Дэлхийн Рубик шоон тэмцээнд Монгол улсаа төлөөлж АНХ УДАА амжилттай оролцоод ирсэн, “Монгол Шоочид” клубын тамирчин, 10 настай Ш.Мөнхдэлгэртэй хийсэн ярилцлагыг сонирхоно уу.
YOLO: Сайн уу. Томоохон хоёр ч тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Баяр хүргэе. Тэмцээний талаар сонирхуулж яриач?
- БНХАУ-ын Лоян хотноо өнгөрөгч зургадугаар сарын 11-нд зохиогдсон шоон тэмцээн, Францын Парис хотноо долдугаар сарын 13-16-ны хооронд болсон Дэлхийн аваргын тэмцээнд тус тус оролцоод ирсэн. Уг хоёр тэмцээнийг Дэлхийн шооны холбооноос албан ёсоор зохион байгуулдаг юм.
Лоян хотноо болсон тэмцээнд 2х2, 3х3 хүүхдийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн бол Дэлхийн аваргын тэмцээнд 3х3 шооны төрөлд 8,02 секунтээр улсынхаа рекордыг эвдсэн амжилттай байлаа.
YOLO: Улсынхаа рекордыг эвдсэн байна шүү дээ. Чамд маш их урам болсон байх?
- Тэгэлгүй яахав. Өмнөх рекордыг миний багш Б.Есүхэй 8.57 секунтэд хийж гүйцэтгэснээр эзэмшиж байсан. Ирэх жил БНХАУ-д хэд хэдэн томоохон тэмцээн болохоос гадна Азийн аваргын тэмцээн болно. Тэдгээрт оролцоно гэсэн төлөвлөгөөтэйгөөр одооноос бэлтгэлээ хийж байна.
YOLO: Энэхүү хоёр томоохон тэмцээнээс суралцаад дараагийн удаад анхаарах зүйл юу байсан бэ?
- 2х2 шооны төрөлд бага зэрэг сандраад шоогоо гацаах гээд байсан. Харин 3х3 шооны төрөлд тэгээгүй. Тиймээс дараагийн удаад сандралаа бүрэн дарах хэрэгтэй юм байна гэж бодсон.
YOLO: Чиний бодлоор шоон спортоор хичээллэсний ач тус юу вэ?
- Би 2015 оноос хойш буюу одоо хоёр дахь жилдээ шоогоор хичээллэж байна. Энэ хугацаанд би сууж сурсан. Мөн гарын хурд нэмэгдсэн. Юманд төвлөрч анхаарахдаа илүү сайжирсан. Шоо эвлүүлэхэд нэг ёсондоо томъёо чээжлэх шаардлагатай болдог. Тиймээс ой тогтоолт маань ч сайжирч тэр хэмжээгээрээ хичээлд маань ч эерэгээр нөлөөлсөн.
YOLO: Томъёоны аргачлалаар эвлүүлдэг гэхээр их сонирхол татаж байна.
- Шатлал шатлалаараа ондоо л доо. Нэг шатлал дээр нь 57 томъёо байхад нөгөө талд нь 21 томъёо байх жишээний. Нэг үгээр шооны засагдаагүй хэсгүүдийг байранд оруулахад томъёонуудыг хэрэглэгддэг гэсэн үг. Гэхдээ дээр дурдсан 57 болон 21 нь амархан томъёондоо ордог. Бүр хүндрээд ирвэл 700-800 ч томъёотой хэсэг бий.
YOLO: Чиний яг одоо зүүчихсэн байгаа медаль Дэлхийн аваргаас авсан нь уу?
-Тийм. Энэхүү дэлхийн аваргад 61 улсын 1100 гаруй тамирчид оролцсон. Оролцсон улс болгоны нэг шилдэг тамирчинд олгосон медаль. "Монголын шилдэг тамирчин" гэсэн тодотголтой медаль юм. Тэгэхээр 61 тамирчин ийм медаль хүртсэн гэсэн үг.
YOLO: Шоон спортын хүндэлж явдаг тамирчин чинь хэн бэ?
- Австралийн тамирчин, Дэлхийн аварга Феликс Земдегс. Тэрээр дэлхийн рекордыг 4.73 секунтээр эзэмшдэг юм. Би түүн шиг, түүнээс ч илүү болохыг хүсдэг. Сая болсон дэлхийн аваргын тэмцээн дээр түүнтэй тааралдсан. Хүндэлж явдаг тамирчидтайгаа хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь авсан. Би бүр гарын үсэг зуруулах жижиг дэвтэр хүртэл нээсэн шүү.
YOLO: Өдөрт шоонд хэчнээн цаг зарцуулдаг вэ?
- Хичээлгүй байх үедээ бараг өдөржингөө бэлддэг. Харин хичээлтэй үедээ өдөрт 1-2 цаг бэлддэг. Ер нь хаа явсан газраа, ямар нэгэн зүйл хүлээж байхдаа, машинд зүгээр сууж байхдаа ч шоогоороо тоглодог юм.
Зүүн гар талаас Дэлхийн аварга Феликс Земдегс, Лукас Иттер, Кевин Хейс нарын хамт
Зүүн гар талаас Дэлхийн аварга Феликс Земдегс, Лукас Иттер, Кевин Хейс нарын хамт
YOLO: Өөр спортоор хичээллэе гэсэн бодол байна уу?
- Ойрд шатрын спорт их сонирхол татаад байна. Дараа дараагийн нүүдлээ бодож төлөвлөдгөөрөө шоон спорттой их төстэй л дөө. Би мөн төгөлдөр хуураар хичээллэдэг. Мөн улс дүүргийн математикийн олимпиадуудад оролцож медаль хүртэж байсан.
YOLO: Талархаж явдаг хүн бий юу?
- Анх шоо хэрхэн эвлүүлэхийг заасан н.Оргил, Э.Эрдэнэмандах багшдаа болон намайг энэхүү хэмжээнд хүргэсэн Б.Есүхэй багшдаа баярлаж явдаг. Мөн хамт олондоо ч талархдаг.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье.
- Баярлалаа. Хичээх болно оо.
Шоон спортын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх