БНСУ-ын хамгийн том ойн түймрийг эхлүүлсэн хэрэгт тахилга үйлдэж байсан хүнийг шалгаж байна


А.Номин | YOLO.MN
УРЖИГДАР

Өмнөд Солонгос улсын түүхэнд гарсан хамгийн том ойн түймрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд бүрэн унтраасан.

Уг түймрийг эхлүүлсэн хэрэгт гэр бүлийнхээ оршуулгын газарт тахилга үйлдэж байсан 56 настай эрийг шалгаж эхэлсэн байна.

Ойн түймрийн улмаас 30 хүн амиа алдаж, 4000 мянга орчим барилга байгууламж сүйдсэн. Мөн Сөүл хотын нийт газар нутгийн 80 хувьтай тэнцэх хэмжээний талбай шатсан юм.

Одоогоор тус эрийг саатуулаагүй байгаа ч хэрэгт холбогдуулан бүртгэсэн бөгөөд газар дээрх мөрдөн байцаалт дууссаны дараа түүнээс мэдүүлэг авч эхлэх юм байна.

Түүний охиноос мэдүүлэг авахад "Эцэг нь оршуулгын газарт унасан модны мөчрийг шатаах гэж байгаад гал алдсан" гэсэн аж. 

Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Хан Док Сү энэ түймрийг тус улсын түүхэнд гарсан хамгийн аймшигтай түймэр хэмээн тодорхойлсон. 

Түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь 60-аас дээш насныхан байсан юм. 

Мөн Үйсон дахь эртний Гоун сүм шатаж, дотор нь хадгалагдаж байсан үзмэрүүдийг өөр газарт шилжүүлсэн байна. Тус сүм ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад багтдаг аж. 

Эх сурвалж: Korea Times

#БНСУ