Арванхоёpдугаар сарыг дуустал өдөр бүр хэрэгжүүлэх 7 санаа


Х.Даваахүү | YOLO.MN
2022-12-12

Дурсамж дүүрэн, сэтгэл догдлуулам арванхоёрдугаар сарын өдрүүд үргэлжилж удахгүй шинэ он гарах нь ээ. Өнгөрч буй ондоо хийж бүтээснээ дүгнэх, бас өөрийгөө шагнан урамшуулах, ирж буй шинэхэн хуудас шиг шинэ оноо угтахад цөөхөн хэдэн хоног үлдсэн байна. 

Тэгвэл бид энэ оны арванхоёрдугаар сарын сүүлчийн өдрүүдийг мартагдашгүй өнгөрүүлэхэд тань туслах сонирхолтой санааг хүргэе. Эдгээрээс хэрэгжүүлж өдөр бүрийг сонирхолтой, үр ашигтай өнгөрүүлээрэй. 

Урмын үг хэлэх 

Урмын үг сонсох дургүй хүн ховор. Хамт ажилладаг нэгэндээ, хайртай дотнын хүмүүстээ, ангийнхаа найзуудад өдөр бүр эрч хүч өгөх үгс харамгүй хэлж, зөрөөд өнгөрөх хэн ч бай дулаахан инээмсэглэл илгээгээрэй. Инээмсэглэл урмын үгсээс ялгаагүй юм шүү. Үр дүнд нь та өөрөө ч таатай мэдрэмж авах болно. 

Өдөр бүр уулзах

Зав чөлөөгүй өдрүүдээ эцэслэж, арванхоёрдугаар сарыг болзоо, учралаар дүүрэн байлгаарай. Уулзаж амжаагүй хэн бүхэнтэйгээ учраа товлох цаг одоо л биш бол өөр хэзээ ч биш. Амьдралын сонин сайхнаа хөөрөлдөх, ирээдүйн хүсэл зорилгоо ярилцахад цаг гарган халуун кофе уунгаа дулаан яриа өрнүүлэхийг зөвлөж байна.

Ихийг ярьдаггүй ч инээмсэглэн зөрдөг тэр нэгэн ажлын залуу эсвэл бүсгүй, урт хугацааг хамтдаа өнгөрүүлсэн ч уулзаж амжихгүй яваа найз, саяхан танилцсан ч сайхан яриа өрнүүлмээр байгаа шинэхэн танил руугаа яг одоо залгаад эвсэл чат бичиж маргааш завтай эсэхийг нь  асуугаарай.

 

Өдөр бүр нэг кино 

Шинэ жилийн сэдэвтэй киногүйгээр арванхоёрдугаар сарыг төсөөлшгүй билээ. Цас хаялсан өвлийн нэг өдөр дулаан хөнжилдөө халуун кофе уунгаа хайртай дотнын хүмүүстэйгээ хамт кино үзэх шиг жаргалтай мэдрэмж хаана байх билээ? Өөртөө болон гэр бүлдээ цаг зав гарган энэ оны сүүлийн өдөр хүртэл өдөр бүр кино үзээрэй.
Үзэх бүрийд дурсамж сэргээсэн хуучны кинонууд, эсвэл үзнэ дээ гээд жагсаалтдаа хадгалсан цувралуудаасаа эхэлж болох юм. 

Сториг бүү  мартаарай 

Өдгөө Инстаграм хэрэглэгчдийн 500 сая гаруй нь өдөр бүр стори хийж, тэдний 86.6 хувь нь зураг постолж байна. Үүнээс үзэхэд бид өөрсдийн дурсамжит мөчүүдээ сошиал хаягийнхаа сторид хадгалах боломжтой болсон. Өөрийн бүтээж буй өдөр бүрээ сошиал хаягтаа хадгалан үлдээгээрэй. 

Захидал бичээрэй 

CBS News-ийн судалгаагаар санал асуулгад оролцсон АНУ-ын насанд хүрэгчдийн 37 хувь нь өнгөрсөн таван жилийн хугацаанд өөрийн гараар захидал бичиж, шуудангаар илгээгээгүй гэж хариулсан бол гуравны нэгээс бага хувь нь сүүлийн 12 жилд нэг л захидал бичсэн гэх сонирхолтой хариулт өгчээ. Тэр ч бүү хэл судалгаанд хамрагдсан 1,717 насанд хүрэгчдийн 15 хувь нь хэзээ ч захидал бичиж байгаагүй аж.

Харин та хамгийн сүүлд хэзээ захидал бичсэн бэ? Санаанд тань орж ирэхгүй байгаа бол одоогоос 31-нийг хүртэл өдөр бүр нэг захидал бичицгээе. 2022 оныг амжилттай үдэж байгаа өөртөө эсвэл танд баяр нэмсэн хэн бүхэнд зориулж захидал хаяглаарай. Заавал уран сайхан үгтэй, урт үргэлжилсэн байх албагүй. Гагцхүү чин сэтгэлийн үгээ бичсэн байхад л болно. Дээрээс нь нэмж хэлэхэд шуудангаар захидлаа илгээвэл илүү романтик. 

 

Өдөрт нэг дуу 

Шинэ жилийн холбогдолтой дуугүйгээр баярын уур амьсгалыг төсөөлшгүй. Сонсох төдийд шинэ жилийг санагдуулам дуу байдаг даа. Тэгвэл өөрийнхөө хамгийн хайртай бөгөөд сонсох дуртай шинэ жилийн дуугаа өдөр бүр сонсоорой. 

Тэмдэглэл хөтлөх 

Өөртөө цаг зав гаргах бас нэгэн боломж бол тэмдэглэл хөтлөх. Өглөө эрт эсвэл орой унтахынхаа өмнө өнөөдөр болж өрнөсөн үйл явдлаа дүгнэх, өөрт төрж буй сэтгэгдлээ тэмдэглэж болох юм. Тэмдэглэл хөтлөх нь цэгцтэй бодож тунгаах, өсөж хөгжиж буйгаа анзаарах, түүнээсээ урам зориг авахад ач тустай. 

Арванхоёрдугаар сарын аялалд тань амжилт хүсье. 

#Мэдэхэд илүүдэхгүй