Хүүхэд бүхэн ХАМГААЛАГДАХ эрхтэй


Үжин | YOLO.MN
2018-04-11

-“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЯВАГДАЖ БАЙНА-

Энэ оны эхний эхний улирлын байдлаар цагдаагийн байгууллагад 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон болон насанд хүрээгүй хүнээс 140 гэмт хэрэг үйлдсэн талаар статистик мэдээнд бүртгэгджээ.

Гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ цаг үеийн нөхцөл байдалд үндэслэн цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн сарын хугацаатай зохион явуулж байна.

Арга хэмжээний үеэр алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хараа хяналтгүй, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг хийж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах зэрэг ажлуудыг  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Мөн  Цагдаагийн ерөнхий газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн шугамаар цагдаагийн байгууллагын гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, мэдээллийн системийг боловсронгуй болгох, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн цахим сангийн “Нээлтийн ажиллагаа”-г 2018 оны 04 сарын 6-ний өдөр хийжээ. 

Уг цахим санд  дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжтой болсноос гадна хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхойлох, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийллийг бууруулах, илрүүлэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой мэдээ мэдээллийг оруулжээ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

#Children #Indefensible #Equal