайг заавал амжилттай дуусгаасай гэж хүсдэг. Олон хүний итгэлийг авсан болохоор ойлгохгүй байсан ч ойлгохыг хичээдэг. Уйлж байсан ч үе байсан. Төмрөөр юм хийж байхад зүсч үзээгүй хуруу гэж байхгүй. (инээв)smiley



Бүтэлгүйтэж шантрах үедээ өмнөө тавьсан зорилгоо заавал биелүүлэх ёстой гэж өөртөө сануулдаг.

Г.Галбадрах

YOLO: Чиний хамгийн дуртай бөгөөд хайртай бүтээл чинь…?
- Би бүх бүтээлүүддээ дуртай. Тэр дундаа сүүлд хийсэн миний хамгийн том бүтээл болох КС- 4567  өргөгч кран болон ширээтэй шатар. Энэ  нь бусад бүтээлүүдээсээ илүү цэвэрхэн болсон.

YOLO: Хэн нэгэнд гараараа ямар нэгэн зүйл хийж өгч байсан уу?
- Сургуулийн тайлант үзэсгэлэн болохоос өмнө эцэг эхийн зөвлөлийн гишүүн эгчид модон дэр өгч байсан. Маргааш нь надад “Үнэхээр таалагдлаа баярлалаа” гэж хэлсэн. Мөн гэр бүлийнхэн хамаатнуудтай модон дэрээ хийж өгсөн.

YOLO: Модон дэр гэхээр их сонирхолтой санагдлаа. Хийхэд хэр их хугацааг шаарддаг вэ?
- Яг модоо бэлдээд суугаад хийхэд 2 цагийн дотор дуусгадаг.

YOLO: Чиний бодлоор амжилтанд хүрэхэд юуг эрхэмлэх хэрэгтэй вэ?
- Тэвчээртэй байх ёстой. Зорьсон зорилгодоо заавал хүрэхийн тулд хичээх хэрэгтэй.

YOLO: 10 жилийн дараах өөрийгөө тодорхойлбол?
- 10 жилийн дараа гэвэл би 26 настай байна. Тэр үед их сургуулиа төгсөөд, ажил мэргэжилтэй болчихсон мэдлэгээ илүү нэмнэ дээ. Миний хийх зүйл зөвхөн кранаар хязгаарлагдахгүй, цаашдаа илүү зүйлийг сурч мэдэхийн төлөө хичээнэ. Аав ээж багш нар надад үргэлж тусалж дэмждэг нь миний том хөшүүрэг болдог.

 


Миний хийх зүйл зөвхөн кранаар хязгаарлагдахгүй, цаашдаа илүү зүйлийг сурч мэдэхийн төлөө хичээнэ.

                                                                                   Г.Галбадрах

YOLO: Цаашдын төлөвлөсөн зүйл юу байна вэ?
- Цаашдаа төлөвлөсөн маш олон зүйл байна. Тухайлбал, одоогоор хийсэн байгаа жижиг кранаа илүү томруулах, оюутан болохоороо машин хийнэ гэсэн бодолтой байна. ШУТИС-ын оюутнууд машин хийсэн байсан. Үүнийг хараад оюутнууд хийж байхад би яагаад хийж болохгүй гэж бодсон. Тиймээс тэр талаараа судалгаа хийж байгаа. Мөн дараа жил Хөх хотод болох иновацийн тэмцээнд оролцоно. Энэ жил туршлага судлахаар явахад хүүхдүүд маш бүтээлч сэтгэлгээгээр хандаж төгөлдөр хуур тоглодог робот гээд маш олон зүйл хийсэн байсан. Жижиг зүйлээс том юмыг хайдаг хүүхдүүд л энэхүү тэмцээнд өрсөлдөж байна даа.  

YOLO: Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
- Механик инженер болно гэж бодож байгаа.

YOLO: Чамд тусалж дэмждэг, зааж сургадаг хүмүүстээ хандаж үг хэлээч?
- Би ааваараа маш их бахархдаг. Аав минь байхгүй байсан бол би өдий зэрэгтэй хүрэхгүй байсан. Тиймээс үргэлж тусалж, дэмждэг аав, ээждээ баярлалаа. Аав ээж багш нар маань надад үргэлж тусалж дэмждэг нь миний том хөшүүрэг болдог. Мөн технологийн багш нартай үнэхээр  их баярладаг. Энэ хорвоод багшгүй хүн гэж байдаггүй шүү дээ. 

YOLO: Сонирхолтой яриаг өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.
- Баярлалаа.

Мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө зүтгээд байвал бүтэхгүй зүйл гэж байхгүй.

Г.Галбадрах

Өсвөрийн сэтгүүлч Б.Хишигжаргал, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10в ангийн сурагч Г.Галбадрах

Өсвөрийн сэтгүүлч Б.Хишигжаргал, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10в ангийн сурагч Г.Галбадрах


#Craneman #Boy #Interview