-KЛУБ-
Бид одооноос эхлэн хүүхэд залуусын өөрсдөө бие даан эрхлэн явуулдаг сонирхолтой клубуудын талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэх болно оо. Ингэснээр та бүхэн өөрсдийн хүсэл сонирхол, магадгүй ирээдүйн зорилгод нийцсэн клубийн талаарх мэдээллийг авч цаашлаад хамрагдах боломж бүрдэх юм.
Ингээд эхний танилцуулах клуб бол "АРАВТ" юм. Та бүхэн доорх мэдээллээс тус клубын дэлгэрэнгүй танилцуулгыг аваарай.
Энэ бол хичээлийнхээ хажуугаар нийгмийн идэвхтэй байж үеийнхэнтэйгээ хамтдаа хөгжиж, бие биенээсээ суралцаж олон найзуудтай болох орчин. Нэг сэтгэл нэг зорилго доор нэгдэн нийгмийнхээ сайн сайхны төлөө төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг "Аравт" залуучуудын клубийг танилцуулж байна.
Хэзээ үүсгэн байгуулагдсан: 2017 оны 9-р сар
Хэдэн гишүүнтэй: 50 гишүүнтэй
Үйл ажиллагааны чиглэл: Нийгмийнхээ сайн сайхны төлөө төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг.
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/aravtzaluuchuudiinclub/
Баруун гар талаас, "Аравт" залуучуудын клубыг үүсгэн байгуулагч Г.Цэцэгсайхан, ерөнхий зохион байгуулагч М. Жавзандулам
YOLO: Танай клубийн гол зорилго юу вэ?
- Клуб маань үүсгэн байгуулагдаад удаагүй байна. Гэсэн хэдий ч бид олон талын үйл ажиллагаа явуулах тал дээр анхаарч ажилладаг. Түүгээрээ дамжуулаад клубийн гишүүдээ хөгжүүлэх зорилготой байдаг. Манай клубийн гол зорилго гадаад дотоод гэсэн хоёр чиглэлтэй бөгөөд ганцхан нийгэмдээ чиглэсэн үйл ажиллагаа биш дотооддоо чиглэсэн хамтдаа спорт өдөрлөг зохион байгуулах, номын хэлэлцүүлэг явуулах гэх мэт өөрсдийнхөө хувь хүний хөгжил тал дээр анхааран танилын хүрээгээ нэмэх зорилготой. Мөн хүнтэй яаж зөв ойлголцох найзалж нөхөрлөх гэх мэт зүйлсийг нэг нэгнээсээ суралцаасай гэсэн үүднээс дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
YOLO: Клуб анх үүсгэн байгуулагдаж байсан түүхээс хуваалцаач?
- Миний хувьд нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн үйл ажиллагаа хийгээд олон залуучууд нийгмийг манлайлж яваасай гэсэн үүднээс клубтэй болох хүсэлтэй байсан. Энэ талаараа хоёр найздаа хэлээд тэд маань ч дэмжсэний үндсэн дээр анх үүсгэн байгуулагдсан.
YOLO: Анх байгуулагдсанаасаа хойш ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулсан бэ?
- Эхний үйл ажиллагаа бол дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа байсан учир нь бие биетэйгээ сайн танилцаж амжаагүй хүмүүс гар нийлж ажиллаж чадахгүй цааш явахад хүндрэлтэй гэсэн үүднээс хамтдаа ууланд гарсан.
YOLO: Дараагийн хийхээр төлөвлөж байгаа ажил юу байна вэ?
- Одоогоор хийхээр төлөвлөж байгаа ажил бол хоёулхнаа тэтгэвэрээрээ амьдардаг, цагаан сараар идээгээ засаж чаддаггүй маш олон эмзэг давхаргын хөгшчүүл бий. Тэрхүү эмээ өвөө нартаа баяр нэмээд цагаан сарын өмнө тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Дараагийн үйл ажиллагаа бол өсвөр үе залуучууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа юм. Мөн гуравдугаар сарын сүүлээр төгсөх ангийнханд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалтын талаар лекц зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
YOLO: Ихэвчлэн хэдээс хэдэн насны хүүхдүүд байдаг вэ?
- Дийлэнх нь төгсөх ангийн сурагчид байдаг. 15-19 насны хүүхдүүд нийгмийнхээ төлөө сайн зүйл хийх юмсан гэсэн хүсэл тэмүүлэл доор нэгдсэн байдаг. Манай клубд маш олон төрлийн сонирхолтой, авьяастай өөр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд бий. Тухайн хүүхдүүд өөрийнхөө чаддаг мэддэг зүйлээ бусдадаа хуваалцаж бие биенээсээ суралцсаар байдаг. Олон хүүхэд нэг хүсэл доор нэгдэхээрээ илүү их хурцлагдаж байдаг.
YOLO: Элсэлтээ хэрхэн авдаг вэ?
- Бидэнтэй нэг сэтгэл нэг зорилго доор нэгдэж чадна гэвэл манай клубийн үүд хаалга нээлттэй. Бид шинэ элсэлтээ улирал болгон авдаг. Элсэлт авахдаа анкет болон тухайн хувь хүний хандлага, туршлагыг харж авдаг. Харамсалтай нь нэгнийгээ хүндэлдэггүй, цаг баримталдаггүй, хуралд ирдэггүй, уулзалтад идэвхгүй гэх мэт дотоодын дүрмийг олон удаа зөрчсөн тохиолдолд хасалт хийж явдаг.
Аравт залуучуудын клубийн ерөнхий зохион байгуулагч М. Жавзандулам
Миний бодлоор өсвөр үеийнхэн маань дан ганц хичээл гэхээсээ илүүтэйгээр хажуугаар нь нийгмийн идэвхтэй байх хэрэгтэй. Идэвхтэй байснаар өөрийгөө хөгжүүлнэ ирээдүйд улс орноо хөгжүүлэх залуу боловсон хүчин болоход одооноос анхаарах хэрэгтэй гэж боддог.
Бидний энэхүү бага ч гэсэн оролцоо Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох үүд хаалга гэж харч байгаа. Дотооддоо чиглэсэн үйл ажиллагааны гол зорилго нь клуб дотроо эв нэгдэлтэй сайхан харилцаатай байж бусад өсвөр үеийнхнийгээ манлайлж чадна. Гишүүд маань бие биенээсээ суралцаад санал бодлоо чөлөөтэй солилцож илүү их туршлага хуримтлуулах тал дээр анхаарч ажилладаг.
Бидний зохион байгуулсан үйл ажиллагаанууд маань зөвхөн клубийн 50 гишүүдийнх байгаагүй. Хандив тусламж үзүүлж оролцсон хүмүүсийнхээ сэтгэлээр бид хийж чадсан. Нэг санаа нэг сэтгэлээр хамтарч ажиллахыг хүссэн хүн бүхэнд манай клуб нээлттэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх