Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Яагаад гэдгийг нь би ерөөсөө ойлгохгүй байна
Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд.
Намайг З... гэдэг. 17 настай. Хүн болгонд л нөхөрлөж явдаг олон найзууд дундаас "хамгийн сайн" гэх тодотголтой нэг онцгой хүн байдаг. Миний хувьд ч бас бий. Бид хоёр нөхөрлөөд тийм ч удаагүй л дээ. 4 жил орчим л болж байгаа. Өмнө нь би олон хүүхэдтэй найзалж байсан ч энэ найзтайгаа байхад үнэхээр чөлөөтэй, яг л жинхэнэ найз гэсэн мэдрэмжийг авдаг. Гол асуудал нь гэвэл найз маань надад үе үе уурлаад байдаг. Надаас шалтгаалаагүй зүйлд уурласан хэрнээ найзуудын хүрээлэл дундаас зөвхөн надтай л харьцахаа болино, тоохгүй, юм асуухад хариулахгүй гэх мэт илт дургүйцсэн өнгө аястай болчихдог. Яагаад гэдгийг нь би ерөөсөө ойлгохгүй байна. Үүнээс гадна найзуудаараа юм хийх болоход шийдвэр гаргах үүргийг надад ноогдуулдаг. Энэ мэдээж амаргүй байдаг ч бүгд л надаас яах ёстойг асуудаг. Тэгээд мэдээж аль болох эелдгээр би ганцаараа шийдмээргүй байгаа ч ийм шийдвэр гаргалаа гэдгээ хэлэхэд нөгөө найз маань мөн л таагүй авир гаргаж миний шийдвэрийг онцгүй байна гэж хэлсэн ч хэлснээр минь л хийдэг. Би хичээлдээ гайгүй сайн, тэгээд дүн авах боломжтой үед хичээсээр байгаад авах ёстойгоо авдаг. Тэгээд намайг дүн авахад (эсвэл зүгээр л хичээлдээ идэвхтэй байхад) бас л үл тоогоод эхэлдэг. Эсвэл би өөрт нь зааж өгөх гэхээр уурлах юм уу эсвэл өөр хүнээс асуухаар явдаг. Сүүлийн үед хичээлдээ огт анхаарахгүй, хичээнгүй байхаа больсныг нь би анзаарсан ч хэлэхээс айгаад байна. Учир нь би өөрийнх нь дутагдлыг эсвэл зөвлөмөөр байгаа зүйлээ хэлэхэд "Чи бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэх юм аа" гэдэг. Үүнийгээ маш олон удаа хэлсэн. Би үнэхээр тийм юм болов уу гэж бодоод хэлье гэснээ хэлэхээ больсон л доо. Энэ мэтчилэн олон зүйл дээр хатуу ханддагт нь би гомдож, бухимддаг ч гэсэн огт ил гаргадаггүй. "Ер нь дахиж ингэвэл хэлнэ ээ" гэж боддог ч дахиад уурлах вий дээ гээд больчихдог. Үүнийг би яах ёстой вэ? Би үнэхээр түүний хувьд сайн найз нь мөн болов уу? Эсвэл би ганцаараа л түүнийг сайн найзаа гэж бодож байгаа юм болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Найзаасаа юу болохгүй байгааг асууж ярилцах хэрэгтэй
Сайн байна уу? Юуны түрүүнд захиа илгээсэнд баярлалаа.
Зарим тохиолдолд хүмүүс хамгийн дотно гэсэн хүндээ уурлах нь бий. Мөн намайг уурлахад энэ хүн л ойлгох ёстой учир нь энэ миний сайн найз гэж бодож байгаа болохоор тийм үйлдэл хандлагыг гаргаж байж магадгүй. Энэ миний сайн найз учраас намайг ямарч ааш гаргасан ойлгох ёстой гэх маягаар хандаж, хэзээч намайг орхихгүй гэсэн бодолтой байх магадлалтай. Гэхдээ үүнийг үнэн эсэхийг мэдэхийн тулд, найзыгаа яагаад ингэж харицдаг болохыг ярилцаж байж мэдэх боломжтой. Найзаасаа юу болохгүй байгааг асууж ярилцах хэрэгтэй. Ярилцахдаа чимээгүй тухтай орчныг сонгоорой, тэгээд найздаа "би чамайг сайн найзаа гэж боддог гэтэл чи надад ийм ааш гаргахаар би их гомдох юм, яагаад надтай ингэж харицдаг юм бэ?" гэх мэт ярилцаарай. Ярилцахгүй бол асуудал шийдэгдэхгүй шүү дээ.
Магадгүй найзууд чинь чамайг шийдвэр гаргахдаа сайн мөн шийдвэрүүд чинь зөв байдаг болохоор шийдвэрийг чамаар гаргуулдаг байх, цаанаасаа удирдагч хүүхдүүд байдаг шүүдээ.
Найзууд гэдэг бол нэгнийхээ дутагдлыг засаж, сайныг нь магтдаг юм шүү.
Мэдээж өөрийнхөө үзэл бодлыг зөв цагтаа зөвөөр илэрхийлэх хэрэгтэй. Амжилт хүсье!
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх