Хүмүүс бид өнөө цагт зүйл бүрийн амьтныг гэршүүлэхээр оролдож, гэртээ тэжээдэг болсон нь нууц биш. Аалз, хилэнцэт хорхой, могой зэрэг амьтнаас эхлээд сарьсан багваахайтай хүртэл хамт амьдардаг хүмүүс бий болсоор. Гэвч тэдний ихэнх нь хүнтэй харьцуулахад бага насалдаг учир, эздээсээ түрүүлж нүд аних нь элбэг.
Тэгвэл АНУ-ын Милвауки хотын нэгэн оршин суугч, гэрийн тэжээвэр амьтантайгаа 56 жилийг хамт өнгөрүүлжээ.
Хатагтай Жеанна Смит хүүхэд байхдаа л яст мэлхийд хайртай нэгэн байжээ. Аав ээж нь түүний төрсөн өдрөөр яст мэлхий бэлэглэсэн нь түүнд огтхон ч гэнэтийн бэлэг байгаагүй бөгөөд, ерөөс хүүхэд насаа яст мэлхийнүүдийн дунд өнгөрүүлсэн учир тэр аж. Охиноо яст мэлхийтэйгээ нягт холбоо үүсгэж, амьд амьтныг хайрлаж сурна гэж түүний эцэг эх бодож байсан боловч, ийм урт хугацааны нөхөрлөлийн эхлэлийг бий болгосноо мэдээгүй байжээ.
“Би зүгээр л яст мэлхийнд маш их хайртай” гэж тэрбээр хэлсэн байна. Төрсөн өдрөөрөө хайрт яст мэлхийгээ бэлгэнд авахаас өмнө тэр хүйтний улиралд төөрсөн яст мэлхийнүүдийг гэртээ тэжээж, хавар болохоор зэрлэг байгальд нь буцаан тавьдаг байж. 1962 онд түүний хайртай Жорж (түүний яст мэлхий) ирснээр, тэр хаа ч явсан түүнийг дагуулан явдаг болсон гэнэ. Дэлгүүр орохдоо ч, дугуй унахдаа ч тэр Жоржийг сагсанд хийгээд аваад гардаг байжээ.
Жорж тэр цагаас гэр бүлийн хүндтэй гишүүн болсон байна. Жил бүрийн зул сар, Халлоуины баяраар түүнд гоёмсог хувцас хийн өмсгөдөг, дуртай гүзээлзгэнийг нь өгч баярлуулдаг байв. Удалгүй Жеанна их сургуульд элсэн орж, дотуур байранд амьдрах болсон боловч Жоржийг мөн л аваад явсан байна. Сургуулийн дотуур байрны журамд амьтан тэжээхийг хориглодог ч, тэр яст мэлхийнээсээ огтхон ч хол байж чадахгүй гэдгээ учирлан тайлбарласан аж. Ингээд тэр их сургуулиа төгсөх хүртлээ Жоржтой байж чадсан.
Жеанна ахлах сургуульд байхдаа өөрийн нөхөртэй танилцсан. Түүний хэлж буйгаар, нөхөр нь ч бас анх удаа Жоржийг хараад сэтгэл нь маш их хөдөлж, тэр даруй хайртай амьтнаа болгосон гэнэ.
Өдгөө хатагтай Жеанна Смит 60 нас гарсан. Хамтдаа өнгөрүүлсэн 56 жилийн хугацаанд Жорж гурван удаа гэрээсээ алга болж байсан тухай тэр дурссан байна. 1988 онд нэг удаа Жоржийг алга болоход, мужийн телевизэд хандан хайгуулын ажил зохион байгуулж байжээ.
Ийм төрлийн яст мэлхий байгаль дээрээ 40-50 жил л амьдардаг байна. Харин Жорж Жеаннагийн хамт 56 жил амьдарч буй нь эрдэмтдийн хувьд онцлууштай үйл явдал болж байгаа гэнэ.
Эх сурвалж: thinkinghumanity.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх