CES 2018 үзэсгэлэнгийн тухай ТОВЧХОН


А.Ихсанаа | YOLO.MN
2018-01-16

Энэ жилийн үзэсгэлэнг 5-10 жилийн дараа ширүүн бороо орж, цахилгаан тасарсан гэдгээр нь л бид илүүтэй санах болов уу. Жил бүрийн эхний сард Лас Вегаст болдог энэ удаагийн цахилгаан барааны үзэсгэлэнгийн үер бүтэн жил ордог бороо нь ганцхан өдөрт орж, нээлтийн үеэр бүтэн хоёр цаг цахилгаан тасарчээ.

Ердөө л хамгийн дэвшилтэт технологи ч гэсэн ажиллахын тулд дэд бүтэц шаардлагатай гэдгийг илэрхийлсэн хэрэг байв. Гэсэн хэдий ч үзэсгэлэн болдгоороо болж, бид гайхдагаараа гайхлаа. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэнгийн онцлох зүйлс юу байсан тухай эргэн сануулъя.

#1 Гэрийн ухаалаг төхөөрөмжийн дэвшил: Хиймэл оюун ухаан

Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг нь Амазоны Алекса байв. Энэ жил ч мөн адил. Гэхдээ энэ удаад Google-ийн туслах нэмэгдэж, 2018 оны шинэ, шилдэг технологиудад нэвтэрчээ. Зурагт, хаалганы түгжээ, сэнс хүртэл бүгд сүлжээнд холбогдож, харин Алекса, Google Assistant зэрэг системүүд бүгдийг нь удирдах болжээ.

Тиймээс цахилгаанд залгаж, хүн товчлуурыг нь дардаг "Мангар" цахилгаан бараануудын эрин үе дуусаж, бүгд л интернетэд холбогдсон, дуу хоолойгоор удирдаж болдог цахилгаан барааны шинэ эрин эхэлж байна.


#2 Телевизор байсаар л...

Цахилгаан бараа гэдэг үгийг хаанаас нь ч харсан "Телевизор"-ийн илэрхийлэл болсон гэхэд буруутахгүй. Тийм ч учраас Цахилгаан барааны үзэсгэлэнгийн гол үзмэр нь Телевизор байдаг. Энэ жилийн хувьд ч мөн адил.

LG, Samsung компаниуд 8К нягттай телевизор танилцуулж, LG компани хуйлж болдог OLED дэлгэцийн технологио гайхуулсан бол Samsung компани "Хана" хэмээх 146 инчийн дэлгэцээ сонирхуулав.


#3 Роботуудын эхлэл

Одоохондоо бид роботуудын эзлэн түрэмгийллээс эмээх шаардлага байхгүй. Учир нь CES 2018 үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан роботууд аймшигтай, эзлэн түрэмгийлэгч гэхээс илүү хайр татсан, өхөөрдмөөр төрхтэй ажээ.

Honda компани барилгын талбайд ажиллах гурван робот, Aeolus компанийн гэрийн үйлчлэгч, тэгээд эцэст нь Sony-ийн Aibo роботын шинэ хувилбар. 2006 онд анх танилцуулж байсан загвараасаа хэд дахин өхөөрдөм болжээ.


#4 Зүүдэг төхөөрөмжийн дэвшил...

Fitbit, Apple Watch гээд аль хэдийн зах зээлд нэвтэрсэн төхөөрөмжүүдээр төсөөлдөг байсан зүүдэг төхөөрөмжийн хийж чадах зүйлс хурдацтай өөрчлөгдөж байна. NeoMano хэмээх бээлийний тусламжтай саа өвчтэй хүмүүс гараа атгаж, L’Oreal-ийн хэт ягаан туяа мэдрэх төхөөрөмж арьсны хорт хавдраас сэргийлнэ. Түүнчлэн хэрэглэгчийн цусны даралтыг мэдэрдэг төхөөрөмж хүртэл бүтээжээ.


#5 Автомашин

Цахилгаан барааны үзэсгэлэнгийн хамгийн их анхаарал татах зүйлсийн тоонд автомашин орно гэж хэн төсөөлөх билээ. Гэхдээ л сүүлийн жилүүдэд автомашин үйлдвэрлэгчид шинэ технологио гайхуулах нэг талбараар CES үзэсгэлэнг сонгох болсон юм.

Nvidia, Bosch, Qualcomm компаниуд автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, Алекса, Google Assistant-ууд жолоочид тусалж, автомашин үйлдвэрлэгчид өөрийгөө жолоодох систем, цахилгаан машинуудаа танилцуулав.


#6 Гар утасны шинэ технологи

Apple, Samsung компаниуд зах зээлд нэвтрүүлж амжаагүй байхад Хятадын Vivo компани Synaptics-тай хамтран "Дэлгэцийн цаана хурууны хээ танигч" бүхий бүтээгдэхүүнээ танилцуулав. Энэ технологийг нэвтрүүлснээр гар утас үйлдвэрлэгчид нүүрэн тал нь тэр чигтээ дэлгэц бөгөөд утасны арын хэсэгт камераас өөр зүйлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм.

Харин одоо удахгүй Барселонд болох "Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулган"-ыг л хүлээх үлдлээ. Тэр үед бүр ч олон гайхалтай төхөөрөмжийг Samsung, Huawei, Xiaomi зэрэг компаниуд танилцуулна.

#Ces2018 #Technology