Хөлс, нулимс, цөхрөлийн дараа ч босоод зогсох хүч бидэнд байсаар байдаг. Нийгэм бараан байна, бүрхэг байна гэж хүмүүс ярьдаг. Бараан байх нь хамаагүй. Хамгийн гол нь бид өөрсдөө энэ бүрхэг амьдралыг нэг өнцгөөс нь гэрлээр тэтгэж гэрэлтүүлэн гийгүүлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Achilles International Mongolia нь олон хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд тэдгээрийн нэг нь "Итгэл найдвар боломж" Улаанбаатар марафон юм. Хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй бид бүгдээрээ оюун ухаант чадварлаг хүмүүс гэдгийг илтгэх уг марафон зохиогдсоор хэдийн гурав дахь жилтэйгээ золгож буй нь энэ.
Бид ослын улмаас хоёр гараа тайруулсан ч "Авьяаслаг Хятадууд" тэмцээнд Жэймс Блантын "You’re Beautiful" дууны аяыг хөгжим дээр хөлөөрөө тоглон, шоуны ялагчаар шалгарч буй нэгнийг харсан. Тэрбээр сэтгэлийн хүч, зориг байхад ямар ч мөрөөдөл биелдэг гэдгийг баталсан билээ.
Бид "хоёр хөлгүй" хэмээн эцэг эхдээ хаягдан хоцорч, загварын агентлаг бүрээс ҮГҮЙ гэх хариуг сонссон ч скэйтбордоор хичээллэж эхлэн Monocle, "Billabong" брэндүүдтэй гэрээт моделиор ажилаж загварын ертөнцөд цахиур хагалж буй нэгнийг харсан. Тэрбээр "ҮГҮЙ" гэх хариуг сонсох бүртээ "ТИЙМ" гэх хариулт руу нэг алхам дөхдөг гэдгийг баталсан билээ.
Бид 67 настай хоёр хөлгүй уулчин дэлхийн хамгийн өндөр оргил Жомолунга буюу Гималайн нурууны ноён оргилд гарч буйг харсан. Тэрбээр хүч чадал гэж биенд бус сэтгэлд байдгийг баталсан билээ.
Бид мэдрэлийн өвчнөөс болж харах мэлмийгүй болсон ч уран зураг зурж алдарт хүрч буй нэгнийг харсан. Тэрбээр нүд гэдэг зөвхөн нүүрэн дээр байрлах эрхтэн бус хүний зүрхэнд орших бодгаль гэдгийг баталсан билээ.
Тийм ээ, би эдгээр хүмүүсийг харсан. Тэгээд ч зогсохгүй бид өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж гололгүй өөртөө итгэж найдан шинийг нээх боломжийг атгасан олон олон хүмүүс "ИТГЭЛ НАЙДВАР БОЛОМЖ" марафонд оролцож буйг ч харсан.
2017.09.09-ний өдөр хамтдаа ИТГЭЛИЙГ ОЛЖ, НАЙДВАРЫГ БҮТЭЭЖ, БОЛОМЖИЙГ АТГАЦГААЯ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх