Фобиа буюу хяналтгүй айдас гэж юу вэ?


Хүн бүрт айдас бий. Тухайлбал, хорхой шавжнаас айдаг хүмүүс байхад шүдний эмчээс айх хүмүүс ч байх аж. Иймэрхүү төрлийн айдас нь тухайн нөхцөл байдалд таны үзүүлж буй хариу үйлдэл бөгөөд хэвийн үзэгдэл юм.

Гэвч айдас нь байнга түгшүүр төрүүлж, хэвийн амьдралд чинь саад болохуйц нөлөө үзүүлж байвал үүнийг фобиа хэмээн нэрлэдэг байна. Ингээд сэтгэцийн эрүүл мэндийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт хяналтгүй айдсын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

ФОБИА БУЮУ ХЯНАЛТГҮЙ АЙДАС ГЭЖ ЮУ ВЭ?

Фобиа нь айдас гэсэн утгатай Грек үгнээс гаралтай ба хяналтгүй айдас гэж нэрлэх нь бий. Энэ нь бодит байдалд аюул учруулж болзошгүй зүйлээс хүчтэй айх айдас юм. Хүмүүст хамгийн түгээмэл байдаг фобиа нь давчуу газар, хэт өндөрлөг газар, хурдны зам, нисдэг шавж, могой, зүү зэрэг байна. Фобиа дотроо маш олон төрөлтэй бөгөөд нэг хүн бүх төрлийн фобиатай байх тохиолдол ч бий. Ихэнх хүмүүс амьдралынхаа явцад фобиатай болдог бол зарим хүмүүсийн фобиа хүүхэд байхад нь бий болж, улмаар даамжирдаг байна.

Фобиатай хүмүүс айдсаа өөрөө хянах чадваргүй байдаг бөгөөд тухайн зүйлийнхээ талаар бодох төдийд л маш их түгшүүр мэдэрдэг. Түгшүүрлэх үед айдас бидний мэдрэлийг сааруулдаг. Иймд тухайн нөхцөл байдлаас гарахын тулд хүнээс маш их хичээл зүтгэл шаарддаг байна.

Айдсаасаа бүрмөсөн салахыг хүсвэл амьдралын хэв маягаа өөрчлөхөөс өөр аргагүй. Жишээлбэл, та цахилгаан шатанд сууж чаддаггүй буюу клаустрофобиатай бол цахилгаан шатгүй ажлын байр, орон сууц сонгох шаардлагатай тулгарна.

Өөрийн фобиаг ойлгох нь айдсаа даван туулах хамгийн эхний алхам. Ганцхан та л ийм зүйлтэй тулгарч байна гэж бүү бодоорой. Тантай адилхан фобиатай хүмүүс маш олон бий, энэ бол түгээмэл зүйл.

ЭНГИЙН АЙДАС БОЛОН ХЯНАЛТГҮЙ АЙДАС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

Аюултай, эрсдэлтэй нөхцөл байдалд айдас мэдрэх нь хэвийн бөгөөд ач тустай байдаг. Өөрөөр хэлбэл айдас нь хамгаалах зорилготой ба бие махбод, оюун ухааныг сэрэмжтэй байлгаж, өөрийгөө хамгаалах үйлдэл хийхэд бэлэн болгодог. Харин фобиа бол аюул, заналхийлэл байхгүй үед ч хүчтэй мэдрэгддэг. Тухайлбал, замаар явж байхад галзуу нохой дайрах нь танд аюултай учир та айж, зугтах нь зүйн хэрэг боловч зүгээр нохой харахад л айдас төрдөг бол энэ нь фобиа гэсэн үг юм.

ЭНГИЙН АЙДАС:

- Шуургатай үед онгоцоор нисэхээс айх

- Өндөр барилга дээрээс доошоо харахад айх

- Аймшигтай, хурц соёотой, ууртай нохойноос айх

- Гэмтсэн, шархадсан хүн харахад эвгүй мэдрэмж төрөх.

ХЯНАЛТГҮЙ АЙДАС:

- Ямар ч тохиолдолд онгоцоор нисэхээс айх

- Гайхалтай ажлын санал авсан ч оффис нь цахилгаан шаттай тул татгалзах

- Сул нохой цэцэрлэгт хүрээлэнгээр явж байж магадгүй хэмээн маршрутаа өөрчлөх

- Зүү, тариураас айдас тул эмнэлэг орж шаардлагатай эмчилгээ хийлгэхээс татгалзах.

ХЯНАЛТГҮЙ АЙДСЫН НИЙТЛЭГ ХЭЛБЭРҮҮД

Фобиа буюу хяналтгүй айдсын дөрвөн ерөнхий хэлбэр байдаг. Үүнд:

1. Амьтны фобиа – аалз, мэрэгч, муур, нохой гэх мэт.

2. Байгаль орчны фобиа – өндөр хад, шуурга, далай, их ус, харанхуй гэх мэт.

3. Нөхцөл байдлын фобиа – тодорхой нөхцөл байдлаас айх буюу давчуу орон зай, нислэг, хонгил, гүүр гэх мэт.

4. Гэмтлийн фобиа – цус, гэмтэл, өвчин, зүү, тариур, эмчилгээний багаж хэрэгсэл зэрэг багтдаг байна.

Бид дараагийн дугаарт хяналтгүй айдсын шинж тэмдгүүд болон төрлүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэх болно.

Эх сурвалж: Help Guide

#Эрүүл мэнд #сэтгэлзүй #Фобиа