Хаана: Чингис зочид буудал - Хурлын танхим
Хэзээ: 9-р сарын 16-нд 12:00-18:00 цагт
Сайн дурын үйл ажиллагаа гэдэг нь өөрийн ур чадвар, мэдлэг, цаг заваа бусдын сайн сайхан болон нийгмийн хөгжлийн төлөө хариу нэхэлгүйгээр зориулахыг хэлнэ.
Сүүлийн жилүүдэд манай улсын залуучуудын сайн дурын үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж байгаа ч тэдний дийлэнх нь хаана, ямар байгууллагатай холбогдож сайн дураар ажиллах, цаашлаад нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах талаарх мэдээллээр дутмаг байна.
Байгууллагуудын хувьд ч мөн өөрийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сайн дурынхантай холбогдож тэдний нөөц бололцоог ашиглаж чадахгүй байгаа нь сайн дурын үйл ажиллагаанд оролцогчдын хоорондын уялдаа холбоо сул байгааг илтгэж байна.
Иймд iVolunteer Mongolia санаачилгын залуус 2016 онд Монголын сайн дурын үйл ажиллагаанд тулгамдаж буй дээрх асуудлын шийдлийг эрэлхийлж "I Volunteer, do you?" өдөрлөгийг анх удаа зохион байгуулсан юм. Өдөрлөгт иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, боловсрол болон хүмүүнлэг, тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага, сайн дурын үйл ажиллагаанд оролцож өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой 1100 орчим залуус оролцсон.
Энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд өдөрлөгийн хүрээнд:
• Сайн дурын үйл ажиллагааны талаарх залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх
• Сайн дурын ажил хийх сонирхолтой залуусыгхолбогдох байгууллага, санаачилга, төсөл хөтөлбөрүүдтэй холбож өгөх
• Сайн дурын үйл ажиллагааны арвин туршлагатай хүндэт зочдыг урьж оролцуулан, залуучуудад өөрийн туршлагаасаа хуваалцан, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгох юм
Өдөрлөгт Иргэний Нийгмийн байгууллагууд, Залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, Бизнес, хувийн хэвшлийн байгууллагууд, Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, Хүмүүнлэг, тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд оролцох болно. Мөн бидний үйл ажиллагааг НҮБ-ын Хүн амын сан, Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төв дэмжин ажиллаж байна.
iVolunteer Mongolia санаачилгын тухай:
Өдөрлөгийг зохион байгуулагч iVo санаачилга, iVolunteer.mn нь сайн дурынхан болон төрийн бус байгууллагыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой залуусын нээлттэй санаачилга, төсөл юм. Бид 2015 оны 12-р сард байгуулагдсан цагаасаа эхлэн сайн дурынхан болон байгууллагуудын холбох гүүр болон ажиллаж, онлайнаар 40 мянга гаруй давталтгүй хандалтыг авч +100 сайн дурын боломжийг нийтэлж, +1000 гаруй сайн дурынхныг +25 байгууллагатай холбон амжилттай ажиллаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх