ЗАХИДАЛ: Ээж маань үргэлж л “Гэдсээ чирээд ирэв ээ” гэдэг


ССҮТөв | YOLO.MN
2021-09-03

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Ээж маань үргэлж л “Гэдсээ чирээд ирэв ээ” гэдэг.

Сайн байна уу? Би 20 настай, эмэгтэй оюутан. Ээж, хойд аав, дүүгийнхээ хамтаар амьдардаг. Найз хөвгүүнтэй. Би хөл хорионд орсноос хойш ээжийн орилж үглэх, намайг ах дүү нартаа муулахаас үнэндээ л залхаж галзуурах гээд байдаг боллоо. Загнахаараа намайг санаачлагагүй, залуу, худалч, гичий нохой гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр загнадаг. Үнэндээ амиа хорломоор санагдах юм.

Бас үргэлж л төрсөн аав чинь ийм тийм гэдэг. Найз хөвгүүнтэй минь ч хамт муулна. “Ганц банди харчхаад ахиад олдохгүй юм шиг. Удахгүй хаягдаад гэдсээ чирээд ирэв ээ” гэх мэтээр хэлдэг.

Би яг үнэндээ хэн хэнд нь тааруулах гэж гэрийн бүх ажлыг гүйцэд хийгээд бүхнийг амжуулах гэж хичээсэн ч ээжийн уур уцаар намайг амиа хорломоор санагдтал зовоож байна. Би яг яах вэ? Яавал намайг ингэж тамлахаа болих бол?

ЗӨВЛӨГӨӨ: Ингэх нь хэцүү байдаг гэдгийг эвтэйхнээр хэлж ойлгуулаарай.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрөөс биш бусад хүнээс шалтгаалсан харилцааны асуудалд зөвлөгөө өгөх хэцүү байдаг. Учир нь тухайн хүн өөрөө зөвлөгөө, тусламж хүсээгүй эсвэл өөрт нь шаардлагагүй гэж бодсон бол хэн нэгний үгийг сонсож шууд хүлээн авахад хүндрэлтэй. Ээжид нь шийдэж чадахгүй асуудлууд байгаа юу? Надад тусламж, дэмжлэг хэрэгтэй байна гэдгээ эвээр хэлж чадахгүй, эргэн тойронд байгаа хүмүүстээ уур бухимдлаа гаргаад байж магадгүй юм. Энэ бол таамаглал шүү. Тиймээс өөрийн зүгээс хэрхэн тусалж чадахаа илэрхийлээд, чадах чинээгээрээ хичээж байна гэдгээ илэрхийлээрэй.

Өөрт чинь хэцүү байгаа талаараа ээждээ хэр их илэрхийлж байсан бэ? Өөрийн зүгээс хийж чадах зүйл бол мэдрэмжээ ээждээ хэлэх юм. “Намайг загнасан ч хараалын үгээр битгий хэлээч, таны хэлсэн үг надад ямар хэцүү байдаг гэдгийг ойлгоорой” гэх мэтчилэн өөрийн мэдрэмжийг эвтэйхнээр хэлж ойлгуулаарай. Нэг удаагийн оролдлого биш хэд хэдэн удаагийн оролдлого ч шаардлагатай байж магадгүй шүү. Хүчтэй байгаарай.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хүмүүс намайг бага байхаас минь хойш махлаг гэдэг байсан. Үүнээс болоод өөрийгөө үнэхээр л тарган юм байна гэж боддог болсон.

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Удахгүй төгсөнө. Намайг хүмүүс бага байхаас эхлээд махлаг гэдэг байсан. Уг нь бол тийм аймар тарган биш байсан юм билээ. Хүмүүсийн тиймэрхүү үгсээс болоод би нэг л мэдэхэд өөрийгөө аймар тарган гэж боддог болчихсон байсан. Бусдын үгийг хэт хүндээр хүлээж аваад, өөртөө итгэлгүй болоод, хэдэн үг ч хэлж ярихаа болихоор үеийн хүүхдүүд жийчихдэг юм байна лээ.

Надад найз нөхөд гэж бараг байгаагүй ээ. Бараг л нийгэмшээгүй хүн гэх үү дээ. Одоо төгсөх болчихсон байхад миний боддог сөрөг бодол, өөртөө итгэх итгэл, найз нөхөд, биеийн жин, галбир минь надад таалагддаггүй хэвээр. Иймэрхүү хэвээр байвал ажил, амьдрал дээр хол явахгүй гэдгээ мэдэж байгаа ч яахаа мэдэхгүй. Өөрийгөө нээхийг оролдож илтгэл, сайн үйлсийн аянд оролцож үзсэн ч амжилт олоогүй. Өөрийгөө ичгэвтэр байдалд оруулснаас цаашгүй. Би одоо яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бусад хүмүүс чамд хатуу хандлаа гээд чи өөртөө хатуу хандах хэрэг байна уу?

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийгөө өөрчлөх гэж тодорхой үйлдлүүд хийсэн нь сайн байна. Өөрийнхөө төлөө хичээсэн байна шүү дээ. Бусад хүний хэлсэн эерэг үгээс илүүтэй сөрөг үгийг бид өөртөө илүү тусгаж авдаг. Бусад хүмүүс чамд хатуу хандлаа гээд өөртөө хатуу хандах хэрэг байна уу? Гадаад үзэмжээ чи өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол өөр хэн хүлээн зөвшөөрөх вэ? 

Хүн бүрд гадаад төрхөндөө дургүй, сэтгэл дундуур явдаг хэсэг гэж байдаг юм шүү. Мөн чамд давуу тал гэж бий. Магадгүй энэ захиаг уншиж байх үедээ “Надад давуу тал байдаг юм болов уу?” гэж бодож магадгүй юм. Хэрэв ийм бодол орж ирвэл чи өөртөө хатуу хандсан байгаагийн илрэл юм шүү. Өөрийн давуу, сайн талуудыг бодох эсвэл цаасан дээр тэмдэглэж бичээд үзээрэй.

Сөрөг бодлоо багасахын тулд эхний ээлжид юу хийх вэ? Сөрөг бодол үүсгээд байгаа нөхцөл байдлын эсрэг арга хэмжээ авах. Үнэхээр турах шаардлагатай гэж үзэж байгаа бол хэрхэн эрүүлээр турах талаар судалж эхлэх. Бусад хүмүүстэй бага багаар ичиж, санаа зоволгүйгээр харилцах гэх мэт. Мэдээж эдгээр алхмыг хийхэд сэтгэл зүйн бэлэн байдал чухал.

Үр дүнд биш үйл явцдаа анхаараарай. Үйл явцад өөртөө итгэлгүй болох, шантрах, бухимдаж магадгүй. Гэвч энэ бол тохиолдож болох л үйл явдал юм шүү. Хэрвээ шантармаар, болимоор санагдаад байвал түр амралт авч болно шүү. Энэ нь болохгүй байна гэсэн үг биш түр зуур амралт хэрэгтэй байна гэсэн үг юм шүү.

Үүний дараа өөртөө хэлдэг сөрөг үгс болон өөрийнхөө талаар боддог сөрөг бодлуудтайгаа ажиллах юм. Мөн аливаа зүйлийг өөрчлөхийн тулд нэг биш олон удаагийн оролдлого хэрэгтэй байдаг. Тиймээс чамаас тодорхой хэмжээний цаг хугацаа, хичээл зүтгэл шаардана гэдгийг ойлгох хэрэгтэй.

Шууд үр дүн хүсэх нь нэг өдрийн дотор дэлхийн хамгийн баян хүн болно гэж байгаатай агаар нэг. Тиймээс бага багаар хичээгээд л байгаарай. Шууд том зүйлд өөрийгөө сорих биш жижиг зүйлсээс эхэлж өөрийгөө бага багаар нээхийг хичээгээрэй. Мөн сэтгэл судлаачтай биечлэн уулзаж чиглүүлэг авах боломжтой байдаг. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Шалгалтдаа бэлдмээр байгаа ч нэг хүн миний санаанаас огтхон ч гарахгүй байна.

Сайн байна уу? Би 14 настай. Би энэ сарын сүүлчээр чухал шалгалттай. Гэсэн ч төвлөрч огт чадахгүй байна. Миний санаанаас нэг хүн огтхон ч гарахгүй бодогддог. Сүүлдээ хичээл ч хийх дургүй, нөгөө хүнтэйгээ уулзмаар санагддаг болчихсон. Энэ шалгалт цаашдын минь ирээдүйд маш чухал гэдгийг ойлгож байгаа ч төвлөрч чадахгүй л байна. Би яах хэрэгтэй вэ? Сэтгэлзүйгээ хэрхэн хянах вэ? Энэ маягаараа би шалгалтдаа унах байх гэж эмээж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хичээлийн үеэр анхаарлаа төвлөрүүлэхэд чинь туслах хэд хэдэн аргыг санал болгоё.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хичээлээ хийхдээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байгааг чинь ойлголоо. Санаанаас чинь гарахгүй байгаа тэр хүнтэй хэр удаан уулзаагүй вэ? Хичээлээ хийсэн ч гэсэн чөлөөт цагаараа тэр хүнтэй уулзах боломжтой юу? Захидлаас уншихад шалгалт нь удахгүй болох гэж байгаа бололтой. Тэгвэл шалгалтаа дууссаны дараа тэр хүнтэй уулзах боломжтой юу? Ямар учраас тэр хүний талаар бодоод байгаа вэ? Эдгээр асуултуудад хариулаарай.

Мөн анхаарлаа төвлөрүүлэхэд туслах дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

Хичээлээ хийж байхдаа анхаарлыг чинь сарниулах эд зүйлсийг өөрөөсөө холдуулаарай. Тухайлбал, утасныхаа дууг хааж өөрөөсөө хол байрлуулаарай.

Өөрийн суралцах хэв маягаа тодорхойлоорой. Хэрэв ганцаараа хичээл хийх нь чамд үр дүнтэй байдаг бол хэн нэгэн чамд саад болохгүй, аль болох чимээгүй орчныг бүрдүүлээрэй. Харин олуулаа ярилцаж хийх нь чамд илүү үр дүнтэй байдаг бол ижил шалгалт өгөх хүмүүстэй хамтран ярилцаж бэлдэх боломжтой.

Шөнө 22:00 цагт унтаж 8 цагийн нойроо бүтэн аваарай. Хэдийгээр шалгалт чухал боловч нойр ч мөн адил чухал шүү дээ. Нойроо бүтэн авах нь анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Хичээллэх төлөвлөгөө гаргаарай. Өдөр бүр, бүхий л цагуудад шалгалтдаа бэлдэх нь чамайг ядарч залхахад хүргэх магадлалтай. Тиймээс өөртөө дуртай зүйлээ хийх чөлөөт цагийг гаргаарай.

Хэдэн цагт хичээлээ хийх нь чамд үр дүнтэй байдаг вэ? Тэр цагаа тодорхойлоорой. Өдөр бүр өөрийн сонгосон тогтмол цагуудад хичээлээ хийгээрэй.

Мөн тэр хүн чамд бодогдоод байвал тэр хүний талаарх өөрийн бодол мэдрэмжээ тэмдэглэл болгон бичээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Салсан хойгуур анхныхаа хайртай уулзсан байсан.

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Харин манай найз хөвгүүн 18 настай. Бид үерхээд яг нэг жил болж байна. Мэдээж тэр миний анхны хайр бөгөөд би түүнд чин сэтгэлээсээ хайртай.

Бид хоёр долоо хоногийн өмнө их адармаатай асуудлаас болоод маргалдаж салсан юм. Тэр хугацаа миний амьдрал дахь хамгийн урт хоёр долоо хоног байсан. Би олон ч удаа гэрийнх нь гадаа очиж гарч ирж ярилцахыг гуйж бас залгасан.

Харин бид өчигдрөөс ярилцаж эвлэрээд арай гэж ойлголцсон юм. Тэр салсан хугацаандаа нэг ч эмэгтэй хүнтэй уулзаагүй, харьцаагүй гэж хэлсэн. Бид хоёр угаасаа нэгнээсээ юмаа нууж хаагаад байдаггүй болохоор сурсан зангаараа утсыг нь автал анхны хайртайгаа чаталсан байлаа. Буруу гэдгийг нь мэдэх ч чат руу нь орж үзтэл “Чамайгаа ямар удаан хүлээв ээ? Уулзъя. Гэрийн чинь гадаа байна” гэх зэргээр чаталсан байв. Дараа нь өөрөөс нь асуутал уулзсан гэнэ. Үнэхээр үзэн ядмаар байсан. Тэрнийгээ зургаан жил хүлээж байгаа. Харин би зүгээр л тэр хугацаан дахь цаг зуурын зугаа нь байсан мэт мэдрэмж төрөөд байна.

Одоо яг яах ёстой вэ? Би түүнд үнэхээр сайн. Бас алдахыг хүсэхгүй байна. Бид ярилцаж үзсэн ч тэр найзын хувиар уулзсан гэнэ. Бүр шөнө шүү. Ойлгож байгаа мэт боловч үнэндээ сэтгэлд аймшигтай сэвтэй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрт юу мэдрэгдэж байгаагаа найз залуудаа хэлээрэй.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Найз хөвгүүнийх нь үйлдэл, чат зэрэг нь чамд таагүй санагдсаныг ойлголоо. Захидалд өөрийгөө цаг зуурын найз охин юм шиг санагдсан гэж бичжээ. Энэ мэдрэмжийг найз хөвгүүн чинь мэдэж байгаа болов уу? Энэ талаар чи хэлсэн үү? Хэлсэн бол тэр юу гэж хариулсан бэ? Хэрэв хэлээгүй бол хэлээрэй. Чамд ямар мэдрэмж төрөөд байгааг тэр мэдэхгүй байж ч болно шүү дээ. Тиймээс аль болох тайван, нам хоолойн өнгөөр ярилцахыг хичээгээрэй.

Мөн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэж ойлголоо. Хосын харилцаанд бие биедээ итгэх итгэлцэл маш чухал байдаг. Тиймээс харилцаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн бол өөрт төрж байгаа мэдрэмжээ аль болох илэрхийлж, ярилцаж, бие биедээ итгэж байхыг хичээгээрэй. Өөрөөр чамд сэтгэлд сэвтэй санагдаж байгаа л бол түүнд итгэх итгэлээ алдахгүйн тулд өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлэхийг хичээгээрэй. Мөн хосын харилцаанд нэг хүн хичээгээд болчихдоггүй учир хамтдаа хичээх хэрэгтэйг найз хөвгүүндээ ч мөн хэлээрэй. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter