ЗАХИДАЛ: Дөрөвдүгээр сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-04-10

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Найз залуу маань надаас 4 насаар дүү

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танаас зөвлөгөө авах гэсэн юм. Би 23 настай, эмэгтэй. Харин найз залуу маань 18 настай. Бид хоёр үерхээд 4 сар болж байна. Хоёр талын эцэг эхдээ мэдэгдэж танилцсан боловч манай аав ээж хоёр “олон насаар дүү юм байна шүү дээ” гээд зөвшөөрөхгүй байгаа юм. 

Сүүлдээ бүр бид хоёрыг салгах гээд уулзуулахгүй байгаа. Хамгийн гол нь би доороо 1 дүүтэй. Дүү маань 19 настай юм л даа. Энэ харилцаандаа үнэнч үлдэх үү, аль эсвэл ээж аавынхаа шийдвэрийг дагах уу? Та надад зөвлөгөө өгөөч. Баярлалаа. 

ЗӨВЛӨГӨӨ: Хамтдаа ярилцаарай

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Хос хоёрын харилцаанд нас хамаатай юу? Насны ялгаа үерхэлд хамаатай эсэх нь хоёр талтай. Хос хоёрт хамаагүй байж болох хэдий ч эцэг эхэд хамаатай байж болно. Насны зөрүүтэй хосын харилцаанд ихэнх тохиолдолд хоёулаа насанд хүрэхээ хүлээсэн нь дээр гэж зөвлөдөг. Та хоёрын хувьд хоёулаа насанд хүрсэн байна.

Гэвч одоогийн нөхцөл байдалд зөвхөн өөрөө бие дааж шийдвэр гаргахгүй. Хосын харилцаанд хоёр тал хамтдаа шийдвэр гаргах нь зөв. Найз залуутайгаа одоогийн нөхцөл байдлын талаар юу гэж бодож байгаагаа ярилцаарай. Хамтдаа ярилцаж байж шийдвэрээ гаргаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Багш нар ч намайг ёжилж байсан

Сайн байна уу? Би 18 настай, эмэгтэй. Багаасаа бүрэг ноомой, зожиг хүүхэд байсан болоод ч тэр үү нэг дугуйланд хамт явдаг байсан охидод дээрэлхүүлж байсан. Багш тэрийг ажигласан ч огт тоогоогүй юм шиг зөвхөн надад л хатуу хандаад, гадуурхаад байх шиг санагддаг байсан. 

Харин дунд ангидаа шилжээд дотны найзуудтай болж бусадтай ч гайгүй харилцдаг болж “одоо ингээд бүх юм зүгээр боллоо” гэж бодтол гэр бүлийн дарамтыг мэдэрч эхэлсэн. Бага байхаас авахуулаад л намайг бусадтай жишдэг байсан. Ямар нэгэн юм хийх гэхээр чи хийж чадахгүй, тэр дугуйлангаа орхисон шиг наадхаа ч орхино гэх мэтчилэн надад үнэхээр хүндээр тусах үгсийг юу ч болоогүй мэт хэлцгээдэг.

Тэр бүү хэл намайг гадаад үзэмжээр минь бусад хүмүүс битгий хэл гэрийнхэн минь хүртэл өөлж, доромжилж байсан. Бусдад тэр нь доромжлол мэт санагддаггүй байх. Гэхдээ тэр нь надад бас л хүндээр тусдаг. Яахав тэдгээр үгсийг нэг талаар миний төлөө хэлж байна гэж бодож болох л юм. Гэхдээ л миний төлөө байсан бол ингэнэ гэж үү? 

Ангийнхандаа араараа элдвээр хэлүүлж, дээд ангийн хүүхдүүд ардаас элдвээр дуудаж хашхичих нь надад үнэхээр хэцүү байдаг байсан. Тэр бүү хэл “эрдмийн их өргөөний ачит багш” гэх нэр зүүсэн хүмүүс ч намайг гадаад төрхөөр минь ёжилж байсан. Тэр хүмүүсийг үхтэл нь зовоож, юу мэдэрдгээ мэдрүүлэхийг хүсэж байсан удаа ч бий. Гэсэн ч тэднийг биш өөрийгөө арилгачих юм бол бүх юм зүгээр болох юм байна гээд өөрийгөө гэмтээж байсан үйлдэл зөндөө. Тэр үйлдлүүдийн ул мөрийг харсан гэр бүлийнхэн болон бусад хүмүүс “Юу дутлаа гэж? Юунаас болж байгаа юм? Бандиас болоо юу?” гэх мэт үгс хэлдэг. Тэр үед тэднээс болж ингэсэн гэдгээ хэлэхийг хүссэн ч юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэх болохоор хэлээгүй. Надад мэдрэгдэж байгаа юмыг өсвөр насанд байх л зүйл гэж бодож болох л юм. Гэхдээ л энэ мэдрэмж эцэстээ өөрөө өөрийгөө үзэн ядаж, өөртөө гутрах үзлийг бий болгосон.

Бас би одоо баяртай эсвэл гунигтай байгаа эсэхээ ч мэдэхээ больчихсон. Одоо ингээд бүхнийг дуусгая гээд шийдсэн ч надад хайртай гуравхан хүнээ бодоод арайхийн тэвчдэг. Харин одоо манай гэр бүлийн хувьд үнэхээр хүнд хэцүү үе тохиож байгаа болоод ч тэр үү надад ирэх үүрэг, итгэл улам их нэмэгдэж, хийж чаддаг зүйл ч байхгүй болохоор улам л хэцүү болоод байна. Заримдаа хүний толгойд ч оромгүй аймшигтай бодол орж ирдэг. Сонгосон мэргэжил ч байхгүй, авьяас ч байхгүй, хийж чаддаг зүйл ч байхгүй, хүсэл эрмэлзэл ч байхгүй болохоор надад үнэхээр ирээдүй алга. Заримдаа янз бүрийн зүйлд өргөдөл гаргаж шалгуулдаг ч тэнцэж байсан удаа гэвэл маш цөөхөн болохоор би хэнд ч хэрэггүй, байгаад ч хэрэггүй хүн гэж бодогддог.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө битгий өвтгөөрэй

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насны хүүхдүүдийг бухимдаж уурлаж байдаг юм, аяндаа гайгүй болчихно гэж бодох нь их ташаа ойлголт. Нас биед хүрэхэд бэлдэж буй үйл явц тул энэ үед тархины хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Энэхүү эрчимтэй хөгжил нь бие физиологид өөрчлөлт оруулахаас гадна сэтгэл зүйн хувьд ихээхэн тогтворгүй байдалд оруулдаг. Энэ үед насанд хүрэгчид тэднийг ингэж л байдаг юм гэсэн хандлагаар хүлээн авч тоохгүй орхих нь өсвөр насны хүүхдүүдэд маш хүнд тусдаг.

Өсвөр насанд гэр бүлийн гишүүдээс гадна өөрийг нь хүрээлж буй үе тэнгийн найз нөхөд, хамт олон маш чухал байр суурийг эзэлж эхэлдэг. Ийм учраас хүрээлж буй хүмүүсийн бодолд ихээхэн ач холбогдол өгдөг болдог. Нэг үгээр бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэдэгт төвлөрдөг гэсэн үг.

Энэ үеийг хэрхэн даван туулах вэ? Болж өгвөл сөрөг таагүй бодлуудаас зайлсхийх. Энэ мэдээж тийм амар биш. Сөрөг болон эерэг ямар ч бодлууд бидний үйл хөдлөлд нөлөөлж байдаг. Жишээ нь:


 
Дээрх хүснэгтийг тайлбарлавал: Сөрөг таагүй зүйл бодох үед сэтгэл санаа тогтворгүй болж эхэлнэ. Бухимдана, уурлана, гомдоно. Таагүй сэтгэл хөдлөлөөс болж бидний амьдралын хэв маяг идэвхгүй болно. Цаашлаад хичээлдээ дургүй болон хүмүүстэй харилцахаас зугтана. Иймээс сөрөг бодол төрөөд байвал цааш үргэлжлүүлж бодохгүй байх нь чухал. Сөрөг гэлтгүй ямар ч бодол гинжин холбоо шиг үргэлжилдэг. Бидний бодол амьдралын хэв маягт нөлөөлж байдаг. Хэт их сөрөг бодол ихэвчлэн бидний хэтрүүлэн бодолт байх магадлалтай. 

“Үргэлж” “байнга” “дандаа” гэсэн үгтэй холбогдолтой бодлууд ихэвчлэн бодлын алдаа байдаг. Сөрөг бодол давамгайлаад ирэх л юм бол хүн өөрийгөө үнэлэхээ байдаг, өөрийг нь хүрээлж буй хүмүүсээс холдож эхэлдэг. Ирээдүй тодорхойгүй ойлгомжгүй санагдаж эхэлдэг. 

Өөрт чинь хэцүү байгаа талаар гэр бүлийнхэндээ ойлгуулахыг оролдоорой. Сөрөг бодол төрсөн бол тэр мэдрэмжээ гаргах нь зөв. Хэт их мэдрэмжээ нуух нь зөв зүйл биш юм. Өөрийнхөө мэдрэмжийг хүмүүст болж өгвөл өндөр дуугаар биш нам дуугаар хэлээрэй. Тэр тусмаа гэр бүлдээ. Би хичээх болно, надад та нарын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна гэдгээ ойлгуулаарай. Өөрийгөө хайрлаарай, өөрийгөө битгий өвтгөөрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Надад тус болохгүй байх гэж бодсон ч...

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Надад нэмэр болохгүй байх даа гэж бодсон ч бичиж үзэхээр шийдлээ. Уул нь ганц л асуудлаа бичих гэсэн амьдралаа яриад хэтэрхий урт болчихлоо. Ирсэн захидлууд нь минийх шиг урт хүнд сэдэв хөндсөн байдаггүй юм байна лээ. 

Би 17 настай. Өмнө жил нэгэн сургуульд шилжиж ирсэн юмаа. Харин тэр сургуулийнхаа сүүлийн нэг жилийг там шиг л өнгөрөөсөн. Өмнө нь би хэзээ ч тийм зовлон үзэж байгаагүй ээ. Үзсэн зовлон маань надад яг л доромжлол мэт санагдаж байгаа. Би өмнө хуучин сургуульдаа онц сурдаг, нэр хүндтэй, олон найз нөхөдтэй, бүх зүйлийн тэргүүнд явдаг, улс дүүргийн олимпиадуудад байр эзэлдэг амжилттай, гэр бүлийнхэндээ ч их хайрлуулдаг нэгэн байлаа. Надаас жаргалтай нэгэн үгүй гэж боддог байсан үе. 

Харин өнгөрсөн жил би шинэ сургуульдаа найз нөхөдгүй байсан. Сургуулийн захирал маань ч хүртэл надад дургүй, багшдаа нэг өдөр маш муухайгаар хэлүүлж загнуулснаас болоод ангийнхан маань бүгд сүүлдээ надад дургүй болсон. Магадгүй би тэр үедээ хэтэрхий муухай ааштай явснаас болж хүн бүхэн л анхнаасаа надад дургүй байсан байх. Үерхдэг хайртай хөвгүүнээсээ ч салсан. Яг энэ хэцүү цаг хугацааны үеэр аав ээжтэйгээ муудалцаж, байдал улам л дордсон. Шалтгаан нь дүүтэйгээ аяга угаах дээр маргалдсан. Жижигхэн маргаанаас таны төсөөлснөөс ч илүү том маргаан дэгдсэн. Тэр үед гэртээ ч баймааргүй сургуульдаа ч явмааргүй үнэхээр хэцүү үе байсан. 

Зүгээр л энэ хорвоо дээр надад хэн ч үлдээгүй. Үнэхээр аймшигтай байсан. Жилийн дотор ажил хийж мөнгө олоод хурдхан шиг гадаад явах зорилт тавьж билээ. Би яагаад тийм огцом ууртай, эмзэг, гомдомтгой, хурдан уйлдаг болсноо ойлгохгүй байна. Магадгүй шилжилтийн насных байх. Яг одоо би өөр сургууль руу шилжсэн. Найз нөхөд байгаа ч би найзгүй гэх сэтгэлд хар толбо байгаад байна аа. Учир нь өмнөх сургуулийнхаа найзуудаасаа авдаг байсан баяр жаргалыг мэдрээгүй удаж ээ. Бүр хуучин сургуульдаа байхдаа би өдөр бүр хичээлд явах дуртай байдаг байлаа. Найзуудтайгаа яриад дуусахгүй их сэдэв чалчаад л... Ангиасаа хамгийн түрүүнд хичээлээ үзүүлж дүнгээ авна. Хичээлийн өдөр бүр жаргалтай. 

Даанч одоо надад сургуульдаа явах хүсэл алга. Яг чин сэтгэлийн найз байхгүй юм шиг. Бас дээрээс нь сурлага маань эрс муудсан. Гэр бүлийнхэнтэй харьцаа дажгүй. Гэхдээ үе үе маргана. Ээж маань надад хайртай ч юм шиг хайргүй ч юм шиг. Гэхдээ би хайртай гэж боддог. Хамгийн гол асуудал нь ээж намайг ойлгохыг хүсдэггүй. Сэтгэлээсээ ярилцаж байгаагүй. Бас өөрийнх нь буруу зүйл байхад хэзээ ч уучлалт гуйдаггүй. Хүүхэд таныг биш та хүүхдийг ойлгох ёстой гэдэг үг байдаг даа. Намайг зүгээр эвээр яриад загналгүй хэлж өгч болохгүй юм уу, ямар хоёр гурав хэлүүлж байгаа биш гэхэд хуц, солиор, дуугүй бай чи гэж загнана. Та надтай ингэж харьцаж байж яаж өөрөө хүндлэл хүсээд байгаа юм гэхээр хохь чинь чи надаас сайныг нь л авах ёстой гэдэг. Би ээжтэйгээ учир зүйгээ яаж олохоо мэдэхгүй байна. Ээж надад хайртай гэдгийг мэднэ. Гэхдээ ээж маань надад урьднийх шигээ дотно санагдахаа больсон, бас дотроо маш их гомдол тээж явдаг аа. Энгийн үедээ зүгээр ч заримдаа надад шударга бус хандахад нь өмнөх явдлууд бүгд бодогдоод уйлаад дахиад л энэ гэрээс явмаар санагддаг. Хэдий өмнөх жилийнхээс одоо бол бүх зүйл харьцангуй дээшилж дажгүй болсон ч энэ байдал маань нэг л биш байна. Сэтгэлд нэг л хүрч өгөхгүй. Өнгөрсөн жаргалтай үе рүүгээ буцмаар. Том хүсэл зорилготой ч жижигхэн бүтэлгүйтэл гарахад сэтгэл санаагаар навс унана. 

Гэхдээ энэ зүгээрээ. Намайг зовоож байгаа хамгийн гол зүйл нь би өөрөө өөрчлөгдсөн юм шиг санагдаад байна. Сэтгэхүй сэтгэц, урьдын дотоод хүн маань өөрчлөгдсөн, яг л робот жаахан эвдрэл гэмтэл аваад нэг л биш болсон юм шиг. Энэ их зовлонг үзэж туулсны дараа миний хүмүүстэй харьцах хандлага хуурамч бас БИ гэсэн төвтэй хандлагатай болсон юм шиг санагдаад байна. Бас бүх зүйлсийг сөргөөр хараад жаахан асуудал гарангуут л "би л дандаа зовж байдаг" гэх гомдол тээдэг.

Мэдэхгүй ээ, энэ мэдрэмжийг үгээр хэлэхэд хэцүү юм. Хүмүүстэй харьцах хандлага маань жинхэнэ биш. Ямар ч байсан урьд өмнөх миний доторх би гэдэг хүн өөр болчихсон. Сөрөг тал руугаа өөрчлөгдсөн. Заримдаа өмнөх жилийн маань тэр аймшигт явдлууд бодогдоно. Дурсамжиндаа шанална, зовно. Би нэг л биш байна. Өсвөр насанд тохиолдсон асуудлыг яаж даван туулахаас шалтгаалж тухайн хүний зан чанар бий болдог гэсэн сэтгэл зүйчийн бичвэрийг хараад захидал бичлээ. Энэ хэвээрээ явбал би сэтгэлдээ шархтай, муу хүн болох юм шиг санагдаад байна. Би эрүүл сэтгэлтэй сэтгэхүйтэй зан чанартай болмоор байнаа. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хүлээн зөвшөөрөөд үзвэл ямар вэ? 

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Өөрт төрж байгаа мэдрэмжийг бичсэнд баярлалаа. Хүн тодорхой хэмжээгээр өөрт төрж байгаа мэдрэмжээ аливаа нэгэн зүйлээр илэрхийлж байх хэрэгтэй. Захиа бичиж байх үедээ өөрийн дотор хуралдаад байсан мэдрэмжээ бага ч гэсэн гаргасан гэж найдаж байна.

Ээжийн чинь харилцаа хандлагын хувьд энэ зөвхөн чамаас шалтгаалах зүйл биш юм. Хүүхдээ хувийн өмч мэт харилцах нь тийм таатай зүйл биш гэдгийг ойлгож байна. Хэцүү байгаа тухайгаа ээждээ хэлсэн чинь сайн байна. Өөрийн мэдрэмжийг нуух хэрэггүй. Ээж чинь хэдэн настай вэ? Эмэгтэй хүмүүс насны онцлогоос болж сэтгэл санааны тогтворгүй байдалд орох нь бий. Магадгүй ээжид чинь ч хүмүүст хэлж чадахгүй хэцүү асуудал байж магадгүй. Чи өөрөөсөө хамаарах чадах зүйлээ л хийчих. Хоёр хүний харилцаа хоёулангаас нь шалтгаална. Чи өөрөөсөө гаргаж болох хичээл зүтгэлээ л эхний ээлжинд гаргаад үз.

Захианаас харахад таагүй зүйл ихээхэн тохиолдож. Чамд ямар хэцүү байгааг төсөөлж байна. Захиаг чинь уншихад өнгөрсөнд тохиолдсон үйл явдлуудаас болж сэтгэл санаа чинь тогтворгүй байгаа бололтой. Когнитив буюу танин мэдэхүйн сэтгэл судлалаар тайлбарлавал өнгөрсөнд туулсан үйл явдлууд одооны биднийг бүтээж байдаг. Өнгөрсөн болон одоо цаг хоёр хоорондоо тохирохгүй байгаа болохоор бид бухимдаж эхэлдэг. Жишээ нь хуучин сургуульдаа чи олон найзтай байсан бол шинэ сургуульдаа орох үед байдал эсрэгээрээ болж эхэлсэн байна. Чиний өнгөрсөн дэх амьдралын туршлагатай одооны нөхцөл таарахгүйгээс болж сэтгэл санааны тогтворгүй байдалд орж эхэлсэн бололтой. Чиний хүлээлт бодит байдал хоорондоо зөрчилдөж эхэлсэн гэсэн үг. Бидний амьдралд төсөөлөөгүй олон зүйлс гарч ирнэ. Сайхан ч зүйл тохиолдоно, таагүй зүйл ч тохиолдоно. Сайхан мөчүүдээ хүлээж аваад таагүй зүйлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Өнгөрсөн дэх зүйлстэй удаан орооцолдох нь одоо болон ирээдүйд өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг хаах гээд байдаг талтай. Таагүй болсон зүйлийг тэр бүр мартахад хэцүү. Тийм учраас таагүй үйл явдлыг амьдралын нэгээхэн туршлага гэж хүлээн зөвшөөрөх гээд үзвэл ямар вэ? Одоо болон ирээдүй цагтаа илүү анхаарал хандуулахыг оролдоорой. Мөн дан захидлаар зөвлөгөө авахаас илүү чи биеэрээ сэтгэл зүйчтэй уулзан ярилцвал илүү үр дүнтэй байх болно. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter