ЗАХИДАЛ: Би яагаад ч юм ХИЧЭЭЛЭЭ ХИЙЖ амждаггүй


ССҮТөв | YOLO.MN
2017-05-12

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Нэг мэдэхэд л нөгөө хичээл орох цаг нь болчихсон байдаг

Энэ нь надад цаашдаа хэрэгтэй болохоор би одооноос эхлээд цаг төлөвлөж суръя гэж бодлоо.

Сайн байна уу? Би танай редакцад ирсэн захидлуудыг байнга уншдаг. Тэгээд би өөрөө ч бас захидал илгээхээр шийдлээ. Надад нэг асуудал байна. Надад хичээлээ хийх цаг хангалттай байдаг ч яагаад ч юм хичээлээ хийж амждаггүй. Нэг мэдэхэд л нөгөө хичээл орох цаг нь болчихсон байдаг. Ийм байдлаасаа болоод 4 хичээл дээр унасан. Би цагийг дэмий зүйлд өнгөрөөж байгаа мэднэ. Яавал ингэхээ болих вэ? Яавал цагийг үр дүнтэй өнгөрөөжсурах вэ? Цаг төлөвлөлтийг хийж амьдралдаа байнга хэрэгжүүлмээр байна. Энэ нь надад цаашдаа хэрэгтэй болохоор би одооноос эхлээд цаг төлөвлөж суръя гэж бодлоо.

ЗӨВЛӨГӨӨ: Өнөөдрөөс эхлэн яг юунд хэдэн цаг зарцуулж байгаагаа тэмдэглээрэй

Тэгэхээр өнөөдрөөс эхлэн яг юунд хэдэн цаг зарцуулж байгаагаа  тэмдэглэлийн дэвтэр гаргаад шударгаар хөтлөхийг зөвлөе.

Сайн байна уу ? Захидал илгээсэнд баярлалаа. Цаг төлөвлөлт, цагийг үр бүтээлтэй ашиглана гэдэг бол тухайн хүний амжилтанд хүрэхэд нөлөөлөх зүйлсийн нэг мөн билээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн яг юунд хэдэн цаг зарцуулж байгаагаа  тэмдэглэлийн дэвтэр гаргаад шударгаар хөтлөхийг зөвлөе. Жишээ нь :

    - 6:15 Сэрсэн

    - 6:30 Орноосоо боссон

    - 6:30-7:30 хичээлдээ явахдаа бэлдсэн

7:35 Гэрээсээ сургууль руугаа явсан

8:00-12:00 Хичээлтэй байсан

13:00- 15:00 Найзуудтайгаа сагс тоголсон гэх мэтээр.

Үүнийг эхний ээлжинд яг 7 хоног л хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэгжүүлсний үр дүнд 7 хоногт онц шаардлагагүй зүйлд хэр их хугацаа зарцуулж байна гэдгээ харах боломжтой болно. Дараагийн ээлжинд хийж буй зүйлсийн тэмдэглэгээгээ үргэлжүүлэхийн хажуугаар нэмээд хийж болох ажил буюу 2 хоног, 5 хоног, 7 хоногийн төлөвлөгөө гаргах. Төлөвлөгөөгөө гаргасны дараа биелэлт нь хэр байна гэдгийг тэмдэглэж өөрийнхөө цаг ашиглалтыг харж, хянаж болно. Эхний ээлжинд дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд ямар санагдсан, хэрэгжүүлэхэд юу хэцүү байсан талаар дараагийн захидалдаа дурьдаарай. Амжилт хүсье. smiley

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Class #School #Teenagers #lesson #TimeManagement