Жүжигчин Joaquin Phoenix-ийг бид “Gladiator” (2000), “The Master” (2012), “Her” (2013) болон “Joker” (2019) зэрэг кинонд бүтээсэн дүрээр нь сайн мэдэх билээ. Joker-ийн дүрээр “Оскар”-ын шагнал хүртээд амжсан тэрээр энэ цаг үеийн шилдэг жүжигчдийн нэгт зүй ёсоор багтдаг.
Бүтээсэн дүр бүхнээ үзэгчдийн бодол санаанд төгс амилуулж чаддаг түүний авьяас, шаргуу хөдөлмөрч зан чанарыг хүн бүр шагшин магтдаг нь учиртай. Гэвч түүний туулсан амьдрал хэн бүхний хүсээд байхааргүй үйл явдлуудаар дүүрэн байсан нь харамсалтай. Ингээд энэхүү нийтлэлээрээ жүжигчин Joaquin Phoenix-ийн сэтгэл өвтгөм амьдралыг түүхийг хүргэж байна.
БАГА НАС
Joaquin-ий гэр бүл 1978 онд овгоо өөрчлөхөөс өмнө түүнийг Joaquin Rafael Bottom хэмээдэг байсан бөгөөд Leaf гэх хочтой байжээ. Тэрээр эцэг эхээс тавуулаа бөгөөд River, Rain, Liberty, Summer гэх ах дүүсийнхээ хамт өссөн аж. Харамсалтай нь тэд тийм ч баян чинээлэг гэр бүлд өсөж торниогүй тул хоолоо олохын тулд гуравхан наснаасаа эхлэн гудманд гуйлга гуйж амьдардаг байжээ.
Эцэг эх нь шүтлэгтэй хүмүүс байсан тул тэд гэр бүлээрээ “Children of God” нэртэй бүлэгт элсэн, тус бүлгийнхээ хамтаар ийш тийш аялж амьдардаг байв. Гэвч хэсэг хугацааны дараа тэд уг бүлгийг шашны нэр барьж насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан тухай олж мэдсэнээр орхисон байна.
Joaquin энэ тухайгаа “Playboy” сэтгүүлд:
- “Эцэг эх маань өөрсдийнхөө итгэл үнэмшилтэй адил үзэл баримтлалтай хүмүүсийг олсон гэж бодсон байх… Гэвч тэд үүнийг хавьгүй өөр зүйл байсныг олж мэдээд бүлгээс шууд гарсан” хэмээж байжээ.
Joaquin тус бүлэгт байх үед өөрт нь тохиолдсон зүйлсийн талаар дурдаж байгаагүй ч түүний ах River Phoenix 4 настай байхдаа бэлгийн харьцаанд орж байсан тухайгаа дурдсан байдаг.
ГУДАМЖИНД ӨНГӨРӨӨСӨН ӨСВӨР НАС
Тэд гэр бүлээрээ “Children of God” бүлгийг орхин, АНУ-ын Лос Анжелес хотод суурьшин амьдрах болжээ. Амьдралынхаа шинэхэн хуудсыг бэлгэдэж тэд Bottom гэх овгоо ч Phoenix болгон өөрчилсөн аж.
1970-аад оны сүүл үе байсан хэдий ч Лос Анжелес хот тухайн үедээ мөн л амьдралын өртөг хамгийн өндөр хотуудын нэг байсан юм. Тиймээс эцэг эхийнх нь хувьд өнөр өтгөн гэр бүлээ идэх хоолтой, унтах газартай байлгах нь томоохон асуудал байжээ. Тэд гэр бүлээрээ орон гэргүй байсан үе ч бий.
Joaquin энэ үеийнхээ талаар ярихдаа харин хүнд хэцүү байсныг нь гайхахын оронд:
- “Бидэнд мөнгө байгаагүй хэдий ч дотор нь унтаж болох машин, машинаа байрлуулчхаж болох найзын зогсоол, “Би та нарыг асрах болно оо” гэж хэлэх аав байсан” хэмээн ярьж байжээ.
ЖҮЖИГЧНИЙ КАРЬЕРИЙН ЭХЛЭЛ
Эцэг эхийнх нь олсон мөнгө тэднийг тэжээхэд хангалттай биш байсан тул Joaquin ах дүү нарынхаа хамтаар гудамжинд авьяасаа үзүүлж, мөнгө олох шаардлагатай болсон байна. Хоолныхоо мөнгийг олох зорилготойгоор эхэлсэн гудамжны үзүүлбэрүүд нь харин хүмүүсийн анхаарлыг татаж эхэлснээр Joaquin болон түүний том ах River Phoenix нарын жүжигчний карьер эхэлсэн ажээ.
Joaquin хамгийн анх "SpaceCamp" (1986) киногоор камерын өмнө гарч, тун удалгүй анхны гол дүрээ "Russkies" (1987) кинонд бүтээжээ. Үүний дараа "Parenthood" (1989) кинонд дүр бүтээсэн нь ч чамгүй амжилтыг авчирсан байна. Тэрээр эдгээр бүтээлүүдэд өөртөө өгсөн Leaf Phoenix гэх хоч нэрээрээ тэмдэглэгдсэн байдаг.
Түүний ах River нь харин “Stand By Me” (1986) кинонд тоглосныхоо дараа багагүй алдарт нэрд гараад байсан юм. Үүний дараа “Running on Empty” (1988), “My Own Private Idaho” (1991) зэрэг кинонд ч дүр бүтээсэн бөгөөд Холливуудын хамгийн хурдтай өсөн дэвжиж буй анхаарал татсан жүжигчдийн нэг болоод байсан билээ.
ТӨРСӨН АХАА АЛДСАН НЬ
Ах дүүс дөнгөж амжилтад хүрч эхэлж байсан хэдий ч тэдний хамгийн том асуудал бол River Phoenix-ийн хар тамхины хэрэглээ байсан юм. Бага нас болон өсвөр насандаа авсан сэтгэлийн шарх нь түүнийг хар тамхи хэрэглэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж үздэг.
Харамсалтай нь River өөрийн бүх авьяас чадвараа дэлхий ертөнцөд дэлгэн үзүүлэхээсээ өмнө буюу 1993 оны аравдугаар сарын 31-ний өдөр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм. Joaquin тэр үед 19 настай байсан бөгөөд тусламж хүсэн түргэн тусламж дуудсан бичлэг нь хэсэгтээ л хэвлэл мэдээллийг шуугиулж байсан. River Phoenix Холливуудын алдарт Viper Room-ийн гадаа сүүлчийн амьсгалаа авсан бөгөөд тухайн үед дөнгөж 23 настай байсан аж.
"WALK THE LINE"
Joaquin ахыгаа алдсанаас хойш тодорхой хугацаанд кино урлагаас завсарлага авсан бөгөөд эцэст нь 2005 онд “Walk the Line” кинонд жүжигчин Reese Witherspoon-ий хамтаар гол дүр бүтээжээ. Үзэгчид уг киног түүний хамгийн том амжилт болно хэмээн таамаглаад байсны хажуугаар маш олон цуу яриа интернет орчинд тархах болов.
Учир нь түүний бүтээсэн Johnny Cash-ийн дүр хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд кино зохиолд мөн л өөрийн ах Jack-ийг алддаг аж. Харин Joaquin энэ талаар хэлэхдээ киноны үеэрх бүхий л илэрхийлэл, сэтгэл хөдлөл нь жүжиглэлт байсан бөгөөд аливаа дүрийг бүтээхэд бодит туршлага, өөрийн хувийн амьдралыг оролцуулах шаардлагагүй хэмээжээ.
Гэвч “Walk the Line” кино үнэхээр л түүний амьдралд нөлөөлж орхисон нь согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ байв. Тэрээр сэтгэл санаагаа тайвшруулахын тулд согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бөгөөд өөрийгөө архины хамааралтай болж эхлээд буйгаа анзааран архины эмчилгээнд хамрагдаж эхэлсэн аж. Тэрээр үүнийгээ амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам байсан хэмээн үздэг.
ТҮҮНИЙ АМЖИЛТУУД
Түүний ойрын хэдэн жилд дэлгэцнээ толилуулсан чадварлаг жүжиглэлтийг бүтээхэд тусалсан гол хүчин зүйл нь мэдээж түүний хичээл зүтгэл. Joaquin ажлаа маш нямбай хийдгээс гадна өөрийгөө бүрэн дайчилж, байгаа бүхнээ зориулж чаддаг. Тэр “The Guardian” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа:
- “Би ажиллах үедээ амьдралаа зүгээр л хаячихдаг. Намайг “би” болгож өгдөг дуунуудыг ч сонсохоо больж, намайг илэрхийлдэг хувцаснуудыг ч өмсдөггүй” хэмээсэн байдаг.
Түүний хичээл зүтгэл харин талаар болоогүй гэдгийг бид түүний бүтээлүүдээс харж болох биз ээ. Та бүхний харж байгаачлан Joaquin-ий амьдрал төгс байгаагүй. Гэвч Joaquin энэ бүхнийг даван гарч, орчин цагийн хамгийн чадварлаг жүжигчдийн нэг болж чаджээ. Магадгүй түүний амьдралын эдгээр хүнд сорилтууд түүнийг Joker шиг хүнд дүрийг амилуулж чадах хүчтэй нэгэн болгосон байх ч гэх хүмүүс цөөнгүй. Бартаа саад ихтэй, хад чулуугаар дүүрэн байсан амьдралын замаа Phoenix эцэст нь цэцэгсээр хүрээлүүлж чаджээ.
Эх сурвалж: Nicki Swift, Noteably, Guardian
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх