“Бид зүгээр л найзууд гэж бодож байсан. Гэтэл…”


Үжин | YOLO.MN
2016-03-30

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би түүнийг харамлаад байгаа юм болов уу...
Бид ёстой л эрэгтэй эмэгтэй жинхэнэ найзууд. Биднийг сайн мэдэхгүй эргэн тойрны хүмүүс хос гэж андуурдаг. 18 настай Ч...



Сайн байна уу. Намайг Ч гэдэг. Одоо 18 настай эмэгтэй.

Надад хар багын нэг эрэгтэй найз байдаг юм. Цэцэрлэгт хамт явдаг байсан. Ёстой л нөгөө шороо идэж өссөн гэхэд болно доо. Одоо бид нэг сургуульд өөр өөр ангид сурдаг. Өглөөд хичээлдээ хамт явна, харихдаа ч нэгийгээ хүлээж байгаад хамт харина. Хэцүү зүйлд нь тусалж бие биедээ зааж зөвлөж, нэг нэгнээ бусдаас өмөөрсөөр арав гаруй жил болжээ.

Асуудлын гол нь бид зүгээр л найзууд гэж би боддог байлаа.Гэтэл түүнийг найз охинтой болсон гэхийг нь сонсоод золтой л зүрх зогчихсонгүй. Яг үнэндээ “Бид зүгээр л найзууд” гэж би өөртөө итгүүлэхийг л хүсдэг юм байна гэх дүгнэлтэнд хүрлээ. Учир нь би түүнд сайн,бүр хайртай ч байж магадгүй юм байна. Орой үдэш найз нартайгаа байна гэхээр нь хүн амьтантай зодоон цохион хийлгүй хариасай гэж санаа зовно. Өлсөж байгаа байхдаа гэж бодон гэрээсээ бэлдэж ирсэн хачиртай талхаа би түүнд завсарлагаанаар өгнө. Өвдөхөөр нь гэрт нь очиж шөл хийж өгнө. Ээж аав нь ч надад их сайн. Хэн хэндээ тусалдаг болохоор тэр биз.

Бид инээлдэж, цохилцож заримдаа бүр зодолддог гээч. Ёстой л эрэгтэй эмэгтэй жинхэнэ найзууд. Биднийг сайн мэдэхгүй эргэн тойрны хүмүүс хос гэж андуурдаг. Гэхдээ бид биеэ хэзээ ч хайрын нүдээр харж, бодож байгаагүй. Гэтэл түүнийг найз охинтой болсон гэх мэдээ намайг зовоож байна. Би тэр охиныг нь хараагүй, харахыг ч хүсэхгүй байна. Би түүнийг харамлаад байгаа юм болов уу. Эсвэл түүнд би хэтэрхий дассан юм болов уу, хайртай юм болов уу. Бидний уулзах үе маань ч багассан. Надад маш хэцүү байна. Би одоо яах вэ? sad


Зөвлөгөө: Чи гарах үр дүнг сайтар тооцоолсон бол түүнтэй ярилцаад үзээрэй

Хайрын үнэ цэнэ хамт байх хүсэл тэмүүллээс гадна бие биедээ хамгийн сайхныг хүсэх, нөгөө хүнийхээ хүсэл тэмүүллийг хүндэтгэхэд оршдог гэдгийг битгий мартаарай. Сэтгэл судлаач Б.Ганзул


Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.  

Бие биенээ ойлгож, ярилцаж, хамтдаа гайхалтай дурсамжуудаар дүүрэн он жилүүдийг үдсэн байна. Найздаа хайртай болсон, дассан эсвэл зүгээр л сайн найзаа өөр хэн нэгэнд алдахыг хүсэхгүй байгаа аль нь болохыг мэдэхийн тулд дараах асуултанд хариулаад үзээрэй.

  • Тэр үнэхээр миний үерхэхийг хүсч байгаа хүн мөн үү?
  • Би түүнийг насан туршдаа хайрлаж халамжилж чадах уу?
  • Түүнтэй найзууд байхаас илүү зүйлийг үнэхээр хүсч байна уу?
  • Тэрнийг юу илүү аз жаргалтай болгох бол ?
  • Сэтгэлээ илчилсэний дараа түүнд бас чамд ямар санагдах бол?

Эдгээр асуултанд хариулснаар чи өөрийн хүслийг ойлгох байх. Хайрын үнэ цэнэ хамт байх хүсэл тэмүүллээс гадна бие биедээ хамгийн сайхныг хүсэх, нөгөө хүнийхээ хүсэл тэмүүллийг хүндэтгэхэд оршдог гэдгийг битгий мартаарай.  Хэрэв чи үнэхээр түүнд хайртай бас энэ бүхний дараа гарах үр дүнг сайтар тооцоолсон бол түүнтэй ярилцаад үзээрэй.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Найз #Friend #Хайр #LOVE #Шохоорхол #Итгэл #Trust