АНУ-ын ахлах сургуульд нэг жил суралцах тэтгэлэг зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2017-09-12

АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сургах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Future Leaders Exchange (FLEX) тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил суралцангаа Америк айлд амьдарч, тэдний соёлтой танилцах боломжийг олгох солилцооны хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос бүрэн санхүүжилттэйгээр зохион байгуулдаг.

FLEX хөтөлбөр нь АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгээр Монгол Улсад 2017 оноос хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл гэх байгууллага зохион байгуулдаг.

2018-2019 хичээлийн жилд FLEX тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалтыг энэ сарын 24-нд Улаанбаатар, 30-нд Сайншанд, аравдугаар сарын 7-нд Ховд хотод тус тус болно.

Мөн Улаанбаатар хотын оршин суугч биш боловч шалгалт өгөх сонирхолтой сурагчдаас аравдугаар сарын 14, 15-нд нэгдүгээр шатны шалгаруулалтыг авах юм байна. Шалгаруулалт сурагчийн чадвар дээр үндэслэх ба улс даяар хөтөлбөрийн шаардлагуудыг хангасан бүх сурагчдад үнэгүй оролцох юм.

Шалгуур:

    - 2001 оны 1 сараас 2003 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
    - Оролцох үедээ 9, 10, 11-р ангийн сурагч байх
    - Сайн ба түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх
    - Англи хэлний зохих түвшний дундаас дээш мэдлэгтэй байх
    - АНУ-ын визний шалгууруудыг хангасан байх
    - Монгол Улсын иргэн байх бөгөөд гадаад паспорт авах эрхтэй байх

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчид шалгалтын өдөр төрсний гэрчилгээ, цээж зураг, үзэг (хар) авчирч бүртгүүлээд шууд шалгалтаа өгнө. Шалгалтын дэлгэрэнгүй хуваарь болон хөтөлбөрийн талаарх мэдээллийг FLEX Mongolia болон flex@americancouncils.mn, 93130647 утсаар лавлах боломжтой.

#USA #HighSchool #Scholarship