All I need is law not love: Өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдэхтэй холбоотой хуулийн зохицуулалт


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-03-14

Өнгөрсөн онд 18-аас доош насны хүүхэд гэмт хэрэгт холбогдсон 5898 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 2021 онтой харьцуулбал 3000 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. 

18 нас хүрээгүй иргэн гэмт хэрэг үйлдвэл хуулийн хариуцлага хүлээдэггүй, эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээдэг, гэмт хэргийг үйлдэгч хүүхэд хүмүүжил, зан чанар доголдол засах сургалтад хамрагдаад л болчихдог гэх мэт буруу ойлголтууд бидний дунд их байдаг. Тиймээс бид та бүхэнд өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хүргэж байна. 

Нэг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нас:

  • Гэмт хэрэг үйлдэх үедээ 14-18 хүртэлх настай буюу өсвөр насны хүнд Монгол Улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
  • Дараах гэмт хэргүүдийг үйлдэхдээ 14 насанд хүрсэн өсвөр насны хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

10.1 Хүнийг алах, 

11.1 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 

12.1 Хүчиндэх, 

17.1 Хулгайлах, 

17.2 Дээрэмдэх, 

17.8 Эд хөрөнгө устгах, гэмтээх, 

20.7 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах,

20.16 Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, 

26.1 Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, 

26.2 Кибер орчинд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, 

26.3 Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах, 

29.8 Террор үйлдэх

  • Харин 16 насанд хүрсэн өсвөр насны хүн дээр дурдсанаас бусад гэмт хэргийг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Монгол Улсын хуулиар 16 насанд хүрсэн хүнийг хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай гэж үзэн ял оногдуулдаг. Зарим тохиолдолд 14 насанд хүрсэн гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулна. Хэрэв гэмт этгээд 14 насанд хүрээгүй бол ял оногдуулахгүй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын зорилго:

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь дараах зорилготой байна. Үүнд:

  • Түүний нас, биед тохирсон,
  • Эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан,
  • Нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах,
  • Боловсрол эзэмшүүлэх, 
  • Үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, 
  • Гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, 
  • Шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.

Гурав. Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл

1. Нийтэд тустай ажил хийлгэх 

Нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэх, мод тарих, цэцэрлэгжүүлэлт хийх, нийтийн эзэмшлийн объектын арчилгаа цэвэрлэгээ хийх,  хот тохижилтын ажил хийх зэрэг олон янзын ажлууд байдаг.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй байхаар оногдуулах ёстой бөгөөд өдөрт 3 хүртэл цаг, нийтдээ 120-360 цаг хүртэл тогтоодог. Тус ялыг эдлүүлэхдээ нэмж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

2. Зорчих эрхийг хязгаарлах

Энэ ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тодорхой хугацаагаар хүлээлгэхийг хэлнэ. 
Товчхондоо ял эдэлж буй этгээдийн байрлалыг тодорхойлох төхөөрөмж зүүлгэж шүүхээс заасан чиглэлээр зорчиж байгаа эсэхийг хянана гэсэн үг. Хэрэв ял эдэлж байхдаа шүүхийн шийдвэрийг зөрчиж заасан газар нутгаас зөвшөөрөлгүй гарсан, тогтоосон чиглэлийг зөрчсөн тохиолдолд илүү хүнд ялын төрөл болох хорих ялаар сольж болдог.
Хугацааны хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн насанд хүрсэнд хүнд оногдуулах ялыг хоёр дахин багасгаж оноодог. (Жишээлбэл тухай гэмт хэргийг үйлдсэн насанд хүрсэнд 2 жилийн  зорчих эрх хязгаарлах ял оноох байсан бол өсвөр насны хүнд 1 жил оноох гэх мэт)

3. Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.

Шүүхээс хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял эдлүүлэх сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага буюу хүүхдийн хорих ангид ялыг эдлүүлдэг.
Хугацааны хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн насанд хүрсэнд хүнд оногдуулах ялыг хоёр дахин багасгаж оноодог. (Жишээлбэл тухай гэмт хэргийг үйлдсэн насанд хүрсэн хүнд 2 жилийн хорих ял оноох байсан бол өсвөр насны хүнд 1 жил оноох гэх мэт)

 

 

 

 

 

#Мэдэхэд илүүдэхгүй