Орчин үеийн нийгэмд УРАН ЗОХИОЛЫН үзүүлж буй нөлөө


Д. Хулан | YOLO.MN
2021-01-27

Бага ахуй наснаас минь хойш уран зохиол амьдралын минь салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Орой бүр унтахынхаа өмнө “Петер туулайн адал явдлууд”, “Алис гайхамшгийн оронд” зэрэг үлгэрийг сонсож өөр нэгэн ертөнцийн үүдийг нээдэг байв. Одоо хэр энэ зуршил минь өөрчлөгдсөнгүй. Бодит амьдралаас түр ч болов хөндийрөхийн тулд унших дуртай.

Гэвч уран зохиол үүнээс хавь илүү нөлөө үзүүлдэг. Цаг хугацааны эрхэд алдуурсангүй бүхий л үеийн нийгмийн мөн чанарыг тодорхойлох чухал үүргийг биелүүлсээр иржээ. Тэгвэл өнөөгийн нийгэмд уран зохиол ямар нөлөөтэй вэ?

УРАН ЗОХИОЛ ХУВЬ ХҮНИЙ БОЛОВСРОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

Дэлхийн аль ч улсад уран зохиолын мэдлэгийг ерөнхий боловсролын сургуульд анхлан олгодог. Хүүхдийг бага наснаас нь унших болон бичих дадалд сургаснаар бусад төрлийн боловсролыг эзэмшихэд тулгуур болдог байна.

Өгүүлбэр, цогцолборуудыг ойлгож, ойлгосноо тэмдэглэх зэрэг чадвар нь сурагч бүрийн эзэмшсэн байх ёстой суурь чадвар юм. Иймд уран зохиолыг бүх боловсролын ай сав гэж тодорхойлоход буруудахгүй. Дэлхий даяар хэвлэгдсэн 130 сая гаруй ном уншигчдыг чиглүүлж аливаа зүйлд суралцуулах гүүр болж буй.

УРАН ЗОХИОЛ УЛСЫН ТҮҮХТЭЙ ХОЛБОГДОХ НЬ

Түүх гагцхүү өнгөрсөн рүү өнгийх гарц бус одоо ба ирээдүйн тусгал билээ. Соёлт нийгмийн бүхий л хөгжил дэвшил, өөрчлөлтийн түүх үргэлж баяжсаар байдаг. Цагийн аяст зогсолтгүй өөрчлөгдөн хувьссаар хөгжин дэвшинэ. Өдөр бүр ийн цагийн урсгалд тасралтгүй туугдах хүмүүст өнгөрсөн цагийн гэрч болсон баялаг уран зохиолын сан хөмрөг байгаагүйсэн бол бид өнгөрснийхөө талаар юу ч мэдэхгүй байх байлаа.

Уран зохиол биднийг төрөхөөс өмнөх үеийн хүмүүсийн хийж бүтээсэн агуу үйлсийг тухайн мөчид очсон юм шиг мэдрэх, мэдэх боломжийг олгодог. Мөн түүхийн өөр цаг үед бичигдэж байсан бүтээлүүдээр дамжуулж олон үндэстний түүх, соёлын талаар өргөн ойлголттой болох боломжтой нь гайхалтай.

Эртний Египетийн үеийн түүхийг зураг болон дүрс үсгээр дамжуулан судалж болно. Египетчүүдийн тэмдэглэн үлдээсэн эдгээр дүрс үсгүүдийн ачаар тухайн үеийн соёл иргэншлийг мэддэг болсон. Грек, Ромын үеийн түүх, соёлыг тэдний уран зохиолоор дамжуулж мөн л мэддэг боллоо.

Энэ бол бичиг, үсгийн их хүч юм. Агуу зохиогчийн сайн бүтээл он цаг улиравч хэзээ ч мартагдахгүй агаад бүтэн улс үндэстнийг хөдөлгөх их хүчтэй. Туурвисан бүтээл нь зохиогчоосоо өнөд амьдардаг.

УРАН ЗОХИОЛЫН НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Орчин үеийн нийгэмд уран зохиол өгүүлшгүй их нөлөөтэй. Өөр өөрийн ертөнцтэй зохиолчдын туурвисан бүтээлүүд нийгэмд болохгүй байгаа асуудлыг илчилдэг. Зарим ном бидний амьдарч буй нийгмийн толь болдог учир ямар нийгэмд аж төрөөд буйгаа анзаарч сэхээрэх хүчин зүйл болдог билээ. Жишээ нь зохиолч Скот Фицджералдын “The Great Gatsby” роман 1920-иод оны үеийн Америкийн нийгмийн талаарх түүний үзэл бодлын тусгал болсноороо суут бүтээл болжээ.

Бид туурвисан бүтээлүүдээр нь дамжуулан зохиолчийн оюун санаанд нэвтрэх боломжтой. Орчин үеийн нийгэмд асуудал дагуулж буй олон сэдэв тухайн үеийн уран зохиолд мөн олон давтагдана.

Gulf News сонинд “Технологи өндөр хөгжиж, хүн бүр зурагт киноны салбар луу хошуурсан орчин үеийн нийгэмд хүмүүс гарч буй асуудал бүрд даруй шийдэл олох хэрэгтэй гэсэн явцуу бодолтой болжээ. Харин уран зохиол хүн хоорондын зөрчлийн жинхэнэ нарийн төвөгтэй байдлыг ил гаргадаг давуу талтай” гэжээ.

Зөвхөн түүх, соёл иргэншлийн гэрч болдгоос гадна хүн хүнээ ойлгож, хүмүүнлэг байж суралцахад уран зохиолын үүрэг зүйрлэшгүй их. Бусдын дуу хоолойг сонсож, ойлгож сурснаар өөрийн гэсэн үзэл бодолтой болохыг мөн л уран зохиол бидэнд сургаж төлөвшүүлдэг билээ.

Эх сурвалж: Found Courses

#Боловсрол #Уран зохиол