Хятадын эрдэмтэд Сармагчны КЛОН-ыг бүтээжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-01-25

Хятадын биологичид масак сармагчныг амжилттай хувилж, клоныг нь бүтээсэн гэдгээ зарлалаа. Ийнхүү эрдэмтэд анх удаа примат зүйл буюу хүнтэй төстэй хөхтөн амьтны клоныг амжилттай бүтээжээ.

"Эс" сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд дурдсанаар Шанхай дахь Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд энэхүү туршилтыг хийсэн аж. Хэрвээ туршилтыг дахин амжилттай гүйцэтгэвэл олон тоогоор сармагчин бүтээж, хүний өвчнийг анагаах, шинэ эмчилгээ турших зэрэгт хамгийн тохирох зүйлийг бүтээх юм.

Харин судалгааны багийнхан энэхүү туршилтаараа хүний клон үүсгэх ямар ч зорилго агуулаагүй гэдгээ удаа дараа дурджээ. Багийн гишүүн Мү Мин По "Примат зүйлийн клоныг бий болгосон нь бид хүний клоныг бүтээх ч боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ бид энэ боломжийг бүтээсэн шалтгаан нь анагаахын салбарыг хөгжүүлэх юм" гэсэн аж.

Түүнчлэн "Шинжлэх ухааны хөгжлийг Хятадын ард түмэн ёс зүй талаас нь хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй барууны орнууд ч гэсэн хүний өвчнийг эмчлэхийн тулд сармагчныг хувилахыг зөвшөөрөх байх" гэжээ.

Зургаа болон найман долоо хоногтой клон хоёр сармагчин одоогийн байдлаар эрүүл саруул байгаа бөгөөд эсийн бөөмийг шилжүүлэх арга/SCNT/-аар бүтээсэн аж. Яг энэ аргаар 1996 онд Долли хонийг хувилж байжээ.

SCNT нь үр тогтоогүй өндгөн эсийн бөөмийг авч, оронд нь ижил зүйлийн донороос авсан бөөмөөр орлуулах арга юм. Өнөөдрийн байдлаар эрдэмтэд яг энэ аргыг ашиглан 23 хөхтөн амьтны зүйлийг хувилж чадсан боловч примат зүйлийг хувилах туршилт бүгд амжилтгүй болж байжээ.

Хятадын эрдэмтдийн хувьд үүний өмнө нас бие гүйцсэн масак сармагчны эсээс клон үүсгэх гэж оролдож байсан боловч төрөөд удалгүй үхэж байсан аж. Ингээд 21 удаагийн туршилтын эцэст эрүүл саруул монди төрсөн нь энэ юм байна.

Эх сурвалж: IFLScience

#Scientist #Invention #Monkey