Жюү жицүгийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдож байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай улсаас анх өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу нийт 50 тамирчин, эцэг эх албаны хүмүүс нийлсэн 65 хүний баг оролцож байна. 4-р сарын 20, 21-ний өдрүүдэд “World Kids Festival” буюу дэлхийн хүүхдийн их наадам зохиогдож 50 гаруй орны 1300 хүүхэд өрсөлдсөнөөс “MONDE” клуб 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Сэлэнгэ аймгийн “Шинэ бадрах клуб” 8 алт, 2 мөнгө, “GARUDA” клуб 6 алт, 2 мөнгө, 6 хүрэл, Сүхбаатар аймаг 1 алт нийт манай тамирчид 16 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн юм.
Ийнхүү өсвөрийн тамирчид маань дэлхийн хүүхдийн их наадмаас бүгд медаль хүртэж, Абу Дабигийн дэвжээг эзэгнэсэн бол өчигдөр буюу ням гарагт өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн охидын барилдаануудаар эхэлсэн юм. Энэ өдөр манай улсаас “Шинэ Бадрах” дэвжээний гурван тамирчин хүч үзсэн. Улмаар охидын шар бүсний 11 насны 36 кг-ийн жинд Т.Ариунзаяа алтан медалийн төлөөх барилдаанд уран гоёмсог мэхүүдийг хийж, өрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө илт давуу ялснаар жюү жицүгийн төрөлд Монголын анхны өсвөрийн дэлхийн аварга болсон байна.
Мөн энэ өдөр охидын шар бүсний 13 насны 36 кг-ийн жинд Ж.Энхбулаг хүрэл медаль хүртсэн юм. Өнөөдөр манай хөвгүүд дэлхийн аваргын дэвжээнд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх болно.
Дашрамд сонирхуулахад, Монголын жюү жицүгийн холбоо үүсгэн байгуулагдаад 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Ц.Батцэцэг ДАШТ-ээс насанд хүрэгчдийн ангилалд алт, 2 хүрэл, Б.Хулан хүрэл, М.Сугар алт, Б.Сугаржаргал алт, мастер ангилалд О.Болд-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр, Б.Ариун-Эрдэнэ нар алтан медаль хүртэж байжээ. ДАШТ-ий мэргэжлийн буюу насанд хүрэгчдийн чансаа өндөртэй тамирчдын барилдаанууд маргааш эхлэх болно. Тэмцээнд оролцох манай шилдэг тамирчид өнөөдөр Абу Даби хотноо хүрэлцэн ирээд байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх